Завханы шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Завханы шатарчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 23 орноос 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдөж байна. Наймдугаар сарын 19-29-ны хооронд нийт арав өрөг тоглож шилдгүүд тодрох юм. Уг тэмцээн долоо дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж, хамгийн хүчтэй багууд шалгарч байгаа аж. Хятад, Орос, Унгар Турк, Монголын өсвөрийн шатарчдын багууд зургаан өрөг тоглоход нэг ч хожигдолгүй амжилттай оролцож байгаа юм байна.

Манай улсын хувьд Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад зургаан баг оролцож Завханы "9999" шатарч хүүхдүүдийн төлөөлөл болсон баг тамирчид дэлхийн шилдгүүдтэй тунаж үлдээд байгаа юм байна. Өнөөдөр буюу пүрэв гаригт есдүгээр өргийн тоглолтыг хийсний дараа аль улсын шатарчдын баг түрүүлэх нь тодорхой болох ажээ. Энэ удаагийн Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад манай улсын баг тамирчид сайн оролцож байгаа төдийгүй Завханы баг бэлтгэл сургуулилт сайн байгаа учраас дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна гэж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн хэлэв. Завханы баг тамирчид байр эзлэх магадлал өндөр байгаа ажээ.

Мөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Я.Санжмятавын нэрэмжит “Mongolian Open” тэмцээн болж байгаа бөгөөд шилдгүүд ирэх баасан гаригт тодрох юм.

Арван өдрийн турш зохион байгуулагдаж буй уг тэмцээнд оролцохоор ирсэн 23 орны баг тамирчдад Монгол орныг сурталчилах, таниулах ажлыг давхар зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр гаднын тамирчдыг Монголын үзэсгэлэнт газар, түүх дурсгалын газраар аялуулсан ажээ. Тэмцээнд оролцохоор ирсэн гаднын баг тамирчдын хувьд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа Монголын шатрын холбоонд илэрхийлжээ.

Дашрамд сонирхуулахад Маргааш “Хүннү молл” цогцолборт хаалтын ажиллагаа болох бөгөөд Азийн шатрын холбооны Ерөнхийлөгч Шейх Султан Бин Халифа Ал-Нехайн өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцох юм. 

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж