Бодалагийн ханан дахь Их хүрээний 1648 оны зургийг үзэх 7 шалтгаан | News.MN

Бодалагийн ханан дахь Их хүрээний 1648 оны зургийг үзэх 7 шалтгаан

Бодалагийн ханан дахь Их хүрээний 1648 оны зургийг үзэх 7 шалтгаан

Бодалагийн ханан дахь Их хүрээний 1648 оны зургийг үзэх 7 шалтгаан

НЭГ: Энэ бол Fresco art буюу Ханын зураг

Лхасын Бодалагийн Цагаан ордныг 1645-1648 онд, Улаан ордныг 1690-1694 онд тус тус барьжээ. Занба бурханч Чойенжамц хэмээх ерөнхий урчийн удирдлага дор монгол, төвд, хятад, непал нийлсэн 6743 хүн барьжээ. Үүн дундаа Улаан ордныг барихад Балбын 170, Монголын 10, Хятадын долоон урчууд оролцжээ. Мэдээж хэрэг гол хөрөнгө оруулалт бол монголчууд байлаа. Бодалагийн Цагаан ордны хамгийн дээд давхарт үе үеийн Далай лам нарын өргөөний хананд энэхүү зургийг зуржээ. Тэнд маш олон зураг байна. Гаадамба ёсны ”Эцэг ном”, ”Хөвгүүн ном”-ын үлгэрээр зурсан зургууд байна. Бясалгал бүтээлд зориулсан маш олон хот мандал байна. Эдгээр зургуудыг зурахдаа эхэлж ханаа шохойдоод дээр нь шууд шороон будгаар өнгө тавьж зурсан байна. Харамсалтай нь тохитой тухтай үзэх боломжгүй, өдөрт 10-20 мянган жуулчин үзүүлдэг байснаа болиод, өдөрт 6000 орчим хүн л оруулах болжээ. Уул өгсүүлж барьсан, мод чулуун хийцтэй энэ ордон нурж магадгүй тул удахгүй хаах юм уу? Виртул маягтай үзүүлэх тухай ч яригдаж эхэлсэн билээ. Манай зураг бол энэхүү Цагаан ордны хамгийн дээд давхарт Далай ламын өргөөний баруун хананд, хамгийн баруун хаалганы дээр байна.

 ХОЁР: Өндөр гэгээний 13 насны баяр болсон нь

1635 онд Түшээт ханы гэрт мэндэлсэн хөвгүүнийг тухай үеийн улс төрийн гадаад болоод дотоод хямралыг шийдэх хувь заяа хүлээж байлаа. Сэцэн хан Шолой убаши төрөөгүй байхад нь төмөр өлгий илгээж, өөрийн “гэгээн” цолоо ч энэхүү бяцхан хүүнд өгч асар их найдлага тавьж байлаа. Харин төвдүүд буюу гэлүгва хэмээх Шар малгайтны ёсныхон Жонан ёсыг хориглоод байсан ч Халх монголчуудын цэргийн хүч, нөлөөнөөс айж, сонголтыг нь хүлээн зөвшөөрөв. Манай Эрдэнэзуу хийдийн ганжир бол Нацагдорж. Энэ нь гармава ёсны бэлгэ тэмдэг. Харин Өндөр гэгээний 13 насыг 1647 оны гал нохой жил Эеэр засагчийн 5-р онд тэмдэглэжээ. Энэ үед 1639 онд байгуулагдсан Их хүрээ нь Ширээт цагаан нуур буюу одоогийн Өвөрхангай аймгийн нутаг Их Монгол уулын өврөөсөө нүүсээр, Эрдэнэзуу хийдээс урагш 25 км-т Харзын голын эрэг дээр буугаад байжээ. Энэхүү баярт хот мандалын хэлбэртэй хотын 4 үүдээр тухайн үеийн Халхын ноёд бүгд 9 цагааны бэлэг барьж, ХААН болгон өргөмжилж, их баяр хийжээ. Энэхүү баяр ёслолоор Гэлүгва ёсыг хүлээн зөвшөөрсөн учир, Лхасын Бодала-ын Цагаан ордны хамгийн дээд давхарт 1648 онд зурагджээ. Төвдүүд зурагдсан он цагийг 1645-1648 хэмээн бичсэн байна. 1648 нь үнэнд илүү дөхөх байх. Энэ жил Цагаан ордонг барьж төгсчээ.

ГУРАВ: Их хүрээ нүүж, Шанхын хүрээ байгуулагдсан нь

1649 онд 15 настай Занабазар Төвд рүү ном сурахаар явжээ. Тэрээр таван жилийн дараа 1954 онд эргэж ирэв. Тэр хүртэл яг энэ зураг дээр байгаа Харзын гол (зарим сурвалжид Сарын гол гэнэ)-д байсаар байжээ. Тэр жил Өндөр гэгээн өөрийн дүү Билбидоржид зарим нэг сүм дуган, шүтээнээ өгч, өөрөө Их хүрээг толгойлон Хэнтийн рүү Сарьдагийн хийдийг барихаар хөдөлжээ. Энэхүү нүүдэлтэй уялдан одоогийн Шанхийн хүрээ үүсчээ. Баруун талд үлдэж хоцорсон гэдгээрээ Баруун хүрээ ч хэмээн нэрлэдэг болжээ. Ямар ч атугай энд Чингис хааны тугийн сүм буюу Чингис хааны тахилга хийдэг сүм үлдсэн бөгөөд 1937 онд устсан билээ. Одоо энэхүү сүлдний суурины чулуу нь Баруун хүрээний урдахи голын дэнжид бий. Ингээд л Өндөр гэгээн ч нүүгээд л, УБ хот ч нүүгээд л явсан юм даа.

ДӨРӨВ: Нүүдэлчдийн хот байгуулалт

”Хүрээ нүүнэ, нүүхгүй гэж хоёр чавганц хэрэлдээд, булаг дээр шанагадалцсан” тухай аман яриа байдаг. Хүрээ нүүх нүүхгүй нь чавганц нарт падгүй хэрэг ч, олон хүн малын хөлөөр бэлчээр талхлагдаж, үүнээсээ улбаалан байн байн нүүх хэрэг гарч байлаа. Их хүрээ бол анхан байгуулагдаад л хот мандалын буюу тойрог хэлбэртэй байжээ. Одоогийн Их тойруу, Багар тойруу гээд байгаа чинь мөн л тэр үеийн дугариг тойрог бүтэцтэй байсныг илтгэсэн гудамжны нэр юм байгаан. Дөрвөн талдаа уултай. Дөрвөн талдаа хаалга үүдтэй. За тэгээд чулуугаар горооны замтай. Гороо гэснээс монгол, төвд, непал хэлэнд бүгд гороо гэнэ. Бүгд л тойрно. Непалын Жарун хашор, Соёмбнат суваргыг өглөөнөөс эхлээд л гороолно. Нүүдэлчдийн хот бол хот мандал хэлбэртэй хот. Хотын төвд ХААН сууна. Эргэн тойрон сүм хийд лам хувраг. Тэр хүрээ рүү тэр бүр орох боломжгүй. Зөвхөн бараадан тойрч гороо хийдэг. Хүрээний газар улай хийх хориотой. Богд уул харагдах газар амьтны амь тасалж болохгүй. Энэ бол хотын тухай итгэл үнэмшил нь байлаа. Хот бол итгэл үнэмшил хүндлэл дээр тогтдог билээ. 1920-иод он хүртэл монголчууд УлаанБаатар хотыг өглөөний 6.00 цагаас үдийн 12.00 цаг болтол 3-9 удаа тойрч гороолдог байсан бөгөөд Богдын Ногоон ордон буюу Богд хааны ордон музейг Шамбалын орон буюу Дүйнхор бурханы хот мандал хэмээн гороо хийдэг байжээ. Хүрээний эргэцийн магтаалд

Хүрээнд чинь багтая аа

Хүмүүн төрлийг ольё оо хэмээн дуулдаг байлаа.

Хүрээний голд 1892 онд шатсан Шар ордон буюу Богдын шар бөсийн орд болоод шар бөсөн хэрэмтэй Батцагаан дуган ч байна. Нийтдээ 23 сүм хийд газар бүрээс нэгдэж, Их хүрээг байгуулжээ. Хүрээ 30 аймагтай нэр нь тэр бүр нийлэхгүй. Гүнрэг хамцан, Сандуй хамцан, Дүйнхор хамцан гэж аймгуудыг нэрлэжээ.

ТАВ: Хувцас хэрэглэл

Зураг дээрх үйл явдал бол Цагаан сар. Тийм учраас ноёд нь булга суусар хүрэм өмсчээ. Тойн лам буюу язгууртан гаралтай лам нар нь номт гурван хувцас, овоодой асаасан байгаа бол барга малгай болоод хар хиазтай дээр өмсөж, орхимж эгэлдэргэлсэн язгууртан гаралтай тойд ч байна. Есөн цагаан тэмээ, морь болоод зарим нь зургаан морь, гурван тэмээ хөтөлсөн байна. Зарим нэгэн тав гэзэгтэй хүмүүс ч үзэгдэнэ. Энэ бол Манжийн захиргаанд ороогүй байсан үе шүү дээ. Манж нар бол 40 түмэн Монголын гурван аймаг нь байсан. Өөрөөр хэлбэл, манж нар ч ирж, бэлэг сэлт өгнө. Энэ бол маш том үйл явдал.

ЗУРГАА: Бодалагийн хананд яагаад зурсан бэ?

Бодалаг барьсан гол хөрөнгө оруулагчид бол монголчууд байсан гэдгийг дээр хэлсэн. Дээрээс нь яг баригдаж байх энэ үед асар их хөрөнгө оруулж байлаа. Хамгийн хүчирхэг цэрэг армитай байлаа. Гэлүгва ёсны анхны шахуу хийд байлаа. Хамгийн гол нь тун удахгүй Өндөр гэгээн ном үзэхээр Төвдөд очсон. Төвдийн Лхасын ханан дээр түүний 13 насны баярыг дүрслэн зурсн байгаа нь улс төрийн хүндлэл бас итгэлцэл байлаа. Маш олон шалтгаанаар энэ зураг зурагджээ.

ДОЛОО: Хэрхэн яаж хадгалагдсан бэ?

371 жил хадгалагджээ. Энэ бол ханан дээр шороон будгаар зурсан. Маш жижиг цонхоор бол ер нарны гэрэл буюу байгалийн гэрэл тусахгүй. Одоо хүртэл бараг хүнтэй чацуу шахуу том том цөгцөнд зул өргөж л энэ ордныг гэрэлтүүлж байна. Хэдийгээр гэрэл байх боловч энэ нь маш бүдэг шар гэрэл. Дээрээс нь Бодала үзэж яваа хүн зураг авах хориотой. Хулгайгаар авсан ч гарахгүй хамгаалалтын системтэй. Энэхүү зургийн тухай хоёр ч удаа урьд нь хэвлэн нийтэлсэн бөгөөд 1645-1648 онд бүтээгдсэн Халхын Жавзандамба хутагтын Гандан хийдийн зураг гэдгийг яг зураг дээр нь анх зурахдаа л улаан шунхаар бичснээс өөр тайлбаргүй. Бас том том голлох гэр дугануудын нэрийг улаан шунхаар анх бичсэнээрээ л байна. Монгол хүн буюу маш сайн мэддэг хүн зуржээ. Хүний нүүр царай танидаг бол их тод бодит зурсан. Айл гэрийнх нь тоогоор хотын хүн амыг ч гаргаж болно. Цаашаа бол судалгаа гүнзгий хийнэ. Хэд хэдэн энэ үеийн харьцуулан судлах зураг бий. Амалсан ёсоороо англи, хятад, монгол тайлбартай судалгааны ном гаргана. Тэр үед нь дэлгэрэнгүй уншаарай. Одоо бол 2010 оны аравдугаар сарын 19 хүртэл СТӨ-ий Уран зургийн галерейд гарч байгаа ”Төвөдийн жаран” үзэсгэлэнг очиж үз. Тэгээд харин зарим нэг хүн шиг ”Нэг ч эмэгтэй хүнгүй зураг юм байна” гэх мэт өөр өөрийн өнцгөө ол. Судлах ном бичих, ярих бүрэн боломжтой.

 

Монголын Үндэсний номын сангийн сэргээн засварлагч Г.НЯМ-ОЧИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмэгтэй 2019-10-14 192.82.66.25

Яагаад нээрэн эмэгтэй хүнгүй бна аа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж