Б.Цэцэгсайхан: Эрүүл мэндийн салбарт урт хугацааны тууштай үр дүнгээ өгөх бодлого хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Б.Цэцэгсайхан: Эрүүл мэндийн салбарт урт хугацааны тууштай үр дүнгээ өгөх бодлого хэрэгтэй

Б.Цэцэгсайхан: Эрүүл мэндийн салбарт урт хугацааны тууштай үр дүнгээ өгөх бодлого хэрэгтэй

Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай уулзаж ярилцлаа.


-Монгол Улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн талаар эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.  Монголчуудын нас баралтын таван гол шалтгааны хоёрт хорт хавдар бичигдэж байна. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох талын сургалт сурталчилгаа муу байна уу даа гэж эндээс харагдаж байгаа. Таны хувьд Хавдрын үндэсний зөвлөлийг байгуулаад чамгүй удлаа. Үүний учир шалтгаан юу байгааг та нэг тодорхойлж хэлээч?

– Манай улсад хорт хавдрын өвчлөл дэлхийн чиг хандлагатай адил жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талаас оношилгооны чадавхи сайжирсантай, нөгөө талаас халдвар, орчны бохирдол, хоол хүнс гээд олон хүчин зүйлийн нөлөөлөлтэй холбоотой. Ямар төрлийн хавдар зонхилж байгаагаас тухайн улс орны эрүүл мэндийн тогтолцоог үнэлж болдог, өндөр хөгжилтэй орнуудад шалтгаан тодорхой бус, урьдчилан сэргийлэх боломж хязгаарлагдмал хавдрууд зонхилдог бол, эрүүл мэндийн тогтолцоо сул, бага дунд орлоготой орнуудад урьдчилан сэргийлэх боломжтой хавдрууд зонхилдог.  Манайх бол халдварын шалтгаант буюу шалтгаан нь тодорхой, урьдчилан сэргийлэх  боломжтой, тухайлбал элэгний, хододны, умайн хүзүүний хорт хавдрууд зонхилж, энэ хавдруудын өвчлөл, нас баралтаар дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Харамсалтай нь хавдрын илрүүлэг 30 жилийн өмнөхтэйгөө яг адилхан,  70-80% нь хожуу шатандаа оношлогдсон хэвээрээ байна. Энэ бол эрүүл мэндийн салбарын ажил ямар түвшинд хийгдэж байгааг шууд илтгэх нэг үзүүлэлт.  Нөгөө талаас монголчууд маань өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлуулах тал дээр хайнга ханддагтай бас холбоотой.

– Эрүүл мэндийн салбарын өнөөгийн бодлогыг та юу гэж харж байгаа вэ? Бусад улс орнуудын хувьд ямар байгаа вэ?

– Сүүлийн  үед Монголын эрүүл мэндийн салбарын  бодлого гал намжаах төдий, ард түмэнд таалагдахын тулд л явж байна. Төрийн бодлогын уялдаа алдагдсан, төр засаг нь байнга солигддогтой холбоотой гэж бид сүүлийн жилүүдэд хангалттай л ярьж байгаа.  Хэдийгээр манай салбарт хууль эрх зүйн, бодлогын бичиг баримт бичиг харьцангуй хангалттай ч, бодлогууд маань цаасан дээр л үлдэж, хэрэгжилт хангалтгүй байна. Амжилтанд хүрсэн орнуудын эрүүл мэндийн салбарыг авч үзвэл урт хугацааны, тогтвортой бодлоготой, хамгийн гол нь эмнэлэг шүтсэн бус, урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгосон улсууд амжилттай явж байна.  Гэвч эдгээр бодлогын үр дүн шууд маргааш нь гарахгүй, зарим нь хэдэн арван жилийн дараа үр дүн нь гардаг тул улс төрчдөд таалагддаггүй. Түүнээс гадна санхүүжилтийг нэмэгдүүлэхдээ биш, санхүүжилтийг үр ашигтай, хэрэгцээтэй зүйлдээ зарцуулах, бага зардлаар олон хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зарцуулах нь чухал. Эрхтэн шилжүүлэх, том эмнэлгүүд барих, фитнесс, шүдний эмчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх гээд эдийн засгийн хувьд үр ашиг багатай, цөөн хүн үр дүнг нь хүртэх хөтөлбөрүүдэд зарцуулах нь төдийлөн ач холбогдолгүй юм.

Ажил, мэргэжлийнхээ онцлогоор сүүлийн 3 жилд 30 гаруй оронд хурал цуглаан, уулзалтуудад оролцож, гадаадын байгууллагуудын төлөөлөлтэй ярилцаж байхад Монголоос болгоомжилсон байдалтай болчихсон нь ажиглагдсан. Өмнө нь манай эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлдэг хөтөлбөрүүд маш амжилттай хэрэгждэг, үр дүн ч сайтай байсан.  Гэтэл өнөөдөр салбарын олон хөтөлбөрүүдийн хэрэгжилт тун хангалтгүй байгаа.  Тиймээс олон улсын байгууллагуудын зүгээс Монголыг гэх итгэл буурсан. Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд хэцүү, засаг төр нь байнга солигддог, бодлого нь тогтвортой биш гээд манайхыг тойрох шинжтэй болсон байна лээ.

Бага насны хүүхдүүд хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Яг юунаас болоод  хүүхдүүд  хорт хавдраар өвчлөх болов? Эмчлүүлэхийн тулд олон нийтийн сүлжээгээр  хандив гуйх хүмүүс сүүлийн үед ихэссэн. Үүнийг яаж өөрчлөх ёстой юм бэ?

-Хүүхдийн хавдрын хувьд том хүнийхээс ялгаатай нь шалтгаан тодорхой бус, зарим нэг тохиолдолд удамшил, химийн бодисын нөлөөлтэй холбоотой байдаг. Одоо өндөр хөгжилтэй орнуудад хүүхдийн хавдрын 90 хувийг эмчилдэг болсон.  Манай байгууллагад “Хүүхэд маань  хавдраар өвдчихлөө, гадаад явж эмчлэх гэсэн юм, хандив өгөөч” гэсэн хүсэлт маш их ирдэг. Бид хүн болгонд мөнгө, төгрөг олж өгөх үнэндээ боломжгүй л байдаг л даа. Тийм болохоор илүү тогтолцоонд нөлөөлөх буюу эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, оношилгоо, эрт илрүүлэг, бүртгэлийг сайжруулах тал дээр дэмжлэг үзүүлэхээр олон улсын том байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Монголдоо эмчилж чадахгүй байгаа зарим тохиолдлуудыг бүс нутгийн хэмжээнд хэрхэн шийдвэрлэх тал дээр гадаадын эмнэлгүүдтэй холбогдох асуудлуудыг судалж байгаа. Бидний ойрын зорилго бол монгол хүүхдүүд хүн болгоноос хандив гуйж явахгүйгээр, эх орондоо эмчлүүлдэг, харин шаардлагатай бол санхүүгийн эрсдэлд оролгүй гадаадад эмчлүүлдэг нөхцөлийг хангах юм.

-Ингэхэд хэдэн жилийн өмнө Монгол Улс эмэгтэйчүүдийг умайн хүзүүний  хорт хавдраас сэргийлэх вакцин оруулж ирсэн. Нэлээд ч хэл ам дагуулсан, одоо тэгээд энэ асуудал юу болсон бэ?

-Манай эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хорт хавдар 2-р байрыг эзэлж байдаг. Үүний гол шалтгаан нь хүний папилома вирүсийн халдвар. Умайн хүзүүний хавдраас сэргийлэхэд вакцин болон эрт илрүүлэг гэсэн 2 аргыг хамтад нь авч хэрэгжүүлж байж амжилтанд хүрнэ. Манай улс 2012 онд энэ вакциныг хийсэн боловч тухайн үед хэсэг бүлэг хүмүүс улс төржүүлж, үргүй болгодог гэсэн буруу мэдээлэл нийгэмд түгээснээс болж энэ асуудал зогссон.  Үүнээс болоод олон нийт буруу ойлголттой үлдсэн. Буруу ойлголтыг засахад үнэхээр хэцүү юм билээ.

-Энэ вакциныг зогсоосноор ямар сөрөг үр дагавар гарсан бэ. Хоёр аймаг, хоёр дүүргийг вакцинд хамруулсан гэлээ. Үнэхээр үргүй болгодог эсэхийг нь судалж үзсэн үү?

-Мэдээж, энэ хөтөлбөрийг зогсоосноор гарч буй сөрөг үр дагавар дэндүү их. Жилд 400 орчим  эмэгтэй умайн хүзүүний хавдраар оношлогддог гээд бодоход 2012 оноос хойш 7 жилийн хугацаанд бид 3000 гаруй ээжийг аврах боломжийг алдсан байна.  Дэлхий нийт уг  вакциныг хичнээн сая хүнд хийгээд, олон сая эмэгтэйн амь насыг ирээдүйд учирч болох эрсдэлээс аварч байна.  Австрали улс умайн  хүзүүний хорт хавдрыг ялсан анхны орон болно гэдгээ зарласан.  Улс орнууд ийм эрчтэй сайн явж байхад манайх бахь  байдгаараа л байна. Бүгд болгоомжилсон, нэр хүндээ бодсон. Хэн ч зориглож хийхгүй, бүгд юунаас ч юм айгаад л байдаг. Гэтэл умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдийн маань дунд хоёрдугаарт бичигдсэн хэвээр.  Энэ эрчээрээ явбал цаашид  энэ хавдраар өвчлөгчдийн тоо улам нэмэгдэн хамгийн өндөр тархалттай хавдар болно.

Бид вакцинд хамрагдсан эмэгтэйчүүдийг дагаж судлахад вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдэд хүний папиллома вирүсийн тархалт 10 дахин буурсан, жирэмслэлт, төрөлтөнд нөлөөлөөгүй байсан. Вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдтэй адил насандаа жирэмслээд, төрсөн байсан.

Нэг хөтөлбөр зогсохоор дараа дараагийн олон улсын хөтөлбөрүүд хэрэгжихэд багагүй саад болдог байх, тийм үү?

-Ичмээр л юм даа, Монгол бол  энэ вакциныг амжилтгүй  хэрэгжүүлсэн орон гэж нэрлэгддэг. Тиймд энэ вакцин яагаад амжилтгүй болсон, юун дээр улс орнууд анхаарах шаардлагатай вэ талаар би олон оронд уригдаж амжилтгүй туршлагыг хуваалцдаг болсон доо. Шинэ вакцин нэвтрүүлэхээс өмнө хүн амд, эмч нартаа мэдээлэл сайн өгөхгүй бол ямар аюултай байж болох,  вакциныг эсэргүүцдэг цөөн хэдхэн хүний буруу зөрүү мэдээлэл улс оронд ямар их сөрөг үр дагавар учруулж болохыг анхааруулдаг юм.

-Та нээрээ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөж байсан. Тэр юу болсон бэ? Та өөрийгөө танилцуулна уу?

– 2018 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулсан. Би хоёрт орж Төрийн удирдах албан тушаалтны нөөцөд орсон. Нэгд орсон хүн маань, Төрийн нарийн бичгийн дарга болоод саяхан ажлаа өгсөн. Хууль дүрэмтэй улс бол нөөцөд байгаа мэргэжилтнээ тавих ёстой гэж бодож байгаа.  Миний хувьд  ОХУ-д хүний их эмч, анагаах ухааны докторын зэрэг, Австрали улсад эрүүл мэндийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Ажлын гараагаа Говь Алтай аймгийн Алтай сумын эмчээс эхлүүлсэн, мэргэжлийн хяналтын байгууллага, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх зэрэг төрийн, олон улсын, төрийн бус байгууллагуудад олон жил ажилласан.  Сурсан мэдсэнээ хүн ардынхаа эрүүл мэндэд зориулъя гэж бодсон учраас Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад орсон. Эрүүл мэндийн салбарт маань тулгамдсан, өөрчлөх, шийдвэрлэх шаардлагатай олон асуудлууд хуримтлагдсан байна. Одоо хэн нэгнийг шүүмжилж хүлээж суух биш, өнөөдрийг аргацаасан, ард түмэнд таалагдах гэсэн бодлого биш, асуудлаа шийдээд явдаг болмоор байна. Ирээдүйд үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө, эрүүл мэндийн салбарынхаа төлөө ажиллахад бэлэн байна. Одоо төр засгийн шийдвэрийг хараад л сууж байна. Надад бол улс төрийн фракц байхгүй, хандивт өгөх мөнгө төгрөг байхгүй, хууль ёс,  төрдөө итгэх итгэл л байна.

-Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаад хавдрын эсрэг яг ямар ажил хийв. Юу хийхээр төлөвлөж байна?

-Хавдраас урьдчилсан сэргийлэх чиглэлээр  мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх, хүн амд таниулах, нөгөө талаар хавдраар өвчилсөн хүмүүс туслах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр 5 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зөвлөлийнхөө дэргэд “Дарь эхийн өргөө”-г хөдөө  орон нутгаас хотод ирсэн хавдартай өвчтөнүүд, ар гэрийнхэнд  туслах зорилтойгоор байгуулсан. Бүтэн жилийн хугацаанд хандив босгож, олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэ төвөө байгуулсан.

-Яагаад “Дарь эхийн өргөө” гэж нэрлэсэн юм. Танайх хөнгөвчлөх эмчилгээ хийдэг гэсэн үг үү?

– Энэ нэрийг эмээгийнхээ дурсгалд зориулж өгсөн юм. Миний эмээ Дарь эмч гээд хавдрын анхны эмэгтэй эмч байсан.  Ер нь хавдраар өвчилсөн хүмүүст олон бэрхшээл тулгардаг. Үүний нэг нь хотод эмчлүүлэхээр ирлээ гэхэд амьдрах тав тухтай байр, орон сууц хэрэгтэй болно. Улаанбаатарт хамаатан садан байхгүй өвчтөн байна, хамаатан садантай ч айлд хүндрэл учруулах хүсэлгүй хүмүүс байна. Зарим хүмүүс хавдрыг халдвартай гэж үздэг учраас өвчтөнийг гэртээ байлгах дургүй байдал ч тааралддаг. Энэ асуудлыг шийдэхэд тодорхой тус,  дэм болох зорилгоор энэ өргөөг байгуулсан даа. Одоо манайд 30 гаруй хүн байрлаж байна. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ бол хийгддэггүй.

-Эрүүл мэндийн салбар өөрөө их онцлогтой. Эрүүл мэндийн салбарын ирээдүйг хэрхэн харж байна. Таны бодлыг сонсъё?

-Дэлхий нийт инновацид  суурилж эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж байна.  Шинэ техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед анагаах ухаанд гарсан шинэ ололт амжилт болгоныг хүн арддаа хүргэж, хамгийн гол нь хүнээ хөгжүүлэхэд л анхаарах шаардлагатай гэж  бодож байна. Нотолгоонд суурилсан бодлого буюу  энэ бодлогын үр дүн хэдэн жилийн дараа хэрхэн хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх вэ гэдгийг, хүн амын дунд нүүрлэж буй эрсдлийг бууруулах чиглэлийн бодлогод илүү анхаарч хөгжүүлэх, хүн төвтэй бодлогыг бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой гэж боддог.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж