Нэг. Уралдааны зорилго
- Иргэний шүүхэд мэдүүлэх эрхийн агуулгыг хүртээмжтэй, оновчтой арга, хэлбэр, дүрслэлээр илэрхийлсэн шилдэг бүтээлийг шалгаруулж, нийтийн хүртээл болгож, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд уралдааны болзолын зорилго оршино.
Хоёр.Хамрах хүрээ, хэлбэр
- Уралдаан шүүхийн захиргааны ажилтнууд болон олон нийтэд нээлттэй зохион байгуулагдана.
- Уралдаанд оролцогч нь багаар болон бие даан оролцож болно. Багийг нэг оролцогчоор тооцно.
- Оролцогч нь видео шторкын / богино хэмжээний сурталчилгаа/ төрлөөс бусад нь 3 хүртэл тооны хувилбарт загвар, эскиз ирүүлнэ.
- Сурталчилгааны материал нь дараах хэлбэрүүдтэй байна. Үүнд:
– Зурагт хуудас
– Нугалбар
– Видео шторк /богино хэмжээний сурталчилгаа /15-25сек/
Гурав. Бүтээлд тавих шаардлага
“Шүүхэд мэдүүлэх эрх” уралдааны шилдэг загвар, эскизийг 3 төрөлд шалгаруулах бөгөөд төрөл тус бүр нь дараах болзол, шалгуурыг хангасан байна. Үүнд:
а. Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд хэрхэн хандах талаарх эрх зүйн зохицуулалтыг оновчтой, сонирхолтой арга хэлбэр, дүрслэлээр илэрхийлсэн байх;
б. Шүүхэд мэдүүлэх эрхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаарх үндсэн гол тулгамдсан, олон нийтийн хүлээлттэй асуудлыг хөндсөн байх;
в. Сурталчилгааны хэлбэр нь шүүхийн үйлчилгээний талаарх зөв цэгцтэй ерөнхий ойлголтыг олон нийтэд хялбар хүргэх боломжтой байх. Үүнд:
– ажлын байр, албан тасалгаа, олон нийтийн үйлчилгээний газруудад хялбар аргаар байршуулах боломжтой, албан тасалгааны хэмжээ, дотор, гадна зохион байгуулалтад нийцэхүйц байх;
-Богино хугацаанд олон мэдээллийг нэг дороос үйлчлүүлэгчид хүргэх боломжтой байх;
г. Бусад бүтээлийн зохиогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх.
Дөрөв. Уралдаанд бүтээл ирүүлэх, дүгнэх
- Уралдаанд ирүүлэх шилдэг санааны төсөл, загварыг уралдаан зарласан хугацааны дотор хийж гүйцэтгэн “Уралдаанд” гэж тодотгон хаягласан байна.
- Уралдаанд ирүүлэх материалыг хэвлэмэл, видео формат болон файл хэлбэрээр хүлээн авна. Тайлбар, танилцуулгыг текст хэлбэрээр А4 форматын цаасан дээр, Ariel-12 фонтоор бичсэн байна.
- Уралдаанд ирүүлсэн материалыг засварлан өөрчилж болох эх файлаар нь ирүүлнэ.
- Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаарх сурталчилгаа, мэдээлэл лавлагааны нугалбарыг багцаар хийж болно.
- Уралдаан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд явагдах бөгөөд уралдааны болзол, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан загвар, эскизийг тайлбар, танилцуулга, тодорхойлолт, холбогдох бусад материалын хамт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст 2015 оны 09 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ.
- Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд бүтээлийг Шүүхийн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор ашиглах эрхийг Шүүхийн ерөнхий зөвлөл эзэмшинэ.
- Уралдаанд ирүүлсэн загвар, эскизийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан комисс сонгон шалгаруулж, 2015 оны 10 сарын 01-ний дотор шилдэг бүтээлүүдийг нийтэд зарлана.
Тав. Шагнал, урамшуулал
- Уралдаанд шалгарсан бүтээл ирүүлсэн оролцогч /баг/-ийг дор дурдсан нөхцөлөөр шагнаж урамшуулна. Сурталчилгааны 3 бүтээлийг шалгаруулж, дараах мөнгөн шагналаар шагнана. Үүнд:
- Зурагт хуудас
I-р байр. Өргөмжлөл – 500.000 төгрөг
II-р байр. Өргөмжлөл – 400.000 төгрөг
III-р байр.Өргөмжлөл – 300.000 төгрөг
Нугалбар
I-р байр. Өргөмжлөл – 500.000 төгрөг
II-р байр. Өргөмжлөл – 400.000 төгрөг
III-р байр.Өргөмжлөл – 300.000 төгрөг
- Видео шторк /богино хэмжээний сурталчилгаа /15-25сек/
I-р байр. Өргөмжлөл – 1.000.000 төгрөг
II-р байр. Өргөмжлөл – 700.000 төгрөг
III-р байр.Өргөмжлөл – 400.000 төгрөг
Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болж зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон хамгаалагдана.
Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, байгууллагын нэр хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаягаа хавсаргасан байна.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс