"Бид Монголдоо амьдрахаар ирсэн"

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

"Бид Монголдоо амьдрахаар ирсэн"

Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт өөрсдийгөө таниулж чадсан влогчин хос бол Түвшөө Дөлгөөн хоёр. Тэд нийгэмд эерэг энергийг түгээгч “Positive Mongolians” төслөөрөө дамжуулан онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” ярилцлагаа хүргэдэг билээ. Швед улсын Стокгольм хотод амьдардаг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар энэ удаа эх орондоо амьдрахаар гэр бүлээрээ ирээд байгаа гэнэ. Үргэлж шинийг эрэлхийлэгч, үлгэр жишээ залуу хос халуун ам бүлээрээ ярилцлага өгөхөөр хүрэлцэн ирсэн юм. Ингээд тэдний ярилцлагыг хүргэе.


Энэ өдрийн мэнд хүргэе. Монголдоо хэзээ ирэв. Амрахаар ирэв үү?

Д.Т: Бид Шведээс гэр бүлээрээ нүүгээд, эх орондоо бүрмөсөн ирсэн. Одоо Монголдоо ирээд бараг нэг сар болох гэж байна.

-Уламжлалт асуулт асууна. Эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Э.Д: Эх орондоо тухтай ирсэн учраас сэтгэгдэл их сайхан байна. Монголдоо 25 нас хүртлээ амьдарсан болохоор бүх зүйл сэтгэлд дотно санагдаж, хурдан учраа олоод явчих шинжтэй байна. /инээв/

Д.Т: Хүмүүс яг энэ асуултыг маш их асууж байгаа. Ялангуяа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд маань энэ асуултыг маш их сонирхож байна. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр эх орондоо нүүж ирэх хүсэлтэй маш олон хүн гадаадад байна. Тэр монголчууд маань бид хоёрыг яаж хөлөө олох нь вэ гээд влогоос мэдээлэл авч, харж байгаа нь ажиглагдсан л даа. Тэгэхээр бид хоёр нэг талаараа хариуцлагатай байх ёстой юм шиг. Яагаад монголчууд маань эх орондоо зориглон ирж чадахгүй байна вэ, юу ийм байдалд хүргэв гэхээр хар бараан мэдээлэл. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд вэб сайт, сошиал орчноос мэдээлэл их авна. Гэтэл Монголын талаар дандаа хар бараан мэдээлэл нийтлэгдээд байхаар эргээд эх орондоо ирэхэд итгэл үнэмшил муу, айдастай болчихсон байдаг.

Тиймээс бид хоёр өөрсдийн влогоороо дамжуулан Монголд амьдарч болох юм байна, жаахан л утаа, түгжрэл байгаа болохоос биш хүн өөрөө л арчаатай, зорилготой амьдарч чадвал болно гэдгийг харуулахыг зорих болно.

Э.Д: Бас зарим хүмүүс “Мөнгөтэй л бол Монголд амьдарч болно. Цалингаа арай гэж хүргээд амьдарч буй хүмүүс эх орондоо амьдрахад хэцүү” гэж ярьдаг.  Гэтэл бид хоёр эх орондоо ирээд өнөөдөр ч гэсэн хийх ажил байхгүй, 20 орчим хоног машин тэрэггүй байж үзлээ. Хөдөө амьдрахаар заавал мөнгөтэй байж амьдрах шаардлагагүй шүү дээ. Хэрвээ нялх хүүхэдтэй хотод амьдрах хэцүү санагдаж байвал хотоос зайдуу амьдарч болох юм шиг санагдаад байгаа. Хамгийн гол нь хүмүүс ажил, сургуульдаа ойр гэдэг үүднээс хотод амьдрахыг илүүд үзээд байх шиг байгаа юм. Бид хоёр Шведэд амьдрахдаа хотын төвөөс зайтай газар амьдраад сурчихсан учраас юмаа зохицуулаад, амьдарч болдог байсан. Жишээлбэл, хоол хүнсээ авахдаа бөөнөөр нь авчихна. Ойр ойрхон дэлгүүр явах шаардлагагүй бүх зүйлээ зохицуулаад сурчихсан болохоор тэрүүгээрээ Монголд ч гэсэн амьдарч болох юм санагдаад байгаа.

Д.Т: Товчхондоо хэлэхэд эх орондоо амьдрах илүү амар, сайхан байна. Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлээс яагаад айгаад байгаа юм бэ. Энэ чинь Монгол орон даяар биш шүү дээ. Утаа гэхэд хотын зүүн дөрвөн замаас жаахан цаашлахад байхгүй болчихож байна.

МОНГОЛД ИРЭЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД ГУДАС ХУДАЛДАЖ АВСАН

-Та хоёр Шведэд хэдэн жил амьдрав. Эх орондоо амьдрах шийдвэрийг хэрхэн гаргасан тухайгаа яриач?

Д.Т: Бид хоёр Швед улсад сүүлийн зургаан жил амьдарлаа. Зарим нэг хүмүүсийг бодоход урт хугацаа биш боловч амьдралынхаа тодорхой цаг хугацааг өнгөрүүлжээ. Бид тэндээс маш их зүйлийг ойлгож, сурч авсан. Бас гэр бүлд маань шинэ хүн мэндэлж, хөөрхөн охинтой болсон. Энэ бол бидний эх орон руугаа ирэх том шалтаг, шалтгаан болсон. Учир нь тэнд 18, 20 нас хүрч буй хүүхдүүдийг хараад, хүнд эх хэл гэдэг ямар чухал юм бэ гэдгийг мэдээд хүүхдээ эх хэлээр нь хэлд оруулах нь зөв юм байна гэж бодсон. Мөн Мөнхүүш хүү маань шилжилтийн нас нь ирж байгаа учраас ээж нь хамт байх ёстой. Энэ бүхэн маань биднийг эх орондоо ирэх шалтгаан болсон.

Э.Д: Манай хадам ээжийн маань бие нь сайжирч, ажил төрөлдөө ороод биеэ даасан. Тийм учраас бид хоёр санаа зоволтгүй болж, дараагийн асуудал болох хүүхдүүддээ анхаарахаар шийдсэн. Том хүү маань Монголд байгаа учраас дэргэд нь байж, бага охиноо ч гэсэн монгол хэлээр ярьж сураг гээд ирсэн дээ.

-Гэр бүлд нь шинэ хүн мэндэлж, охинтой болсон. Бүл нэмнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмж шүү дээ. Та хэд маань замдаа хэр ядрав?

Д.Т: Мэдээж, шинэ хүн мэндэлсэнээр гэр бүлд маань дахин нэг шинэ зорилго, түүхийг бүтээхэд гол хувь нэмрээ оруулах болно. Сая наашаа ирэхэд охин минь тун дажгүй яваад ирлээ. Үүгээр дамжуулан хэлэхэд бага насны хүүхэдтэйгээ урт цагийн нислэгт явах гэж байгаа бол яг онгоц нисэх, буух үед хүүхдээ хөхүүлж байгаарай. Эсвэл сүүн тэжээл иддэг бол тэрийг нь идүүлж байгаарай. Тэгэхгүй бол чихнийх нь хэнгэрэгт нөлөөлдөг юм билээ. Бид хүртэл онгоц хөөрөх гэж байхад чих сонин болоод амаа өөрийн эрхгүй ангайдаг  шүү дээ. Хүүхэд тэр үед хөхөө буюу угжаа хөхөж байвал зүгээр юм билээ. Тэрийг ойлгож, мэдэж авлаа.

Э.Д: Замдаа гайгүй яваад ирсэн. Тухайн үедээ их ядарсан гэж бодож байсан ч эргээд бодоход дажгүй яваад ирсэн байна лээ. /инээв/

-Эх орондоо ирээд хамгийн түрүүнд гудас авсан гэсэн. Ямар учиртай юм бэ?

Э.Д: Монголдоо ирээд, хамгийн түрүүнд унтаж, амрахаа боддог юм билээ. Тэгээд онгоцноос буухаасаа өмнө “Очоод сайн унтаж авъя” гээд ярьж байсан юм. Бид нийт 15-16 цаг явсан. Яг нислэг нь 11 цаг, завсарт нь Туркт хүлээсэн гээд 15, 16 цаг явахад ганцхан цаг унтсан байхгүй юу. Тэгээд л хамгийн түрүүнд унтаж, амрах гудас санаанд орсон. Шууд ор худалдаж авалтай биш. Манай байр хараахан ашиглалтад ороогүй байгаа учраас айлд очихдоо амрах гудас авсан юм. Тэрийгээ л байнга яриад байсан хэрэг л дээ.

ТҮВШӨӨ ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАНА           

-Та хоёр маань Монголдоо ирээд юу хийхээр төлөвлөж байна вэ?

Д.Т: Бид хоёроос хамгийн их асууж буй дараагийн асуулт бол энэ. Одоо хаана ажилд орох вэ, юу хийх вэ гэж хүмүүс их асууж байгаа. Бид хоёр мэдээж влогоо үргэлжлүүлэн хөтөлнө. Монгол залуусынхаа оюунд хөрөнгө оруулах зорилготойгоор анх “Positivemongolia” төслийг эхлүүлсэн. Энэ төсөл маань өмнө нь онлайн орчинд байсан бол одоо эх орондоо ирсэн юм чинь гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр юм хийхээр зориод байна. Мөн би мэргэжлээрээ ажиллана. Би чинь театр, киноны найруулагч мэргэжилтэй. Одоо Монголынхоо кино урлагт өөрийнхөө хувь нэмрийг жинтэйхэн оруулах гээд байж байна даа. /инээв/

-Харин Дөлгөөн?

Э.Д: Би одоохондоо гэртээ хүүхдээ харна. /инээв/

Д.Т: Гэхдээ Дөлгөөн маань хүүхдээ хараад байнга гэртээ байгаад байхгүй. Манай влогийн нэг тал нь шүү дээ. Тэр хэрээрээ маш том үүрэг хариуцлагатай хүн. Тиймээс влогийн чамгүй их ажлыг цааш нь хөдөлгөнө.

Э.Д: Бид хоёр чинь “Хосын жор”, “Big bib family” подкаст, влогуудаа аль болох таслахгүй хийх ёстой. Тийм учраас энэ ажлыг хариуцаад л явна.

-Монголынхоо кино урлагт өөрийнхөө хувь нэмрийг оруулна гэснээс их сургуулиа төгсөөд цөөнгүй кино, дууны клипэнд тоглосон байдаг. Анхны гол дүрд тоглосон уран сайхны кино ямар кино вэ?

Д.Т: Анх “Удам” гэдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонд дуучин С.Сэрчмаатай хамтран эхнэр, нөхрийн дүрд тоглосон байдаг юм. Тэр үед одоогоос 18 жилийн өмнө буюу 2001 онд би дөнгөж нэгдүгээр курсийн оюутан байсан. Тухайн үедээ далайцтай, түүхэн сэдэвтэй кинонд маань алтан үеийн мундаг жүжигчид тоглосон байдаг. Харин анхны кино гэвэл тавдугаар ангийн сурагч байхдаа “Соривт” гээд уран сайхны кинонд туслах дүрд тоглож байсан юм. Ер нь их сургуулиа төгсөөд киноноос илүүтэйгээр дууны клипэнд нэлээд тоглосон. Жүжигчин мэргэжлээрээ цааш нь суралцаж, мэргэжлээ дээшлүүлэх бодолтой явж байгаад 2005 онд их сургуулиа төгссөн. Тэгээд мэргэжлээрээ хоёр жил ажиллаж байгаад БНСУ-д театр, киноны найруулагч мэргэжлээр магистр хамгаалсан юм.

 

 ХОСЫН ХАРИЛЦААНЫ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА БОЛ ЯРИЛЦАХ

-Өөрсдийн влогоороо дамжуулан залуу хосууддаа “Хосын жор”-ыг хүргэдэг. Энэ удаа та хоёрын хосын жорыг асуух гэсэн юм?

Э.Д: Манай влогийн “Хосын жор” контент гарснаас хойш хүмүүс биднээс энэ асуултыг их асуудаг. Бидний хувьд “Арай болоогүй байна”  гэдэг хариултыг өгч байсан. Бусад олон жил хамт амьдарсан хосыг бодвол бидний хамт амьдарсан цаг хугацаа тав, зургаан жил. Тиймээс ярилцаж буй хүмүүсээсээ дандаа суралцаж явж байгаа. Уулзсан хүн болгоныхоо зөвлөмж, зөвлөгөөг амьдрал дээрээ хэрэгжүүлж, туршиж үзнэ. Хүмүүсийн мэдэж байгаагаар бидний аль аль нь өмнө нь амьдрал зохиож байсан. Тиймээс энэ удаадаа алдахгүйгээр, хосын харилцаагаа хэрхэн бат бөх авч явах вэ гэдгийг бусад хосоосоо суралцаж байна. Одоогийн байдлаар ойлгоод буй хамгийн том зүйл бол ярилцах. Хэрвээ тэр хос ярилцахгүй удах л юм бол асуудал үүсэх гээд байдаг. Харин хоорондоо ярилцаж, ойлголцож байх тусмаа асуудал бага юм шиг санагддаг. Хосын ярилцах хугацаа багасаад ирэхээр стресс бухимдал, өөр өөрийгөө ойлгуулах гэсэн гомдлууд үүсэх гээд байдаг. Залуу гэр бүлүүдэд зөвлөхөд хэчнээн амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж, завгүй яваа ч гэсэн зайлшгүй бие биедээ цаг гарган, ярилцаж байх ёстой шүү. Чиний ярилцахгүй байгаа тэр хүн чинь өөрийг нь сонсох хэн нэгнийг хайж эхэлнэ. Тиймээс залуу гэр бүлүүд аль болох ярилцаж байгаарай гэж хэлмээр байна.

Д.Т: Хэрвээ хос залуус бие биедээ гомдож туньсан байгаа бол шууд “Ярилцъя” гээд хэлэхэд хэцүү байх. “Тэр тохиолдолд яах ёстой вэ” гэдэг асуултыг ч надаас залуус их асуудаг. Тийм үед бид хоёрт ч бий. Гэхдээ хамгийн шилдэг арга бол яаж ийгээд л ярилцах юм. Үнэхээр тэр үед амнаас нь үг гарахгүй байвал цаасан дээр сэтгэлээ уудлаад бичээд өгчих. Эсвэл утсан дээрээ бичлэг хийгээд яваад, ганц хоёр цаг бодох хугацааг нь өгчих. Дараагаар нь орж ирээд тэр бичсэн захиа, бичлэгийнхээ тухай л ярь л даа. Бид хоёр одоогийн байдлаар 49 дэх хостойгоо уулзаад, хосын жорын сонсоод байна. Эдгээр хосын хамгийн шилдэг жор бол ярилцах арга гэж хэлж байсан.

-Тэгвэл үл ойлголцох асуудал гарахад хэрхэн шийдвэрлэхийг хичээдэг вэ?   

Д.Т: Бидний “Хосын жор”-д зочноор орж байсан Оогий ах маань хос залуус яаж ч муудалцаж байсан бие биеэ гомдоохгүй байх таван зарчмыг хэлж өгсөн. Мэдээж амьдралд муудалцах асуудал гаралгүй л яахав. Тэр таван зарчмыг хос залуус муудалцах үедээ хэрэгжүүлж чадвал буцаад эвлэрэх хугацаа нь ойртоод ирнэ гэсэн. Тэр таван зарчмыг үнэхээр сонирхож байгаа бол Оогий ахын оролцсон “Хосын жор”-ыг сонирхон үзээрэй гэж хэлмээр байна. Учир нь би тэр үгийг нь хэлэхээр үсрээд 10-хан хувьтай л ойлгуулж магадгүй. Тийм учраас тэр бичлэгийг бүтнээр нь үзээрэй.

Э.Д: Бид хоёрын хувьд муудалцах үедээ хэдэн зүйлийг баримталдаг. Жишээлбэл, яаж ч уурласан салъя гэж хэлэхгүй, муудалцсан муухай хараалын үг болон эмзэг сэдвийг нь хөндөхгүй байх зэрэг маш сайн уурын хязгаараа барих ёстой. Нэг хязгаараас давчихвал хосын харилцаанд сэв үүсээд эхэлдэг. Яаж ч муудалцсан бие биеэ хүндлэх тэр шугамыг л давж болохгүй. Тэр хүндлэлийн шугамыг муухай үг, үйлдлээр давбал эргээд чи мянга уучлал гуйгаад уучилсан ч гэсэн сэтгэлд нь толбо үүсэх учраас бодолтой хандаарай. Бас огт гар хүрч болохгүй.

-Монгол залуус гадаад улсад ажиллаж, амьдрах хүсэлтэй болж. Үүнийг нэг талаар шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй бий. Та хоёрын хувьд юу гэж залууст зөвлөдөг вэ?

Э.Д: Хувь хүний өөрийнх нь сонголтын асуудал. Энэ нь хоёр талтай л даа. Бид гадаадад ажиллаж, амьдрахын эерэг болон сөрөг талыг хоёуланг нь хүмүүст хэлдэг. Эхлээд сөрөг талыг нь хэлье. Хүмүүс ихэвчлэн хугацаагаа тодорхойлохгүйгээр гадаад явахыг хүсдэг. Би хэдэн жил болоод эх орондоо ирнэ гэж тооцоолохгүйгээр “Зүгээр гадаад явж, мөнгө цуглуулаад, амьдралаа дээшлүүлнэ” гэдэг. Тэгж явсан хүмүүс анхнаасаа төлөвлөгөө, хугацаагүй явсан учраас тэр чигтээ олон жил болох магадлалтай. Гадаадад олон жил болох тусмаа ар гэр болон хүүхдүүдэд нь асуудал үүсээд эхэлдэг. Ирээдүйгээ тооцоолоогүй гадаад улс руу явснаас нас нь гарчихсан, Монголд ирэхээр дахин шинээр ажил төрөл, байр суурь гээд хэцүү болчихдог. Давуу тал гэвэл ид хийж бүтээх  хүсэлтэй залуус маань гадаад орон руу явж, залуус нь хэрхэн сурч хөгжиж, ажиллаж, амьдарч байгааг хараад ирэх хэрэгтэй. Тэд гэртээ хэвтээд эцэг, эхээрээ тэжээлгээд байна уу, 30 гарчихаад аав, ээжийнхээ гэрт амьдраад байна уу зэрэг ялгааг нь хараад, тухайн орны соёлтой танилцахаас гадна эх орныхоо үнэ цэнийг ойлгоод ирэх нь зөв гэж боддог. Тэрийг ойлгосон залуус эх орондоо ирэхээр “Хүмүүс ингэж, тэгж амьдардаг юм байна. Би ч гэсэн чадна” гээд эрч хүчтэйгээр ажиллаж, урам зориг авч чаддаг.

Д.Т: Бяцхан зүйл нэмж хэлэхэд Монгол Улс одоогоор дэлхийн 40, 50 орон руу визгүй зорчих эрхтэй байгаа. Тиймээс амьдралд дөнгөж хөл тавьж байгаа, насанд хүрсэн залуус ядаж тэр визгүй байгаа орнууд руу жинсэн цамц, өмдөө цүнхлээд, яваад үзээрэй. Тэнд очоод хар бор ажил хийгээд, хөгжил гэдгийг харж, нүдээ нээх хэрэгтэй. “Гэрээсээ холдож үзээгүй хүний бодол босгоо давдаггүй” гэдэг үг бий. Ядаж аав, ээжээсээ хол нэг жил хүний нутагт бие даагаад амьдраад үз. Бид хоёр их юм үзэж, харсандаа хэлээд байгаа юм биш. Тодорхой хугацаанд гадаадад амьдарч, сураад үзсэнээсээ л хэлээд байгаа юм. Хүн хүний нутагт очихоороо л өөрийгөө олж авдаг байхгүй юу. Монгол хүн гэж ямар хүн юм бэ, би гэж хэн бэ гэдгээ олж авдаг. Гадаад оронд удаан амьдрахаараа л сөрөг талыг нь олж хардаг. Одоо гэртээ ээж, аавынхаа дэргэд байгаа залуус Монголынхоо л сөрөг талыг харахаас гадаадын сөрөг талыг хардаггүй. Гадаадыг зорьж буй ихэнх залуусын хувьд гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө гэж хэлдэг. Гэтэл өнөөдөр Шведэд очсон байгаа эхний үеийн хүмүүсийн хүүхдүүд одоо 18, 20 настай болж байна. Тэгэхэд нөгөө хүүхдүүд нь монгол хүүхэд биш болсон байдаг. Аав, ээж нь “Би нэг сайхан охин, хүүтэй. Гэхдээ энэ орны нийгэмд хүүхдээ өгөөд алдчихлаа” гэж халаглаж сууна. Монгол явах хүсэлгүй, үндэсний соёл, эх хэлээ мэдэхгүй. Яг үнэндээ тэр хүүхдүүдийн ч буруу биш шүү дээ. Манай таньдаг ах ярихдаа “Хүүхэдтэйгээ амралтаараа сар гаруй хугацаанд Монголд байхад аргаа барсан. Хүүхэд нь Монгол заваан байна. Хурдан харимаар байна” гээд их хэцүү байсан тухай хэлж байсан. Тэгээд энэ жил дахин “Монголд очиж амарна” гэхээр “Монгол оронд очиж үзсэн. Одоо өөр орноор аялъя л даа” гэж хэлж байгаа юм. Тэр хүүхдийн сэтгэхүйд “Монгол орныг үзнэ” гэж харж байна. Тэр хүүхдүүд насанд хүрэхээрээ хэзээ ч монгол хүнтэй суухгүй, монголд ирэхгүй шүү дээ. Бас нэг харамсалтай зүйл нь эх хэлээ мэддэггүй. Харахад монгол хүүхэд хэрнээ монгол хэлээр нэг ч үг мэддэггүй. Үүнд аав, ээжийг нь буруутгахад бас хэцүү. Хүний нутагт ажил хийхгүй л бол амьдрал зогсоно шүү дээ. Тэгэхээр амьдралаа авч явахын тулд өдөр, шөнөгүй ажил хийх хэрэгтэй болно. Хүүхдүүд нь сургуульдаа яваад, хүссэн хүсээгүй тэр орны хэлийг сурна. Монгол хэл заах ямар ч бололцоо байхгүй. Зарим нэг эцэг, эхчүүд гадаад хэлээ сайн сур гэдэг. Гэтэл хүүхэд нь шилжилтийн насанд хүрч, хүнд дурлана. Тэр бүхнээ эцэг, эхтэйгээ ярилцах гэхээр аав, ээж нь англиар ярьж чадахгүй, хүүхэд нь монголоор ярьж чадахгүй болсон байх жишээтэй. Ингээд л эцэг, эхээсээ холдож, найз нөхөдтэйгөө сэтгэлээ уудлах болно. Энэ бодит зовлон найм, арван жилийн дараа угтдаг шүү. Тэгэхээр тодорхой зорилго, төлөвлөгөөтэй гадаад орныг зорих хэрэгтэй.

-Монголдоо залуус амьдрах боломж хэр байна вэ?         

Д.Т: Энд маш их боломж байна. Бид хоёр гэхэд энэ олон боломжийн яг алинаас нь эхлэхээ мэдэхгүй байна. Улаан бизнесийн салбар руу орохгүй ч мөрөөрөө ажлаа хийгээд явахад хийх юм маш их байна. Жишээлбэл, тэнд хогийг бүгдийн ангилж хаяад, дахин боловсруулж, автобус явж байна. Ингэж болдог юм байна. Цэвэрхэн хоттой байж болдог юм байна. Гэтэл энд бүх юм задгай байгаа учраас бидэнд хийх юм маш их байна гэсэн үг.

“ХОСЫН ЖОР” ЯРИЛЦЛАГААРАА НОМ ГАРГАНА                            

-Сүүлд Монголдоо ирсэнээсээ хойш хийж буй контентуудаасаа яриач?

Э.Д: Сүүлийн “Хосын жор”-ын зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Баттулга буюу Аглуу гэргийтэйгээ оролцсон байгаа. Шинэ контент болох “Big big family”-ийн зочноор Топ модель Э.Сэлэнгээ ханийнхаа хамт оролцсон. Дараа дараагийн дугаарууд бичигдэх гээд байж байна. “Big big family”-гээрээ дандаа гэр бүлийн үнэ цэнэ, хүмүүжил, одоогийн нийгэмд бие биеэсээ үлгэрлэн дууриах боломжийг олгож байгаа. Харин “Хосын жор” бол хосын харилцааны талаар ярилцдаг гэдгээрээ онцлог. Зарим хүмүүс “Хосын жор”-д дандаа олны танил хүмүүсийг оролцуулах юм гэдэг. Бид хоёр чинь аль болох хүмүүсийн санал, хүсэлтээр зочдоо сонгодог. Эгэл жирийн 80 гаруй насалсан эмээ, өвөө хоёрыг зочноор урьж ярилцаж байсан. Тухайн үедээ хэн боломжтой цаг завтай байгаа нь бидэнтэй ярилцдаг. “Яг тийм хос орно” гэсэн цензур байхгүй. Хүмүүсийн санал болгосон хостой холбогдож, асууж байгаад зөвшөөрсөн тохиолдолд бичлэгээ хийдэг. Цаашдаа олон сонирхолтой хос, гэр бүлийн зочид хүлээж байгаа шүү.

Д.Т: Бид хоёр эхний хосын жороороо “Хосын жор” гэсэн ном гаргах төлөвлөгөөтэй байгаа. Яг үнэндээ бидэнд хосын харилцааг арван жилийн сургууль, их дээд сургуульд ч заадаггүй юм байна. Аав, ээж маань тэр болгонд “За найз залуутайгаа муудалцвал ингэдэг шүү” гэж заадаггүй шүү дээ. Бид энэ харилцааг аав, ээж болон найз нөхдөөсөө алдан ононо сурч авдаг юм байна. Тиймээс доод тал нь долоо найман жил, дээд тал нь 40, 50 жил хамт амьдарсан туршлагаас дүгнэлт хийх бололцоог олгох юм. Шинэ контент болох “Big big family”-гээр бид монгол гэр бүлийн хүмүүжлийг хайж байгаа. Гэтэл өнөөдрийн техник технологийн эрин зуунд уламжлалт хүмүүжлийн арга барилаар хүүхдээ хүмүүжүүлэх үү. Энэ бүхнийг яаж сүлэлдүүлж, дахин шинэ хүмүүжлийн арга барилыг гаргаж ирэх гээд байна.

-Орчин цагт залуус хуримын ёслолыг өргөн дэлгэр сайхан хийдэг болсон байна. Бараг нэг жишиг тогтчихсон боллоо. Та хоёрын хувьд маш сайхан хуримыг хийсэн. Ер нь хос залуус хурим хийх ёстой юу?

Э.Д: Хос болгон хуримаа хийгээсэй гэж боддог. Хурим хийж буй тэр өдөр гоёж, гангалаад л, ресторанд зочдоо уриад л. Тэр бүхэн тухайн үедээ болоод л өнгөрөх зүйл. Хамгийн чухал нь тэр хосын хуримын өдөр бүх ойр дотныхоо хүмүүсийн нүдэн дээр бие биедээ өгсөн амлалт. Хурим хийснээр хамтдаа амьдрахад илүү хариуцлагатай болдог юм билээ. Өмнө нь зүгээр л бие биетэйгээ хамт байдаг байсан бол хурим хийсний дараа бие биедээ хариуцлагатай ханддаг болсон. Түвшөө “Би энэ хүнийг чинь ингэж хэлээд аваад суусан шүү дээ” гэж хэлэх жишээтэй. Хос залуус заавал хуримаа хий. Хийхдээ заавал бусадтай адилтгаж, үнэтэй, тансаг хийх шаардлагагүй. Байгальд, ресторанд, гэртээ хиймээр байна уу. Эсвэл цөөн хэдхэн хүний хүрээнд сэтгэл хөдөлгөсөн хуримаа хиймээр байна уу. Энэ бол та хоёрын хүсэл сонирхол. Хуримаа хийж, амьдралаа батжуулж аваарай.

Д.Т: Хос залуус хуримын мөн чанар нь юу юм бэ гэдгээ сайн ойлгоосой. Бид хоёр маш сайн бодсон л доо. Одоогийн хуримын ёслолыг ажиглахаар үнэтэй, тансаг хийхэд гол ач холбогдол өгөөд байна. Урилгаар ирж буй хүмүүс тэрийг нь сонирхох гэж ирээд байна. Гэтэл хуримын ёслолын мөн чанар нь тэр биш шүү дээ. Хуримын дараа “Тэр хэдэн төгрөг өгч, тийм үнэтэй бэлэг өгсөн байна, зардлаа нөхсөн байна лээ” гэж ярьдаг. Гэтэл тэр олон хүний нүдэнд баяр баясал тодорч, мундаг амлалт өгч чадав аа, одоо энэ хоёр маань тэр амлалтандаа хүрч амьдраасай гэдэг дээр л ач холбогдол өгөөсэй. Бие биедээ тангараг өргөж байгаа нь л гэр бүлээ тамгалж байгаа гэсэн үг. Бид хоёроос зарим хүмүүс “Та хоёр хуримын зардлаа нөхсөн үү” гэж их асуусан. Харагдах байдлаар маш их мөнгө гарсан гэж ойлгоод байх шиг байгаа юм. Яг үнэндээ тэр мөнгөндөө ч биш. Бид хоёр маш олон хүнийг үзээсэй гэж албаар амлалтаа сошиалд байршуулсан юм. Магадгүй бид хоёр тийм том зүйл бие биедээ амлачихаад, бие биеэ гомдоогоод яваад байвал яах вэ. Энэ бүхэн хүссэн, хүсээгүй намайг маш том хариуцлагатай болгож байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж