Ахмад дайчин У.Доржпалам: Эх орныхоо төлөө дайтаж явсан үеийг үр хойч минь хэзээ ч битгий мартаарай
Энэ буурайг Ундрахын Доржпалам гэдэг, 94 настай. Тэрээр1945 оны Чөлөөлөх дайнд эх орныхоо төлөө буу агсан байлдаж явсан Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрсийн зөвхөн нэг нь. Түүн шиг олон аавын хөвгүүд эх орон, ард түмнийхээ төлөө эрэмгий дайчин чанар, эр зориг, тэсвэр хатуужлаа гайхуулан эрэлхэгээр дайтаж явсан нь түүхийн алтан хуудас болон үлджээ. Өнөөдөр 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байна. Үндсэндээ эх орнынхоо төлөө алтан амиа үл хайрлан тэмцэж явсан 350 гаруй ахмад дайчин л үлдсэн гэсэн үг. Тэдний төлөөлөл болгож ахмад дайчин У.Доржпаламынд өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон зочилж хүндэтгэл үзүүллээ. Ц.Цолмон сайдыг дагалдаж ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Нийслэлийн цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр нарын албаныхан байлцав.
Улсад 60 жил ажилласан. Түүний 17 жил нь цэргийн алба юм
Ахмад дайчин У.Доржпалам гуайн хувьд залуу, халуун наснаасаа эхлэн нийгэм, олон нийтийн төлөө идэвх зүтгэл гаргаж ирсэн нэгэн байна. Тэрээр 82 нас хүртлээ буюу нийт 60 жил улсад хөдөлмөрлөхдөө 17 жилийг цэргийн албанд зориулсан гэлээ. Эхний гурван жил хилийн цэрэгт ажиллаж байгаад тайван цаг тогтож, Дотоодын цэрэгт ажилласан байна. 1959 онд Монгол Улс даяар хөдөө аж ахуйн нэгдэлжих хөдөлгөөн өрнөж байх үед Ю.Цэдэнбал дарга Намын төв хорооны илгээлт ирүүлж, Төв аймгийн Бүрэн суманд нэгдэлжих хөдөлгөөн зохион байгуулах үүрэг өгчээ. Ингээд 1959-1970 он хүртэл Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргаар ажиллаж энэ хугацаанд Бүрэн сум хөдөлмөр зүтгэлээрээ улсдаа гурван удаа тэргүүлж байснаа ч дурсав. Мөн Цэргийн оёдлын үйлдвэрт улс төрийн орлогчоос эхлээд Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Дэлгэрхаан сумдад сум нэгдлийн дарга, Төв аймагтаа аж ахуй хариуцсан дарга зэрэг хариуцлагатай албыг нэр төртэйгээр хашиж байжээ. Хожим Төв аймгийн Ахмадын хорооны даргаар 11 жил тасралтгүй ажиллажээ. Түүний олон нийтийн төлөө, айл өрхийн төлөө явсан нь өнөөдөр биелэлээ олж зарим айл өрхөд баяр баясал, аз жаргалыг авчирсныг энд онцлох ёстой. Тухайлбал, дөрвөн удаагийн төрөлтөөр ихэрлэж найман хүүүхэдтэй өнөр өтгөн өрх айл болсон нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Энхтөр, Ц.Ундрах нарт орон сууц олгуулах санаа түүнээс анх удаа гарсан гэдэг. У.Доржпалам гуайн уйгагүй идэвх зүтгэлийн ачаар Д.Энхтөрт нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл орон сууц олгосон тухай сайхан мэдээ түгж байсан саяхан юм. Ахмад дайчин үүнээс гадна "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг анхлан санаачилж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьж байсан гээд түүний санаачлагыг дурьдвал цөөнгүй бүтээлч санал гарна. У.Доржпалам гуай таван хүүхэдтэй, ахмад дайчдад төрөөс нэг өрөө байр өгсөн дөө. Түүнийгээ би зээл аваад томруулчихсан тухай, өөрийнхөө дайнд оролцож байсан тухай онцлон ярихаас гадна батлан хамгаалах салбарын цаашдын хөгжил, баримтлах чиг бодлогын тухай ч өөрийн саналаа хэлж байсан юм. Тухайлбал, 1945 онд Өвөр Монгол, Хятадын ард түмнийг Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөх дайнд Зөвлөлтийн арми, Монгол ардын хувьсгалт цэргийн арми хамтран оролцсон. Тэр үед би Замын-Үүдийн хил хамгаалах 12-р отрядад Тусгай офицероор ажиллаж байсан. Тусгай алба бол дайсны үйл хөдлөлийг тандан мэдэж, тэдний довтолгооноос өмнө дээд командлал, отрядад мэдээлэл хүргэдэг чухал үүрэг байсан. Чөлөөлөх дайнд ялснаас хойш 70 жил өнгөрчээ. Энэ дайнд оролцсон 21 мянган цэрэг эрсээс өнөөдөр 300 гаруйхан үлдлээ. Тэдний хичээл зүтгэл, эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан гавъяаг нь Монгол төр хэзээ ч мартах учиргүй. Үүний илрэл болж өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон манай гэрт зочилж буйд нийт ахмад дайчдынхаа өмнөөс төр, засагтаа талархаж байна Эх орныхоо төлөө дайтаж явсан үеийг үр хойч минь хэзээ ч битгий мартаарай" гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон У.Доржпалам гуайд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль болон бэлэг дурсгалын зүйл, мөнгөн шагнал гаруулан өгөөд “Танд болон нийт ахмад дайчиддаа Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн мэнд хүргэе. Та бүхний зүтгэлээр өнөөдөр Монгол төр энх тайван оршиж байна. Тиймээс Чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, ахмадуудынхаа гавъяа зүтгэлийг залуу хойч үедээ таниулах нь маш чухал. Та бүхэн амь биеэ үл хайрлан тэмцэж, бидэнд тусгаар тогтносон улс хүлээлгэж өгөн. Та бүхэнд урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе. Та маргааш 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн баярын хуралдаа очоорой” хэмээн хүндэтгэн урьсан юм.
Ахмад дайчид руу чиглэсэн хэд, хэдэн арга хэмжээг зохион байгуулав
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ахмад дайчнаа алдаршуулах, тэдний эх оронч үзлийг олон нийтэд сурталчлах ажлыг Батлан хамгаалах яамнаас шат дараатай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, Дорноговь, Сүхбаатар аймагт болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярт нийслэл болон орон нутгийн 20 гаруй ахмад дайчдыг тусгай тээврийн хэрэгслээр урьж оролцуулсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалиар 300 гаруй ахмад дайчныг шагнасан байна. Мөн БНХАУ-ын Жанчхүү хотын Жанбэй сянь дүүрэг дэх Монгол, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд Монголын хэд, хэдэн ахмад дайчид энэ сарын 23-26-ны өдрүүд хүндэтгэл үзүүлээд ирсэн билээ. Түүнчлэн Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан хэд, хэдэн ахмад дайчдыг төрийн одон медалиар шагнуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна гэж Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаас мэдээлэв.