Сүүлийн үед нярай төрөлхийн өвчинтэй төрж, хүний эсэргүүцэл суларч элдэв янзын өвчнөөр өвчлөх байдал ихсэх хандлагатай байгаа. Энэ нь цус ойртолттой холбоотой гэдгийг шинжлэх ухааны доктор, профессор Ж.Батсуурь судалгаагаар батлаад байна. Монголчуудын дунд генийн ачаалал нэмэгдэж цус ойртолт далд хэлбэрээр гамшгийн хэмжээнд хүрсэн талаар тэрбээр олон жил судалгаа хийсэн юм. Генетикийн шинжлэх ухааны 50 жилийн хуралд доктор Ж.Батсуурийн илтгэсэн илтгэлийнх нь дараа түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Монгол Улсад генетикийн шинжлэх ухаан үүсээд 50 жил болжээ. Энэ хугацаанд монголчуудын генетикийг судалсан байх. Онцлог болон анхаарвал зохих зүйл нь юу байна вэ?
-Монголчуудын генетик тогтолцоогоор олон судалгааны ажил хийсэн байдаг. Тухайлбал, монголчуудын дунд цус ойртолт далд хэлбэрээр гамшгийн хэмжээд хүрсэн. Засгийн газар 1925 онд нууц тогтоол гаргаж ургийн бичгийг хориглосон. Үүнээс хойш өвөг эцэг, эмэг эхээс урагш ах дүү нараа монголчууд мэдэхээ больсон. Мэдэх ч боломжгүй болсон юм. Үүнтэй холбоотойгоор хүн амын дунд цус ойртолт гамшгийн хэмжээнд хүрсэн. Оюуны хомсдолтой, сэтгэцийн өөрчлөлттэй, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх нь далд үзэгдэл болоод байна.
Гурван үе дотроо хоорондоо гэрлэсэн, илэрхий цус ойртолт ажиглагдахгүй байгаа ч далд хэлбэртэй байгааг онцолъё.
-Цус ойртолтын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд материал хүргүүлсэн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Хүн ам дахь цус ойртолт ба оюуны хөгжлийн хомсдол хоорондын холбогдлын судалгааг СЭМҮТ-тэй хамтран 2015-2017 онд явуулсан. Судалгаанд Монгол Улсын 330 сум 1700 багийн иргэдийг хамруулсан юм. Судалгааны үр дүнд гарсан мэдээллийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн байгаа. Мэдээлэлд онцгой нууцын зэрэгт багтах олон зүйл байгаа тул дэлгэрэнгүй ярих боломжгүй.
-Хүн амын дунд хавдар их байгаа нь ч цус ойртолттой холбоотой гэж та тайлбарлаж байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Цус ойртсон аав, ээж, гэрлэлтээс төрсөн хүүхэд аливаа өвчин эсэргүүцэх, үхэл даах, өвчин эсэргүүцэх чадвар суларна. Нөгөө талаас оюуны хөгжлийн чадавх доройтдог. Энэ чадвар сул байдаг. Хүн ам дахь цус ойртолт нэмэгдэх тусам хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаа. Хорт хавдраар өвчлөх нь ч элбэгшинэ. Нэг ёсондоо бие мах бодийн дархлаа сул, дасан зохицох чадвар сул болдог. Энэ бол судалгаа, баримттай зүйл.
Гаднаас нь харахад цовоо сэргэлэн, эрүүл саруул мөртлөө оюуны чадавх сул хүүхдүүд байдаг. Энэ нь цус ойртолтын шинж тэмдэг байж болно. Сумын дунд сургуулийн багш нар судалгааны үеэр бидэнд энэ тухай ярьж байсан. Ер нь нэг ангид дор хаяж 8-10 хүүхэд ойлгох, тогтоох, бичих чадвар сул байдаг. Гаднаас нь харахад сэргэлэн цовоо, эрүүл саруул мөртлөө энгийн наад захын зүйлийн логик учир холбогдлыг тайлбарлаад ойлгохгүй, сурахгүй хүүхэд олон байдаг гэнэ. Ийм зүйл эрс нэмэгдэж байгаа талаар багш нар ярьж байсан. Цус ойртохын хэрээр хүн амын оюуны чадавх буурч, оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг.
-Судалгааг яг ямар аргаар явуулсан юм бэ. Судалгаагаар хүн амын хэдэн хувь нь цус ойртолттой байна вэ?
-Генетикийн шинжлэх ухаанд цус ойртолтыг тогтоохдоо их өвөрмөц шинж тэмдгээр тогтоодог. Хүн амын яг хэдэн хувь нь цус ойртсон байна вэ гэдгийг Монголын айл өрх, хүн амаас нэг бүрчлэн асууж, тогтоох боломжгүй. Учир нь, өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй хоёр өөрөөсөө дээш гурван үеэс урагш мэдэхгүй. Гурван үеэсээ дээш мэдэхгүй байна гэдэг чинь асуудал үүснэ гэсэн үг. Үүнийг нь ген судлалын аргаар, генийн тархалтын хуулиар судлаад гаргадаг. Би 1980 оноос өнөөдрийг хүртэл энэ аргаар монгол хүний генийг судалж байна. Баттай хэлэхэд, Монголын бүх сум, аймагт цус ойртолтын үзэгдэл байна. Нярай хүүхдүүдийн дунд төрөлхийн гажиг согогтой төрөлт нэмэгдэж байна. Эхээс төрөхдөө тархи нь устсан, амьсгалдаг цагаан хоолой, хоол иддэг улайн хоолой нь нийлсэн, өтгөний сүв нь битүү төрж байна. Энэ чинь л цус ойртолтын эмгэнэл шүү дээ.
-Тэгвэл газар зүйн байршлын хувьд аль хэсгээр цус ойртолт их байна вэ?
-Монголын урд нутгууд буюу Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод зэрэг БНХАУ-тай хиллэдэг нутгууд, аймгийн төвөөс хил хүртэл 200-300 км газарт бараг айл байхгүй байна. Хил орчмын нутгаар хүний цөлжилт болсон байна. Тэр газар нутаг амьдарч байгаа цөөхөн хүмүүс чинь хоорондоо гэрлэж, тэнд нэмэлт цус ойртолтыг үүсгэж байна.
Тиймээс хил орчмын нутгаа хүн амжуулах, утаатай тэмцэж чадахгүй хэдэн тэрбумаар салхинд хийсгэж байхын оронд урд хөрштэй хиллэж байгаа 30 гаруй, хойд хөрштэй хиллэж байгаа 30 орчим сумаа хөгжүүлж, хүн амынхаа амьдрах орчныг хангамаар байна.
-Цус ойртолтыг хэрхэн багасгах вэ. Мөн багасгасан тохиолдолд ямар үр дүнд хүрэх вэ?
-Цус ойртож, үр удмаа өвчинд нэрвэгдүүлэхгүйн тулд аливаа улс орон төрийн бодлогодоо хүн амынхаа газарзүйн байршлыг чөлөөтэй зорчиж, хоорондоо холилдож нутаглахаар зохицуулах хэрэгтэй. Нэг амандаа л өвөлжөө, хаваржаа, намаржаа хийж нүүдэллэн, үр хүүхдүүд нь хоорондоо гэрлэж байхаас зайлсхийх хэрэгтэй. Цус ойртолтоос хүн амыг хамгаалах бодлого бол аливаа улс гүрний төрийн бодлогод онцгой байр суурь эзэлдэг. Тэр тусмаа цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд онцгой асуудал болох ёстой. Цус ойртолтыг бүс нутгаар нь ил тод, хэвлэл мэдээллээр ч зарлаад байдаг асуудал биш. Төр энэ асуудалд байнгын анхаарч, зөв бодлогоор чимээгүйхэн зохицуулж, шийддэг асуудал. Харамсалтай нь, манай төр бодлогын төвшинд төдийлөн сайн анхаарч өгөхгүй байна.
Цус ойртолтын асуудлаас яаралтай гарах хэрэгтэй байна. Шинжлэх ухаанд цус ойртолтоос сэргийлэх ганц л арга бий. Энэ бол угийн бичиг хөтөлж, хэн нь хэн бэ гэдгээ мэддэг байх. Угийн бичиг гэдэг монголчуудын ураг төрлийн холбоог зангидаж, эвтэй найртай байлгах, аль болох хоорондоо нэгдэн нийлж биесээ мэддэг, таньдаг, хүндэлдэг байхад асар чухал нөлөөтэй.
Хэрэв цус ойртолтын асуудлыг арилгаж чадвал монголчуудын оюуны чадавх 30 хувь өснө.
Холбоотой мэдээ