-Олимпийн наадмын шагналт V байрын эзэн Цэдэвсүрэнгийн МӨНХЗАЯА Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа-
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстаны Астана хотноо өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорсон юм.
Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа хүрэл медаль авлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг хожиж, шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Словенийн Тина Трстенякд хожигдсон ч торгуулийн барилдаанд Хорватын жүдоч Марияна Мисковичийг хожсон юм. Улмаар манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Израилийн жүдоч Ярден Гербиг вазари үнэлгээр яллаа.
"Лондон-2012" олимпийн их наадамд шагналт V байрт орж байсан Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа дэлхийн аваргын анхны медалиа авлаа. Мөн тэрээр энэхүү дэлхийн аваргын Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.
Одоогоор эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн медальтнууд тодорсон бөгөөд манай улсаас гурван хүрэл медаль, шагналт байранд дөрвөн жүдоч ороод байна. Тодруулбал, Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа, 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль, эрэгтэй жүдочдоос Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Одбаяр нар шагналт V байр, эмэгтэйчүүдээс А.Цолмон VII байрт ороод байна.
Ч.БОЛОР