-Ц.Мөнхзаяа шөвгийн 8-д, Ц.Цэрэннадмид шөвгийн 16-д үлдээд байна-
Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар эхний барилдаанаа Шинэ Зеландын И.Павлиничтэй хийж цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт Канадын Антони Валиос-Портертод торгуулиар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй Ц.Мөнхзаяа шөвгийн 8-д, Ц.Цэрэннадмид шөвгийн 16-д үлдлээ.
Ц.Мөнхзаяа эхний тойрогт хийлж, удаах тойрогт Кубын жүдоч Марисе Эспиносаг хожлоо. Куба бөхийн хувьд барилдааны явцад хөлд гар хүрсэн буюу хориотой мэх хийсэн юм. Ц.Мөнхзаяа шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө БНХАУ-ын жүдоч Ян Жунхуатай барилдан торгуулийн илүүгээр хожлоо. Манай бөх ийнхүү шилдэг наймд үлдэж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
Ц.Цэрэннадмид Туркийн К.Бусра, Испанийн Изабел Пуче нарын жүдочдыг хожиж, шөвгийн 16-д үлдлээ. Тэрээр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Нидерландын А.Ван Емдентэй барилдаж, цаг сунгахад торгуулиар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Ч.БОЛОР