Утаатай ярьж, завшиж л тэмцэж ирсний гор гарч байна

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Утаатай ярьж, завшиж л тэмцэж ирсний гор гарч байна

Утаатай ярьж, завшиж л тэмцэж ирсний гор гарч байна

Утаа гамшгийн хэмжээнд очлоо гэдгийг яриагүй улстөрч өнөөдөр Монголд байхгүй ч утаа арилах битгий хэл буураагүй нь үнэн. Харин утаатай хийх тэмцэлд зарцуулах хөрөнгө эсрэгээрээ нэмэгдэж ирсэн. Гэхдээ утааны эсрэг авсан арга хэмжээ дорвитой өөрчлөлтийг авчраагүй. Нэг хэсэг зуух тараасан ч амжилт олоогүй. Яндангийн тоог цөөлөхийн тулд гэр хорооллыг орон сууцжуулах зорилго тавьж чамгүй олон тооны орон сууц баригдаж, бага хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн.

Бодит үнээсээ 2-3 дахин илүү үнээр иргэдэд хүрч байгаа орон сууцны үнийг дийлж  авах чадвартай өрхийн тоо ханасан.

Нүүрс түлж амьдрахаас өөр сонголтгүй 200 гаруй мянган өрх нийслэлд бий гэсэн тоо бий. Гэвч энэ тоо бол өрхийн тоо болохоос нэг хашаанд байгаа яндангийн тоо биш. Нийслэлд амьдарч байгаа бага насны хүүхдүүд өвлийн улиралд амьсгалын замын өвчлөлөөс салахаа больсон, ид утааны цагаар жирэмсэлсэн эхийн ураг хорт утаанд хордож байгааг эмч нар хэлж, утааны улиралд жирэмслэхгүй байхыг зөвлөх хүртлээ аргаа барсан үед түүхий нүүрс түрэхийг хориглож, агаарт хаях хорт утаа багатай сайжруулсан түлшээр хангах шийдвэр зөв байсан. Гэсэн ч энэ шийдвэрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил дутуу хийгдсэн, мэдээлэл сурталчилгааны ажил зохих түвшинд хийгдээгүй, асуудалд шинжлэх ухаанчаар хандаагүйн гор гарлаа.

Угаарын хийнд таван алтан амь хордож хорвоог орхисонд харамсаад баршгүй. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар бүх бүрэлдэхүүнээ дайчлан онцгой нөхцөлд ажиллалаа. Хордлогын дуудлага ирсээр байгаа ч дахин хүний амь эрсэдсэн гашуун мэдээ дуулдсангүй. Өнгө, үнэргүй учраас анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулсны дагуу урьдчилан сэргийлж дуудлага өгөх явдал их байгааг албаны хүмүүс хэлж байна.

Нүдэн баримжаагаар утаа бага байна гэсэн сэтгэгдэл олон хүн сошиал сүлжээнд илэрхийлсэн нь сүүлийн хэдэн жил сонсогдоогүй сайн мэдээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэдээгээр энэ аравдугаар сарын эхний 10 хоногийн агаарын чанарын үзүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэвийн байгаа ажээ. Гэвч гадаах агаар тэгтлээ хүйтрээгүй байгааг бодолцох учиртай. Билгийн тооллоор намрын дунд сар л талдаа орж байгаа юм.

Харин шахмал түлшний дуулианыг тойрсон улс төрийн акц нь илүү сүртэй байлаа. Улстөрчид нь ч, хэвлэл мэдээллийнхэн ч өөр өөрсдийн оноо авах улс төрөө хийлээ.

УИХ дахь намын бүлгүүд, Ерөнхийлөгч бүгд л буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой гэсэн ч гадаад орон руу явуулсан шинжилгээний хариу иртэл хэнд хариуцлага тохох нь тодорхойгүй ажээ. Тэр хариу нь ирлээ ч хариуцлага тооцно гэдэгт итгэх хүн цөөн бололтой.

2018 оны эхээр агаарын бохирдол гамшгийн байдалд хүрснийг зарлаад, Цагаан сарын өмнө утааг бууруулж чадахгүй бол УИХ-ыг тараана гэж мэдэгдэж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл дагуулж улс төрийн байр сууриа мөн илэрхийлээд авлаа. MCS угшилтай бүхэнд “аллергитэй” Ерөнхийлөгчийн эмгэнэл бөөсний онигоо шиг байсныг бүгд анзаарсан.

Утаагүй Улаанбаатартай болох хоёр л арга бий. Нүүрс түлдэг өрхүүдийг орон сууцанд оруулах, эсвэл эрчим хүчний эх үүсвэрээ солих. Хананаасаа халуун ус авдаг халаалттай байшинд орохыг нүүрс түлдэг бүх хүн хүсч байгааг үнэгүй орон сууцанд оруулна гэж амласан МАХН-ын байрны гадаа дугаарласан иргэд харуулсан. Утаатай тэмцэхэд сүүлийн 10 жилд зарцуулсан 150 орчим тэрбум төгрөг, бас улстөрчдийн төсвөөс луйвардсан мөнгөөр түрээсийн орон сууц бариад нүүрс түлж байгаа иргэдийнхээ талыг ч болов оруулчихсан байсан бол утаа буурах л байсан.

Харамсалтай нь утаатай шийдэж биш ярьж, зориулсан хөрөнгийг нь зөв зарцуулах биш завшиж шийдэж ирсэн учраас л үр дүнгүй байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж