"Бидний ирээдүй оюуны хувьд харанхуй байж болохгүй"

Хуучирсан мэдээ: 2019.10.15-нд нийтлэгдсэн

"Бидний ирээдүй оюуны хувьд харанхуй байж болохгүй"

"Бидний ирээдүй оюуны хувьд харанхуй байж болохгүй"

Чадраабалын Ганжавхлан. Түүнийг олон нийт “Лантуун дохио” ТББ, “Jack’s coffee”, “Ид шидийн орон”-ыг үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү сайн мэднэ. Нийгэмд гэрэл түгээж, эерэг хандлага бий болгохыг зорьж яваа “зөв” залуусийн нэг. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр “Self Publishing UB” буюу ном бичих хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй нэгэн “Номын өргөө”-г нээсэн юм. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө өнөөдөр “Self Publishing UB” нээлтээ хийж байгаад баяр хүргэе! Ийм газар нээх болсны зорилго нь юу вэ?

-Баярлалаа. Дэлхийн олон оронд Self Publishing гэх концепци хөгжөөд нэлээн удаж байна. Энэ бол өөрийнхөө зохиол, бүтээлийг гаргахыг хүсэж буй залуу зохиолчдод зориулсан орон зай. Хүн бүр ном бичиж чадахгүй. Гэхдээ авьяас, өгөгдөлтэй нэг хэсэг нь ном бичих хүсэл байвч хаанаас, яаж эхлэхээ мэддэггүй. Мэдсэн ч тэдэнд боломж олгож, урам зориг өгөх тусламж хэрэгтэй байдаг. Энэ үүднээс бид залуустаа бүтээл гаргах, түүнийгээ худалдаж борлуулах, олон нийтэд хүргэх тэр чөлөөт орон зайг нь бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл анхны гараагаа эхлэхэд нь хамтарч, туслах зорилготой. Тун удахгүй бид залуусынхаа дунд нээлттэй боломж зарлана. Сонирхсон хэн бүхэн үүнд оролцох боломжтой. Ингэхдээ өөрсдийн зохиолынхоо төлөвлөгөөг нэг нийтлэл эсвэл гэрэл зурагтай хавсаргаж ирүүлэх юм. Үүнээс бид арван оролцогчийг шалгаруулаад эхний ээлжинд зохиол бүтээлээ туурвих оффисоор хангана. Эндээс дахиад шилдэг гэсэн гурван бүтээлийг сонгож, уншигчийн гар дээр очих хүртэл зөвлөж, туслаад бүр үнэ төлбөргүй хэвлэж өгөөд, нээлтийг нь хийх юм. Манай зохиолч Todko Samson, лектор Г.Мөнгөн болон миний бие ном гаргасан туршлага, амжилт дээрээ үндэслээд араасаа залуу зохиолчид дагуулья гэсэн санаа л даа.

ШАНГРИЛАГААС ШАР ХАД ХҮРТЭЛХ ЗАЙ…

-Нээлтийн үеэр таны гуравдахь бүтээл “8 км 400 м” ном дахин хэвлэлтээс гарч, уншигчдад хүрч байна. Номын нэрийг тайлбарлавал?

-Энэ бол Шангрилагийн үүднээс Шар хадны жалга хүртэлх зай. Энэ хооронд JPS апликейшн хэрэглээд хэмжээд явахад 8 км 400 м байсан гэсэн үг л дээ. Бид хөгжил, дэвшил гээд айхтар том сэдэв яриад байгаа хэрнээ ердөө арваадхан км газар учраа олж чадахгүй байгаа хүмүүс.

Шангрила болон Шархадны айл хоорондоо соёл, амьдралын хэв маяг, орчин нөхцөлийн хувьд асар ялгаатай байна. Нэг ёсондоо Нийслэл хотод хоёр өөр ертөнц зэргэлдээ оршиж байгаа юм.

Үүнийг би баримтат сурвалжилга, гэрэл зургаар илэрхийлж номдоо тусгасан. Гурван жил гудамжаар зураг авч явсан байдаг. Гэрэл зураг гэдэг бол хэн ч үгүйсгэж чадахгүй баримт. Мянган үгээр хэлээд ойлгохгүй зүйлийг заримдаа нэг сайн гэрэл зураг мэдрүүлж чаддаг. Өмнө нь би нийгмийн асуудлын талаар зөндөө бичиж, ярьж байлаа. Гэтэл гэрэл зурагтай хавсаргаад хүргэхэд хүмүүст илүү хүрч байна л даа. Өнөөдөр энэ номны үнэ цэнэ надад төдийлөн чухал биш. Ирээдүйд харин түүх болж үлдэнэ. Хотын захын амьдрал ямар байгаа вэ, хүмүүс хэрхэн амьдарч байна вэ, барааны үнэ ямар байна, яагаад энэ хүн архинд орсон юм бол гэх мэт бүх зүйл тайлбартай, бодитой бас гэрэл зурагтай. Энэ номд хавсаргасан гэрэл зургаар би хотын төвд хоёр удаа үзэсгэлэн гаргасан.

Үзсэн хүмүүс их уйлж байна лээ. Үнэндээ би хамгийн хүнд сэдэвтэй зургийн бараг 70 хувийг гаргаж тавиагүй шүү дээ. Амьдралд байж болох энгийн зургуудыг дэлгэж тавихад л хүмүүс “би энгийн амьдралаас ямар хол тасраа вэ” гээд уйлж байсан.

Тэгэхээр үлдсэн зургаа гаргавал юу болж таарах вэ. Амьдралын ийм ялгаа зааг наймхан км дотор байна шүү дээ.

-Үүнд хэн буруутай юм бэ, яагаад ийм байдал бий болчихов?

-Үүнд би хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байна. Төр засаг, удирдлагууд буруутай гэж хэлж болно л доо. Гэтэл энэ чинь бие биенээ хэрчихсэн аалзны тор шиг суурь асуудал байгаа байхгүй юу.

Ядуурал, боловсрол, ухамсар, архидалт, авилгал, хүчирхийлэл, салалт гээд зөндөө олон асуудал хоорондоо нийлчихсэн. Үүнийг би нийгмийн нэг үзэгдэл гэж хардаг.

Хоёр том систем солигдоход золиосонд хүмүүс гарчээ. Үүнээс болоод урлаг, уран сайхан, мэдлэг, чадвартай олон сайхан хүмүүс амьдралаа алдаж, архинд оржээ. Давхар улсын бодлого сайн явсангүй. Маш их авилга, хээл хахууль, хувийн эрх ашиг хэдхэн хүний талд үүсчээ. Үлдсэн хэсэг нь яаж ч хичээгээд лизингээсээ дээшээ гарч чадахгүй байна. Тэгэхээр энэ бүхэн нэг талдаа нийгмийн үзэгдэлтэй холбоотой. Нөгөө талдаа хувь хүний хичээл, зүтгэл, хариуцлагаас ч мөн шалтгаална. Хүүхдийн хүчирхийлэл бол эцэг, эхтэй 100 хувь холбоотой биз дээ. Хүүхдээ хамгаалж, хараа хяналт сайн тавиагүй байж бурууг нь 76-н гүшүүнээс хайгаад байж болохгүй. Гэхдээ бид дотроос нь өөрчлөх гээд үзэж байна. Тиймдээ ч “Ид шидийн орон” төслөө яг гэр хорооллын дунд хэрэгжүүлээд явж байна.

ХҮҮХДҮҮД КАРДОН ЦААС МЭРЭЭД ХЭВТЭЖ БАЙСАН

-Гурван жилийн хугацаанд гэр хорооллоор явж, бодит амьдралыг дурандаа буулгасан гэлээ. Тэр үеийн мэдрэмжээ эргээд дурсвал, өөрөө төсөөлж ч байгаагүй нүд хальтрам, сэтгэл эмтрэм дүр зураг харагдав уу?

-Үүнийг ярих хэрэг байгаа ч юм уу. Сүүлийн үед хүмүүсийн мэдээлэлд хандаж байгаа хандлага гурав хоногийн настай болж дээ. Үзэж, харснаа гурав хоног сенсаацлаад мартдаг шүүрэн шанага шиг байна. Иргэдийн хүнд, хэцүү амьдралыг давсгүй яривал зөндөө зүйл байна. Гол нь хүмүүс итгэх үгүйг мэдэхгүй юм. Итгээд уншлаа ч хэсэг яриад л мартчихна. Ингэхээр асуудлыг энгийн мэт хүлээж авах, тоохгүй байх, дөжрөх зэрэг хандлагыг бий болгоод байна шүү дээ.

-Үүнтэй санал нийлж байна. Гэхдээ таны гэрэл зургийн үзэсгэлэн үзэж амжаагүй, ном уншаагүй, энгийн амьдралаас тасарчихсан хүмүүст “нөгөө ертөнц”-ийн бодит байдлыг бага ч гэсэн мэдрүүлэх хэрэгтэй биш гэж үү?

-Бид шинэ жил болохоор өвлийн өвгөн, цасан охин болж аваад л хэдэн айлаар орж, хэдэн мянган хүүхдэд бэлэг өгдөг гэдгийг та бүхэн мэдэх байх. Ингээд явж байхад яндангаас нь утаа гарахгүй, өрх нь хаалттай, хаалгаар нь шагайвал харанхуй яг л эзгүй юм шиг айл таарна.

Юу ч гэсэн ороод гарья гээд гэрэл тусгаад харахаар хэдэн жаахан хүүхэд хөнжилийн цаанаас цухуйна. Тэгээд ойртоод харвал тэд кардон цаас мэрээд хэвтэж байдаг. Үнэхээр өрөвдмөөр. Идэх юм гаргаад өгөхөөр цаастайг нь иднэ. Амьдралд ийм зүйл байна.

Одоо миний номд орсон байгаа комиссын барааны өрийн дэвтэр гэж байгаа. Комиссын бараа гэдэг чинь хүний хэрэглээд хаячихсан хувцас шүү дээ. Хүүхэд нь даараад тирко, өмд, гутал зээлээр аваад мөнгийг нь өгч чадахгүй 21 мянгын дэвтэр нь өрийн барьцаанд явж байдаг. Энэ чинь бодит баримт. Гэтэл хамгийн харамсалтай нь хүмүүс үүнийг сонсоод тоохоо больж байна. Одоо хүмүүс харх шиг болчихлоо. Хүн үхлээ тоохгүй, өнөө шөнө угаартаад хэдэн хүн угаартлаа, маргааш нь сонсоод л өнгөрнө, гайхах юмгүй. Дөжирч байна шүү дээ. Үүнд юу нөлөөлсөн бэ гэхээр улс төрийн ашиг хонжоо хайсан нийгмийн асуудлаар золиос хийсэн худал мэдээлэл. Ялангуяа одоо сонгууль ойртохоор нэгнээ харлуулах гэсэн дайралтууд их явна. Хүүхэд алга болчихлоо, хүний наймаа туйлдаа туллаа гээд аймар зургууд шэйрлээд яваад байна. Харахаар олон жилийн өмнө алга болоод олдчихсон хүүхдийн зураг байдаг. Түүнийг дахин гаргаж ирээд л сенсаацлана. Гэтэл хүүхэд үнэхээр алга болох үед хүмүүс тоохоо больж эхлэх вий.

БИД НИЙГМЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

-Нөгөө талдаа дөжрөх асуудлыг уншигчид өөрсдөө сонгодог юм шиг. Хаана болж бүтэхгүй асуудлыг гаргаж ирж сенсаацалж байна түүнийг олж уншиж байна. Ямар ч судалгаа, баримтгүй мэдээнд итгээд сэвээд байна шүү дээ?

-Яг үнэн. Энэ бол соён гэгээрүүлэх үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Аль болох эерэг мэдээллийг бид олон талаас нь тууштай мэдээлэх ёстой. Үүний сайн жишээг би Цагдаагийн байгууллага гэж харж байгаа. Хэрвээ энэ жил ямар нэгэн шилдэг шалгаруулдаг бол ЦЕГ-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олонд бүх шагналыг нь өгөх ёстой. “Unfrined”, “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” гээд олон хөдөлгөөн өрнүүлж байна. Уг нь эд бол тийм сайн явдаг сэдэв биш байхгүй юу. Гэтэл өнцгийг нь жаахан өөрчлөөд, залуусын сонирхол чиглэлд тааруулаад анхаарлыг нь хандуулж байна шүү дээ. Цагдаагийн байгууллагын нэг давуу тал бол бүгд тушаалын дагуу ажлаа шуурхай гүйцэтгэдэг. Үүнийг ч урлаг, соёлын одод нь дэмжээд өгдөг юм байна. Тэгэхээр энэ бол нийгмийн соён гэгээрүүлж болох хамгийн сайн жишээ.Үүн шиг хэвлэл мэдээллийн салбар ч мөн уншигчдаа соён гэгээрүүлэх үүргээ биелүүлээсэй гэж хүсч байна. Ядаж л хүүхэд, хүний амь настай холбоотой сэдвээр хамаагүй сэвээд байж боломгүй л байгаа юм.

-Та өөрөө нийгэмд эерэг хандлага бий болгохын төлөө зүтгэж яваа залуусын нэг. Нийгэм рүү чиглэсэн маш олон ажил хийж, хэрэгжүүлдэг. Гэхдээ хаяа бүхнийг орхимоор санагдах үе байдаг уу, оффис хувцас өмсөөд тухлаг өрөөнд илүү өндөр цалин аваад сэтгэл амар сууж болно шүү дээ?

-Үгүй. Үнэндээ юу гээч, хүн бусдын төлөө өөрийгөө золиослоно гэж байдаггүй юм. Зүгээр л би өөрийгөө аз жаргалтай болгох тэр ажлаа олчихсон гэж боддог. Тийм болохоор надад ялархах асуудал байхгүй.

Зарим нь аз жаргалаа бусдаас хамааралгүй байдлаар бий болгодог байх, харин миний хувьд бусдаас хамааралтай. Нэг ч гэсэн хүнд туслаж байвал миний аз жаргал, амьдралын утга учир тэр.

Биеэ засаад гэрээ зас гэдэг шиг миний биеэ засах ажил маань нийгэмтэй холбоотой байж таарлаа. Тэр утгаар би бусдын төлөө яваад байгаа юм шиг санагддаг байж магадгүй. Үнэндээ би хүүхдийнхээ ирээдүйд амьдрах нийгмийг эерэг, зөв байхад өөрийнхөө хувь нэмрийг оруулаад явж байгаа юм.

-Бусдын төлөө, ард иргэдийн төлөө гэж хамгийн ихээр ярьдаг хүмүүс бол улстөрчид. Юм л бол ард түмнийг өмнөө барьдаг. Тэд хэлсэн үгэндээ хэр хүрдэг бол, та юу гэж бодож байна?

-Хэцүү шүү дээ. Бид хоёр төв барьж байна. Нэг нь 2,5 тэрбумын үнэлгээтэй, хоёр жил ажилчихлаа. Одоо барьж буй нь мөн л хүүхэд рүү чиглэсэн Монголын хамгийн том гэр хорооллын төсөл. Гэтэл энэ хоёр тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн аль нь ч өнөөдөр “Ид шидийн орон” дээр ирж үзээгүй. Та ингээд бодоод үз л дээ. Тэр гишүүний тойрог, ажил, амлалт аваад гарсан хэсэгт олон тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг Монголын ард түмэн хамаг байдгаа бариад хийчихээд байхад тэр хүн ядаж энд юу болоод байна, юу хийгээд байна гээд орж ирж болно доо. Тийм биз дээ? Энэ бол нэг биш хоёр жишээн дээр харагдаж байгаа асуудал. Тэгэхээр би хувьдаа УИХ-ын гишүүд ард түмний төлөө зүрх, сэтгэлээ зориулаад байна гэж бодохгүй байна. Энэ асуудал хүндээ байна уу, системдээ байдаг уу, мэдэхгүй.

БИ УТГА УЧИРТАЙ, САЙХАН АМЬДРАХЫГ ХҮСДЭГ

-Ингэхэд “Ид шидийн орон-2” төслийн ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Бид маш их ачаалалтай ажиллаж байгаа нь үнэн. Барилга, бүтээн байгуулалтын ажил өртөг өндөртэй байна. Түүнийг барих гэж өдөр, шөнөгүй ажиллаж, дотор нь амьдарч байна. Үүнээс гадна мөнгө босгохын тулд олон талд янз бүрийн үйл ажиллагаа явуулж байна. Ажлын явц одоо 70 хувьтай байгаа. Ямар ч байсан өвөл болохоос өмнө байшингаа битүүлчихсэн. Яалт ч үгүй өмнөхөөс гурав дахин том бүтээн байгуулалт. Тэр хэмжээгээр мөнгө ёстой урсаж байна л даа. Нийтдээ 2,7 тэрбумын ажил хийгдэх болов уу гэж тооцож байгаа. Хамгийн анх газар худалдаж авахаас эхлээд энэ хавар нэлээд их ажлыг хийсэн. “Ид шидийн орон-2”-т маань хүүхэд хамгаалал хөгжлийн төв, цэцэрлэг, ногоон байгууламж, гадна талбай, спортын цогцолбор гээд хүүхэд хөгжүүлж, соён гэгээрэх бүх талын нөхцөл байдлыг хангахыг зорьж байна. Мэдээж энэ бүхэнд ард иргэд, аж ахуй нэгж, компаниуд мөнгөн болон материаллаг хэлбэрээр маш их тусладаг. Ийм байдлаар л ажил явж байна даа. Бидний ирээдүй болсон хүүхдүүд одоохондоо жаахан өлсгөлөн, хувцас нь нимгэн байж болох юм. Гэхдээ оюуны хувьд харанхуй, өлсгөлөн байж болохгүй. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд.

Өнөөдөр хотын төвд хүүхэд соён гэгээрүүлэх бүх боломжийг нээчихээд гэр хорооллыг мартчихсан байна. Тэр үүргийн бараг 90 хувийг сүм гүйцэтгээд явж байна. Гэтэл энэ сүмийн хийх ажил гэхээс илүү манай бодлого боловсруулах түвшинд төр засгийн оролцооны ажил байгаа юм.

-Таныг улс төр рүү орох байх гэсэн хардлага байдаг. Үүнд та өөрийн цахим хаягаар хариулт өгч байсан. Ер нь манай нийгэмд ямар нэгэн ажил санаачлаад, хэрэгжүүлээд явахад ямар хүндрэл бэрхшээл учирдаг вэ?

-Хамгийн эхний бэрхшээл бол таны хэлдгээр хардлага. Юм хийх гэхээр хардаад эхэлдэг л дээ. Намайг бол аль 2012 оноос хүний наймааны асуудлаар ярьж эхлэхэд улс төрд орох гэж байна гэж хардаж эхэлсэн. Гэтэл би өнөөг хүртэл ороогүй л байна. 2020 онд ч орох бодол алга. Хийж чадах хэмжээндээ зүтгээд явж буй залуус руугаа "угаадас" цацмааргүй л байгаа юм. Тэгж урам зоригийг нь мохоогоод байвал хэн, юу хийх вэ. Харин бусад нь бол хамтын дэмээр аяндаа болно.

-Энэ төслийн дараа юу хийхээр төлөвлөж байна вэ, цаашдын зорилго?

-Бидний үндсэн ажил бол байшин, барилга барих биш шүү дээ. Бидний зорилго бол байшин доторх үйл ажиллагааг хэвийн, тогтмол явуулж, хүүхдүүдийн ирээдүйг бодитойгоор өөрчлөх. Хүүхдүүд тэнд сурч боловсроод, үр дүнгээ үзээд, амжилтад хүрээд явах юм. Ямар ч байсан бидний зорьж буй чиглэл маш зөв гэдгийг баталж харуулна. Үүний дараа бусад орон нутаг, сум, дүүрэгт улсын төсвөөр хийгээд явах боломжтой гэдгийг төр барьж байгаа хүмүүст ойлгуулахыг хичээнэ. Тэрбум төгрөгөөр аймгийн орох хаалга, үүдний хөшөө босгох бус жинхэнэ бодитой зүйлд зөв зарцуулаад яваасай. Бид өнөөдөр яалт ч үгүй зүгээр хараад сууж тэсэхгүй байгаа учраас иргэний хүнийхээ хувьд түрүүлж хөдлөөд явж байна. Гэхдээ энэ бол шийдэл биш. Ард түмнээс дандаа хандив гуйгаад явах биш, татварын мөнгийг үүнд зориулах талаас нь бодлогын хүрээнд нөлөөлөх хэрэгтэй байгаа юм. Бид цаашдаа үүн дээр илүү төвлөрч ажиллана.

-Өөрийн чинь хэлснээр цацаж буй “угаадсыг” үл хайхраад урагшилж байгаа эцсийн цэг юу вэ?

-Би уг нь утга учиртай, сайхан л амьдармаар байна. Гэтэл өнөөгийн нийгэмд ингэж амьдарч болохгүй байна.  Миний хүүхэд ямар нийгэмд өсөх вэ, Монголын ирэдүй ямар байх юм гээд энэ бүхнийг харсан мөртлөө би юу ч хийхгүй зөвхөн өөрийгөө бодох надад сайхан санагдахгүй. Сайхан сэтгэл гаргаад байгаа юм биш, зүгээр л хараад сууж чадахгүй. Над руу "угаадас" цацсан ч би урагшлана.Нэг их том зүйл хийнэ гэхээс илүү өөрийнхөө чадах бүхнээ л хийгээд явна. Надад харсан зүг чиг байгаа, тийш нь би улам зүтгэнэ.

-Цаг зав гаргаж, ярилцлага өгсөнд баярлалаа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж