Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модийн төрсөн нутаг Гужарат мужид гарсан үймээнийг намжаахын тулд цэргүүдийг дайчлахад хүрчээ. Гужарат мужид нийгмийн давхаргын ялгаа, ангийн зөрчлөөс үүдэлтэй үймээн дэгдэж, сүүлийн хоёр хоногт долоон хүн амь үрэгдсэн байна.
Энэтхэгийн цагдаа нар засгийн газраас ажил олгохыг шаардсан жагсаалын тэргүүлэгчийг баривчилсны дараа мөргөлдөөн улам нэмэгджээ. Энэтхэгийн цагдаагийн газрын мэдээлснээр үймээний үеэр зургаан жагсагч, нэг цагдаа амь үрэгдэж, 18 хүн хүнд гэмтсэн байна. Үймээний улмаас сургууль, хувийн бизнесийн газрууд хаалгаа барьсан аж.
Жагсаалыг эхлүүлсэн пательчууд буюу Патидар нийгмийн бүлэг нь Гужарат мужийн хүн амын 14 хувийг бүрдүүлдэг байна. Тэд өөрсдийг нь доогуурт үнэлдэг Энэтхэгийн ангийн системийг хүчтэй эсэргүүцдэг аж.
Өмнө нь 2002 онд Гужарат мужид үүнтэй ижил үймээн гарснаас 1000 гаруй хүн амь үрэгдсэний олонхи нь мусульманчууд байжээ. Тухайн үед Нарендра Моди Гужарат мужийн захирагч байсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters