Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байрлах "Эрдэнэ Шарга" караокед өнгөрсөн баасан гаригт /2019.10.11/ гал гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Тодруулбал, гал барилгын үүдний болон дотор танхимын таазны хэсгээс эхлэн гарсан бөгөөд галын улмаас 39 настай эмэгтэй угаартан нас барж, долоон иргэн угаартаж, 14 иргэн түлэгдсэн юм. Тэгвэл угаартсан долоон иргэнийг МИ-171Е онгоцоор өчигдөр /2019.10.13/ Гэмтэл, согог, судлалын үндэсний төвд /ГССҮТ/ авчирсан бол түлэгдэлтийн хүнд зэрэгтэй есөн хүнийг араас нь машинаар авчирчээ. Үлдсэн таван хүн аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй.
ГССҮТ-өөс хүмүүсийн биеийн байдлын талаар лавлахад “Биеийн байдал нь тогтворжихоор мэдээлэл өгнө. Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариуг өглөө.
Гал түймэрт өртөж угаартсан, түлэгдсэн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний МИ-171Е загварын нисдэг тэргээр бямба гаригт 07.17 цагт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум руу нийт 16 хүнтэй баг ниссэн юм. Одоогоор галын нөхцөл шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгаан монтажны гэмтэл байж болзошгүй гэж үзжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ