“Буянт-Ухаа 2”-ын захиалгын товыг маргааш зарлана

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

“Буянт-Ухаа 2”-ын захиалгын товыг маргааш зарлана

“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн захиалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одоос дараах тодруулга ярилцлагыг авлаа.

-“Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын барилгын ажлын явц хэдэн хувьтай байна вэ? Хэзээ ашиглалтад орох уу?

-Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах 28 га газарт баригдаж байгаа  “Буянт-Ухаа 2” хороолол нь нийт 6500 айлын цогцолбор хороолол юм.  Төслийн 1-р ээлжийн 2592 айлын 9 давхар 48 ширхэг орон сууцны барилга, 240 хүүхдийн цэцэрлэг, 409 машины 7 давхар нэгдсэн автограж, 6 ширхэг 5 давхар үйлчилгээний төв, инженерийн дэд бүтцийн ажлуудыг 2014 оны 6-р сард эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл  62.3  хувьтай /2015.08.18/ үргэлжилж байна.

"Буянт-Ухаа 2" хорооллын 48 барилгаас 43 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 30 барилгын нийт ажлын явц 74.6 хувь, дараагийн ээлжинд ашиглалтад өгөх 18 барилгын ажлын явц 44.9 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн эхний ээлжинд ашиглалтад орох барилгуудын гадна фасадны ажил 88 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд дотор засал 37 хувь, инженерийн шугам сүлжээний ажил 54 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Эхний ээлжийн 30 ширхэг 1620 айлын орон сууцны барилгыг 2015 оны 10-р сард бүрэн ашиглалтад оруулна. Үлдсэн барилгыг 2016 оны 5-р сард ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгнө.

-Эхний ээлжийн барилгын захиалгыг хэзээ авч эхлэх вэ?

-Бид маргааш буюу 8-р сарын 28-ны өдөр сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлаж нэгдсэн мэдээлэл өгнө. Уг хэвлэлийн бага хурлаар “Буянт-Ухаа 2” хорооллын үнэ, журам болон захиалга хэзээ эхлэх талаар тодорхой мэдээлэл өгөх болно.

-“Буянт-Ухаа 1” хорооллын журмын босго өндөр байсан. “Буянт-Ухаа 2” хорооллын журам иргэдэд хэр их боломжийг бүрдүүлж байна вэ?

-“Буянт-Ухаа 1” хорооллын журамд тусгагдсан 15 жил худалдан борлуулахгүй, түрээслэхгүй гэсэн заалтыг хүчингүй болгох тухай Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Мөн хувийн хэвшилд ажиллаж байгаа болон хувиараа бизнес эрхэлж байгаа 35 дээш насны иргэдэд нээлттэй байдлаар журмыг баталсан. Харин хувийн ашиг олох зорилгоор түрээслэхгүй, худалдаа үйлчилгээ явуулахгүй гэсэн журам хэвэндээ мөрдөгдөнө.

-Иргэд “Буянт-Ухаа 2” хорооллыг “Буянт-Ухаа 1” хороололтой өрөөний зохион байгуулалтаараа адилхан гэж ойлгоод байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх юу?

-“Буянт-Ухаа 1” хороолол давхартаа 7 айлтай байсан бол “Буянт-Ухаа 2” хороооллыг 6 айлтайгаар шийдэж өгсөн. Нийт  2-3 өрөөнөөс бүрдэж байна. Үүнийг иргэдийн худалдан авах сонирхол, эрэлт зэргээс харгалзан үзэж шийдсэн. Давхартаа  68,59мкв 3 өрөө байр хоёр ширхэг,  49,23 мкв 2 өрөө 2 ширхэг,  39,30 мкв 2 өрөө 2 ширхэг байхаар зургийг нь гаргасан. Бас нэг зүйлийг онцлоход байр болгоны нэг давхарт 56,08 мкв 2 өрөө байр нэг ширхэгийг шийдэж өгсөн. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан шийдсэн гэж ойлгож болно. Орц гарцаар гарахад хялбар байдлыг чухалчилсан. Дээд давхаруудад 56,08 мкв 2 өрөө байр байхгүй зөвхөн нэг давхарт шийдсэнийг дахин хэлье.

-Иргэд “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгөхдөө ямар зүйлсийг анхаарах шаардлагатай вэ?

-“Буянт-Ухаа 1” хороололд орох журмын шаардлага хангасан боловч сугалаагаар байр авч чадаагүй 3000 гаруй иргэд байгаа. Тэдгээр иргэд “Буянт-Ухаа 2” хорооллоос тэргүүн ээлжийнд байр авах давуу эрхтэй. Шинээр захиалга өгөх хүсэлтэй иргэд нэн түрүүнд банкны орон сууцны 8 хувийн зээлийн журмыг судалж, зээлд  хамрагдаж чадах эсэхээ мэдэх шаардлагатай. Учир нь “Буянт-Ухаа 1” хороололд байр авах боломж нь бүрдсэн ч банкны 8 хувийн зээлээс болж байргүй үлдсэн иргэд цөөнгүй бий. Үүний дараа манай байгууллагад хүсэлтээ гаргаж, хэдэн давхарт хэдэн өөрөө байр авах  өргөдлөө өгнө. Мөн байрны урьдчилгаа 10 хувийг манай байгууллагын дансанд байршуулна. Энэ нь иргэн тухайн байраа баталгаажуулж байна гэж ойлгож болно. Байр бүрэн ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсны дараа үлдэгдэл 20 хувиа төлж, банкны 30 хувийн зээлд хамрагдан байрандаа орно доо. Хэрвээ орон сууцны байрны урьдчилгаа 30 хувийг 10 хувь болгох таван талт гэрээ хийгдэж, мөрдөгдөж эхэлвэл үлдсэн 20 хувиа төлөхгүй байрандаа орох боломжтой.

-Захиалгаа өгч, урьдчилгаа мөнгөө төлчихөөд байраа буцаах тохиолдолд хэрхэн шийдэх вэ?

-Захиалгаа өгч, урьдчилгаа 10 хувиа төлчихөөд байраа буцаасан тохиолдолд тухайн мөнгөн дүнгийн 5 хувийг торгуулд авна. Үүний шалтгаан нь тухайн иргэний сонгосон байрыг хэдэн ч иргэн авах сонирхолтой байж болно. Магадгүй байргүй үлдэх тохиолдол ч гарна. Эдгээр иргэдийг хохироохгүйн үүднээс тухайн захиалагчийг хариуцлагатай байлгах нөгөө талаас олон талын чирэгдэл үүсгэхгүй, цаг хугацаа, эдийн засгийг хэмнэх үүднээс гаргасан. Тиймээс “Буянт-Ухаа 2” хороололд байр сонирхож байгаа иргэд банкны 8 хувийн зээлийн  шалгуур хангасан эсэхээ зээл авах гэж байгаа банкнаасаа  судалсан байх шаардлагатай.  Банк зээл гаргах боломжгүй байхад захиалга өгсөн тохиолдолд хариуцлагыг тухайн иргэн өөрөө хүлээнэ.

-“Буянт-Ухаа 2” хорооллын өрөөний нэг мкв-ийн үнэ ямар байх вэ?

-Нэг мкв-ийн үнэ 1 сая 3 зуун тавин мянган төгрөг гэж гарсан. Манай байгууллагын зүгээс ”Буянт-Ухаа 2” хорооллыг аль болох “Буянт-Ухаа 1” хорооллын үнээр иргэдийн гарт хүргэхийг зорьсон ч зарим нэг гүйцэтгэлээс шалтгаалж үнэ нэмэгдсэн.  “Буянт-Ухаа 2” хороолол маань шинэ суурьшлын бүс. Тиймээс инженерийн дэд бүтэц, цахилгаан дулаан, бохирын шугамын асуудалд нилээн хөрөнгө зарсан. Мөн тус хороололд нийгмийн дэд бүтэц болох  сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, 7 давхар нэгдсэн автограж зэргийг цогцоор нь шийдэж өгсөн. Гадаад орчин, агаар сайтай бүсд харьяалагдаж байгаа гээд олон давуу талтай.

ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж