Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй юм.
Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлснээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлсэн байна.
Мэндчилгээнд “Цаг агаарын эрс тэс үзэгдэл болон бусад байгалийн гамшигт нэрвэгдсэн олон газарт очиж үзсэн. Байгалийн гамшиг нь Номхон далайн өмнөд хэсгээс Мозамбик, Карибын тэнгис цаашлаад эмзэг бүлгийн иргэдэд ихээхэн хор хөнөөл үзүүлж байгааг ч харсан. Гамшиг осол нь зовлон, шаналлыг дагуулж, хэдэн арван жилийн хөгжлийн ололт, амжилтыг ч устгах чадалтай.
Ирэх жилүүдэд дэлхий дахинаа шинэ байшин барилга, сургууль, эмнэлэг болон дэд бүтэц барихад нэлээдгүй их наяд доллар зарцуулна. Эдгээр бүтээн байгуулалтуудад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын цөм нь уур амьсгалд тэсвэртэй цаашлаад гамшгийн эрсдэлийг бууруулахад зориулагдаж байх учиртай. Дэд бүтцийг уур амьсгалд илүү тэсвэртэйгээр байгуулснаар хөрөнгө оруулсан доллар бүрт зургаан доллар хэмнэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл ажлын байрыг шинээр бий болгохоос гадна гамшиг, ослоос урьдчилан сэргийлнэ гэсэн үг.
Саяхан болсон Уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалтаас цаг уурын өөрчлөлтийн талаар яаралтай арга хэмжээ авахыг дэлхий дахинаа өргөн хүрээнд дэмжиж, олон үүрэг амлалтууд өгсөнд би баяртай байна. Энэ их зорилгод хүрэхийн тулд хүчин чармайлтаа төвлөрүүлэх ёстой. Тиймээс дэлхийн улс орнуудад энэ чиглэлээр хөрөнгө оруулалтаа 2020 он гэхэд нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг ирэх арван жилийн үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг болгохыг уриалж байна.
Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд уур амьсгалын эсрэг үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах бүхий л хүчин чармайлтаа улам өргөжүүлэхийг бүгдээрээ уриалцгаая” гэжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ