Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Богд хаан 150: Түүх, соёл, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирсэн монголч эрдэмтдийг өчигдөр (2019.10.11) Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.
Уулзалтад, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, тус академийн Төрийн соёрхолт түүхч О.Батсайхан, Япон улсын гавьяат профессор Наками Татсуо, Герман улсын иргэн, монголч эрдэмтэн Упо Б.Баркманн зэрэг Япон, Орос, Герман, Польш улсын монголч эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч Богд хааны мэндэлсний ойг анх удаа тэмдэглэж буйг дурдаад түүхэн баримтуудыг тодруулах чухал хуралд хүрэлцэн ирсэн монголч эрдэмтдэд талархал илэрхийлсэн юм. Мөн Монголын түүхийн ээдрээтэй асуудлуудыг судалж, түүхэн бодит байдлыг тогтоосон судалгаа, шинжилгээний ажил, баримт сэлтээ хойч үедээ сурталчлан таниулах асуудалд онцгой анхаарч ажиллахыг хүсээд, энэ асуудлаар монголч эрдэмтэдтэй санал бодлоо солилцож, дэлгэрэнгүй ярилцав.
Эх сурвалж: PRESIDENT.MN