Б.Батцэцэг: Үр дүнтэй, ач холбогдол өндөртэй айлчлал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг: Үр дүнтэй, ач холбогдол өндөртэй айлчлал боллоо

Б.Батцэцэг: Үр дүнтэй, ач холбогдол өндөртэй айлчлал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Айлчлалыг маш амжилттай болсон гэж дүгнэж байна. Юуны өмнө Ерөнхий сайдын айлчлалд Казахстаны тал өндөр ач холбогдол өгч, айлчлалыг бэлтгэхэд болон зохион байгуулахад ихээхэн анхаарсныг тэмдэглэе. Энэ нь мэдээж хэрэг Монгол, Казахстан улсын аль аль талаас түүнд өгч байгаа ач холбогдлын илэрхийлэл мөн. Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй айлчлал гэдгээрээ онцлог байлаа. Тэртээ 25 жилийн өмнө Ерөнхий сайд асан П.Жасрай гуай тус улсад айлчилж, түүнээс хойш Засгийн газрын түвшинд анх хэрэгжсэн өндөр дээд хэмжээний айлчлал боллоо. Казахстан улсын Ерөнхий сайд А.У.Мамин энэ айлчлалыг ихэд өндрөөр үнэлсэн. Бидний төсөөлж байснаас илүү өндөр түвшинд хүлээж авч, илүү хүндэтгэл үзүүлж, маш олон зүйлийн талаар талууд ярилцлаа.

-Айлчлалын үеэр ярианы гол сэдэв юу байв?

-Энэ айлчлалаас бодлогын түвшний хэд хэдэн шийдвэр гарсан. Тухайлбал, хоёр улсын Ерөнхий сайд нар харилцааныхаа түвшинг шинэ шатанд гаргая гэдэгт аль аль нь голлож ярьсан. Бид хамтын ажиллагааныхаа түвшинг шинэ шатанд гаргахын тулд хэрхэн хамтарч ажиллах шаардлагатай байна вэ гэдэг зураглалаа тодорхой болгосон. Тухайлбал, барилгын салбарт хамтарч ажиллах бүрэн боломж байна. "Шинэ хот байгуулсан туршлага, хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ажиллах туршлага, боловсон хүчний дэмжлэг үзүүлэх боломжтой” гэдгийг А.У.Мамин Ерөнхий сайд тодотгосон. Мөн “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсэд Казахстаны талаас логистикийн төв байгуулах боломжтой гэдгийг хэллээ. Монгол Улсын хувьд  мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуй, хөдөө, аж ахуй чиглэлийн бизнес хамтарч хийх саналтай байгаагаа Ерөнхий сайд  уламжилсан. Үүнд Ерөнхийлөгчийн санал, санаалчлага ч нэлээд орсон. Хоёр улсын хамтарсан үйлдвэрүүдийг байгуулснаар бид мах, махан бүтээгдэхүүнээ Исламын орнууд руу гаргах боломж бүрдэнэ. Ойрхи дорнод, Исламын орнууд манайхаас Эгийн бүс нутгаар дамжуулж мах худалдан авах сонирхол өндөр байдаг. Үүнийг Какахстаны тал мөн дэмжиж ажиллахаа мэдэгдсэн.

 -АЙЛЧЛАЛ ХОЁР ОРНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛД ТҮЛХЭЦ ҮЗҮҮЛНЭ-

-Монгол, Казахстаны худалдааны хэмжээ 90-ээд онд  75 сая ам.долларт хүрч байсан бол өнөөдөр бараа эргэлт хоёр дахин бага байгааг айлчлалын үеэр Ерөнхий сайд хөндсөн. Цаашид хоёр орны эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд ямар шийдвэрт хүрсэн бол?

-Хоёр улсын хувьд улс төрийн харилцаа сайтай. 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоож мөн 1993 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулснаас хойш үндсэндээ улс төрийн харилцаа сайн явж ирсэн ч  худалдаа, эдийн засгийн харилцаа хангалттай түвшинд байгаагүй. Монгол Улс, Казахстан Улсын нийт худалдааны эргэлт 35,7 сая ам.доллар. Казахстан Улсын хийсэн судалгаагаар хоёр улс худалдааныхаа эргэлтийг  130 сая ам.доллар хүртэл өгсөх боломжтой гэж тооцоолсон байна. Ингэхийн тулд хамгийн багадаа 70 нэр төрлийн бүтээгдэхүүнээр харилцаан худалдаа наймаа хийх боломжтой гэдгийг  хөндлөө.  Мөн айлчлалын үеэр Монгол, Казахстан улсын бизнес форум болж, Монгол Улсаас 60 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцлоо. Энэ дундаа Казахстантай олон жил хамтарч ажиллаж байгаа компаниуд мөн хамгийн сүүлийн үеийн технологи, барилгын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой компаниуд ч оролцлоо. Хоёр улсын бизнесийн форум сайн болсон гэж бид дүгнэж байгаа. Казахстаны талаас ч тэр 160 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсон. Хоёр орны харилцааг өргөжүүлэхэд бизнесийн хоорондын хамтын  ажиллагаа чухал юм.

Мөн "Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийх хүсэлтэй байгааг Казахстаны тал дэмжсэн.

Энэ нислэгүүд бий болсноор манай хоёр орны иргэд, бизнес эрхлэгчид жуулчид шууд зорчих нөхцөл бүрдэж, хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжихэд зохих хувь нэмэр оруулна гэж хоёр тал үзэж байгаа. Цаашид худалдаа, эдийн засгийнхаа харилцааг сайжруулахын тулд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн даргаар Худалдааны сайдаа айлчлалын өмнөхөн томилсон. Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хурал ихэнх оронд хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулагддаг. Уг хурлаар Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааг ярихаас гадна цаашдын хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцдаг. Монголын хэсгийн даргаар С.Чинзориг сайд ажилладаг.

-Яриа хэлэлцээрийн үеэр эрчим хүч, уул уурхай, хот байгуулалт, боловсрол, хөдөө аж ахуйн салбарыг цаашдын хамтын ажиллагааны чиглэл хэмээн тодотгож, холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг байгуулсаны бодит үр дүн, биелэлт нь  хамгийн чухал. Үүнд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Манай яам гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцан ажилладаг. Айлчлалын үеэр байгуулсан Засгийн газар хоорондын долоон гэрээ, санамж бичигт мөн бизнес байгууллагууд хооронд найман баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Энэ бүх бичиг баримтууд олон улсын гэрээ, эрхзүйд нийцэж байгаа эсэхийг хянах, гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд эрхзүйн орчныг бүрдүүлэх, тухайн улсын гадаад худалдааны байгууллагуудтай холбох, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд туслах зэрэг чиглэлд бид анхаарч ажиллана. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим шинэ боловсон хүчин, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. ГХЯ МҮХАҮТ-тай нэлээд нягт хамтарч ажиллаж өндөр түвшний бүх айлчлалын бүрэлдэхүүнд танхимын төлөөллийг оролцуулахын зорьдог.

-Айлчлалын үеэр өөр ямар арга хэмжээнүүд болов, тэдгээрийн онцлог, ач холбогдлоос сонирхуулна уу?

-Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Казахстаны Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевт бараалхаж Монголд дахин айлчлахыг урьсан. Мөн  Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин  манай улсад ирэх оны дөрөв, тавдугаар сарын үеэр айлчлахаа мөн хэлсэн. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаанд хэр их ач холбогдол өгч байгаагийн илрэл. Үүнээс өмнө бид Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаа хуралдуулах мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтаа хийх хэрэгтэй. Айлчлалын үеэр  "Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Энэ хүрээнд хоёр улс “Соёлын өдрүүд”-ийг  зохион байгуулах гэх мэт ажил хэрэгч олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж