Турах хүсэлтэй, өөхийг жинхэнэ агнахаар шийдсэн хүмүүсийн хувьд таны хоолны дэглэм бол буу, дасгал бол сум гэж ойлгох хэрэгтэй. Харин өөх шатаагч бол бууны тань дуран болж өгнө. Тэгэхээр сумгүй буутай, эсвэл буугүй сумтай бол та хэзээ ч ангаа хийж чадахгүй бөгөөд таны дуран эд зүйлийг томруулж харахаас өөр үйлдэлгүй болно гэсэн үг шүү дээ… Ямар ч үр дүн өгөхгүй.
Таргалалтын холбооноос гаргасан тодорхойлолтоор өөх шатаагч бол өөхний бодисын солилцоог түргэсгэн дасгалын үе дэх өөхний исэлдэлтийг нэмэгдүүлэх, энерги үүсэлтийг нэмэгдүүлэх, тосны шимэгдэлтийг бууруулах үйлчилгээ бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Гэхдээ зөвхөн дасгал хийх үед л үйлчилгээгээ үзүүлнэ гэдгийг санах хэрэгтэй.
Ихэнх өөх шатаагчдын үндсэн орц нь кафен байдаг бөгөөд өөхний эсийг задлан цусанд оруулж өгдөг. Кафены үйлчилгээг кофены талаарх нийтлэлдээ бичсэн байгаа тул хүсвэл дэлгэрүүлж уншаарай…
Зарим хүмүүс өөх шатаагч хэрэглээд богино хугацаанд маш их жин хаяна гэж боддог, хүлээлт үүсгэдэг. Харамсалтай нь тийм зүйл болохгүй бөгөөд ямар нэг аргаар хурдан хугацаанд их жин хаях нь эсрэгээрээ таны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж эргээд маш хурдан жин нэмэх суурь нь болдог гэдгийг анхаарах хэрэгтэй.
Долоо хоногт 500 гр – 1,5 кг хүртэл жин хаях нь хамгийн эрүүл жин хаялт гэж үздэг. Үүнээс илүү жин хаявал та наад зах нь булчингийн массаа алдаж эхлэх бөгөөд ямар ч галбиргүй болж эхэлдэг гэдгийг санах хэрэгтэй.
Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж
Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/ эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/ болон өөрийн биеэр ирж нарийн зөвөлгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.
Холбоотой мэдээ