1500 кондуктор халагдах уу?

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

1500 кондуктор халагдах уу?

Нийтийн тээврийн үйлчилгээг хувиараа эрхлэгч 20 аж ахуйн нэгж өнөөдөр нийтийн тээврийн шинэчлэлийг эсэргүүцэн нийслэлийн удирдлагуудад шаардах бичиг өгч, ажил хаяна гэж мэдэгдсэн. Энэ асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат нар мэдээлэл хийлээ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙНХЭН АЖИЛ ХАЯХГҮЙ

Нийтийн тээврийн компаниуд “Нийтийн тээврийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем" төслийг хэрэгжүүлж эхлээд нэг сар болж байна. Төсөл хэрэгжүүлэх явцад нийслэлийн зорчигч тээврийн үйлчилгээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн  нэгж байгууллагууд энэ сарын 18-ны өдөр хамтарсан албан мэдэгдлээр хүргүүлсэн. Гэвч тодорхой шийдвэр гаргалгүй цаг хугацаа алдаж асуудал хариуцсан төрийн зарим албан тушаалтан, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн удирдлагууд эсрэг байр суурь баримталж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаагаас аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа ажиллагсдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж нийгмийн захиалгат үйлчилгээ хүндэрч байна” гэж мэдэгдээд байгаа.

Тэгвэл энэ асуудалд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Хэдийгээр хувиараа автобусны үйлчилгээ эрхлэгчид ажил хаяна гэх мэдээлэл гаргасан ч албан ёсоор энэ тухай албан бичиг ирүүлээгүй байна. Аливаа зүйл хууль журмын дагуу байх ёстой. Хэрэв ажил хаях гэж байгаа бол учир шалтгаанаа тайлбарлан цөөнгүй хоногийн өмнө энэ тухайгаа мэдэгдэх учиртай. Улсын, хувийн ялгалгүй бүх компанийн удирдлагууд зөвшилцөж энэхүү шийдвэрийг гаргаж, шинэчлэлийг эхлүүлсэн. Тиймээс ажил хаяхгүй” гэх байр суурийг илэрхийллээ.

Мөн нийтийн тээврийн компаниуд хувийн хэвшлийг шахаж өмчийн ялгавар гаргаж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Ц.Одонтунгалагийг огцруулахыг шаардсан ч Нийслэлийн удирдлагууд хүлээж авахгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь хувийн компанийнхан төринй ажилд хутгалдаж, нэг компанийн захиарл нөгөө нэг төрийн өмчит компанийн захирлаа ажлаас халахыг шаардана гэж байж боломгүй зүйл гэдгийг тэд хэллээ.

 

1500 КОНДУКТОР АЖЛААС ХАЛАГДАХ УУ?

Хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд нийтийн тээврийн шинэчлэлийн бодлогын улмаас 1500 кондуктор ажлаас халагдах эрсдэлд ороод байгаа гэж мэдэгдсэн. Учир нь автобуснуудад ухаалаг карт байрлуулж, иргэд тасалбарын мөнгийг тасалбар түгээгчид биечлэн өгөх шаардлагагүй болсноор ийнхүү ажилчдыг халахаас өөр аргагүй гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа гэнэ. “Бид шинэчлэлийн бодлогын хүрээнд бүх кондукторын ажлын байрыг хамгаалах үүднээс тэдэнд шинээр ажлын чиг үүргийг бий болгон өгсөн. Кондукторуудад одоо хянагч, мөнгө тоологч, автобус угаах зэрэг ажлыг хариуцуулан өгсөн. Өөрөөр хэлбэл цахим картаас шалтгаалж кондукторуудыг ажлаас халахгүй” гэж Нийтийн тээврийн газрын дарга Ч.Энхбат хэллээ.

ИРЭХ ЕСДҮГЭЭР САРААС ЭХЛЭН 1000 ТӨГРӨГӨӨР АВТОБУСАНД ЗОРЧИНО

Ирэх есдүгээр сараас эхлэн нийтийн тээврээр зорчихдоо 1000 төгрөг төлдөг болох гэнэ. Гэхдээ зөвхөн бэлэн мөнгөөр зорчсон тохиолдолд. Нийт иргэдийн автобусны ухаалаг карт ашиглуулж соёлтой, хүндрэлгүй хэрэглээнд дадлагажуулахын тулд энэхүү шийдвэрийг гаргасан гэнэ. Одоогийн байдлаар 250 мянган иргэн автобусаар зорчих цахим картыг авсан. Мөн их, дээд сургуулийн 113 мянган оюутан цахим карт авах гэнэ. Мөн одоо 700 мянган цахим карт авах эзнээ хүлээж байгаа тул ийнхүү арга хэмжээ авч 1000 төгрөг болгох шийдвэрийг гаргасан юм байна.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж