УИХ: Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

Хуучирсан мэдээ: 2019.10.12-нд нийтлэгдсэн

УИХ: Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

УИХ: Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр (2019.10.11) зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Төрийн байгуулалтын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Өргөдлийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталлаа.

Үргэлжлүүлээд Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уншиж танилцуулсан бөгөөд тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг тус дэд хороонд оруулахаар тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолыг төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай төслийг баталлаа

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолын төсөлд бүхэлд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсэгт заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл” гэсэн нэр томьёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлт оруулж, Үндсэн хуултай нийцүүлэв. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэхтэй холбоотой асуудлыг тодруулж; Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулахтай холбоотойгоор хугацаа зааж, түүнчлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийн санал, хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан гэлээ. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзсэнээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын саналын томьёолол санал, дүгнэлтдээ оруулахгүй байх зэрэг нэмэлт, өөрчлөлтүүдийг тус тус боловсруулсан байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлээс “16.2” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн, харин төслийн 4 дүгээр зүйлээс “16.3 дахь хэсгийн энэ хуулийн 16.1-д заасны дагуу биечлэн хүргэж танилцуулснаас хойш ажлын 3 өдрийн дотор” гэснийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, О.Батнасан нар асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг дэмжсэн учир Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд эцэслэн батлагдлаа.

Сайжруулсан түлшний талаар тавьсан асуулгын хариуг сонсов

УИХ-ын чуулганы өчигдрийн /2019.10.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад тавьсан Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаарх асуулгын хариуг сонслоо.

Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэсэнтэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажпын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 62 дугаар тогтоолыг гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс бусад буюу Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

Энэ тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө Улаанбаатар хотын ахуйн хэрэглээнд Налайх, Багануурын уурхайгаас 1.1 сая тонн түүхий нүүрсийг хэрэглэж байсан. Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороололд 202 мянган өрх амьдарч, өрх тус бүр жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байв.

Засгийн газар олон жил яригдсаар ирсэн боловч бодитой үр дүн гарахгүй байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрс бууруулах бодлогыг дэвшүүлж, 2018 онд “Агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг тус тус гарган хэрэгжүүлж байна. Эхлээд эдгээр тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулъя.

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Ногоон зээлийн бүтээгдэхүүнийг Төрийн банк, Хаан банк, Хас банкнуудтай хамтран гаргаад байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хүү нь жилийн 9 хувь, 1 өрхөд очих зээлийн хэмжээ 40 хүртэл сая төгрөг болсон бөгөөд зээлийн хүүгийн татаасанд 3 тэрбум төгрөг олгосон.

Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг Монгол Улсын 2017-2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар төвлөрсөн дулаанд холбох 9 багц дулааны шугам, дэд станцын барилга угсралтын ажил хийгдсэнээр улсын 62, нийслэлийн 17, аж ахуйн нэгжийн 51, орон сууцны 9 нийт 139 барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52500 тн-оор бууруулсан. Мөн Амгалан дулааны станцад хэрэглээ нэмж холбох техникийн боломжийг бүрдүүлж өгсөн.

2018-2019 онуудад нийт дүнгээрээ жирийн болон нам даралтын 171 ширхэг зуухыг зогсоож 26,4 Гкал/ц ачаалал бүхий 210 иргэн, аж ахуй нэгжийн барилга, обьект төвлөрсөн дулааны хангамжид холбогдсон байна.

Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг цахилгаан, хийн болон бусад дэвшилтэт техник технологиор солих ажил хэрэгжиж байгаа бол өнөөдрийн байдлаар 142 халаалтын зуухны янданд утаа шүүгч суурилуулах ажил амжилттай хэрэгжиж байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд “Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай” 317, 318 дугаар тогтоолууд гаргаж, Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.ц, 380В-ын хүчдлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.ц-ыг 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

Мөн 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2019 онд 2 тарифт 563830 тоолуураар 124.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчний хэрэглээнд 11.5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн.

2019 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын урамшуулалд 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгож, дахин 5 тэрбумыг гүйцэтгэлээр олгохоор хүлээгдэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дахин тарифын хөнгөлөлтийн хугацаа эхэлнэ.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 937 орчим автобус явж байгаагаас 2020 он гэхэд ашиглалтын хугацаа дууссан 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах бохирдлыг бууруулах зорилгоор 2018 онд нийтийн тээврийн үйлчилгээнд байгалийн шатдаг хийгээр ажилладаг 70 автобус нийлүүлэн ашиглаж байна.

Япон Улсын “Жайка” байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд дизель хөдөлгүүртэй 24 автобусны хөө тортгийг 90 хувь бууруулах шүүлтүүр тавьж, суурилуулсан ба 2019 онд том оврын 150 автобусанд уг шүүлтүүрийг суурилуулахаар тендер зарлагдаж, шалгаруулах шатандаа явж байна.

Сайжруулсан түлш төслийн талаар:

Агаарын бохирдлыг шийдвэрлэсэн олон улсын туршлагаас харахад түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан шахмал түлш, нүүрс хийжүүлэлт болон байгалийн хийгээр сольж шийдсэн байдаг.

Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээний тайлан илтгэлийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах цэвэр агаар төсөл хамтран 2008 онд гаргажээ. Энэ тайланд сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэж агаарын бохирдлоос ангижирсан Лондон, Дублины туршлагыг нэвтрүүлэхийг зөвлөсөн байдаг.

Мөн Япон Улсын Шинэ энергийн технологийн хөгжлийн байгууллагаас түүхий нүүрсний чанарыг сайжруулах технологийн судалгаа, туршилтыг хийж, сайжруулсан шахмал түлшний бага оврын үйлдвэр байгуулж Уул уурхайн хүрээлэнд хүлээлгэн өгчээ.

Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан завсрын бүтээгдэхүүн буюу боловсруулсан нүүрсээр шахмал түлш хийх туршилтыг ШУА-ын Эрдэс боловсруулалтын хүрээлэнгээс 2014 онд явуулж, хямд өртөгтэй, стандартын шаардлага бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх боломжтойг нотолсон юм. Ухаа худагийн угаасан нүүрсээр хийсэн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2 дахин урт, илчлэг нь 1.7 дахин их учраас нийслэлд хэрэглэгддэг 1.1 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах бүрэн боломжтой гэдгийг тогтоосон.

“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-оос ажлын хэсэг байгуулж, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, нийслэлийн 8 үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд Таван толгой дахь “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн баяжуулсан эрчим хүчний нүүрс нь дэгдэмхий бодис бага, илчлэг өндөртэй, эрчим хүчний түлшинд зориулагдсан боломжийн бүтээгдэхүүн болохыг тогтоожээ.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрхүүдийн хэрэгцээнд сайжруулсан түлш үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор Засгийн газар жилд 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ашиглалтад оруулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж эхлээд байна. “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлд Ухаа худгийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг хэрэглэж байна.

Судалгаанаас харахад, нийт хэрэглэж байгаа түлшний 29 хувийг Сонгинохайрхан дүүрэг, 28 хувийг Баянзүрх дүүрэг, 16 хувийг Чингэлтэй дүүрэг, 12 хувийг Хан-Уул дүүрэг, 9 хувийг Сүхбаатар дүүрэг, 6 хувийг Баянгол дүүргийн иргэд хэрэглэж байна.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 5 нь 9 дүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь 11 дүгээр сард жилийн хэрэгцээний түлшээ худалдан авдаг бол 21 хувь нь орлогын хэмжээндээ тохируулан жижиглэнгээр худалдан авалт хийдэг байна.

Тус компанийн 4 үйлдвэрийн 8 шугам 24 цагаар тасралтгүй үйлдвэрлэл явуулж, 6 дүүрэгт байгуулсан 332 борлуулалтын цэгт 66,328 тонн шахмал түлш хүргэснээс одоогийн байдлаар 25,000 тонн түлшийг борлуулаад байна. Гэрээт борлуулагчид худалдан борлуулсан түлшний тонн тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгож байна.

Өвлийн ид ачааллын үед нийслэл хотыг түлшээр бүрэн хангах үүднээс “Тавантолгой түлш” ХХК 464.1 мянган тонн түлшийг хангамжийн бааз, дундын бөөний төв болон жижиглэн худалдаалах цэгүүдэд түгээх ажлыг зохион байгуулж байна.

Сайжруулсан түлшний борлуулалтад хяналт тавих 210 мянган ширхэг карт хэвлүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд хороодоор дамжуулан тараасан. Үүний үр дүнд айл өрхийн түлшний хэрэглээ, хэмжээ, чанар, үнэ тарифын талаарх нэгдсэн мэдээллийн сан үүсгэж цаашдын түлшний бодит хэрэгцээг тогтоох боломжтой болох юм.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан талаар:

Мэргэжлийн хяналтын байгууллагаас агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч 5365 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, шахмал түлшний 8 үйлдвэр, ахуйн зуух худалдан борлуулахыг хориглосон 3 зах, худалдааны төвүүд, Налайх дүүрэгт нүүрс олборлогч 54 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчийн 2190 албан шаардлага, мэдэгдэл хүргүүлж биелэлтийг тооцон ажилалаа.

Хяналт шалгалтын ажлын үр дүнд 1080 обьектын янданг буулгуулж цахилгаан халаагуурт шилжүүлж, шаардлага хангахгүй, агаарын чанарын бүсийн дэглэм зөрчсөн 1561 обьектын зуухыг буулгах, зогсоох, сайжруулсан зуухаар солих арга хэмжээ авлаа.

Мөн байнгын ажиллагаатай 4 хяналтын цэгийг шинээр байгуулж 24 улсын байцаагчийг авч ажиллуулан Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахаас урьдчилан сэргийлэх хяналтыг Эмээлт, Өлзийт, Баруун туруун, Морингийн даваа, Гүнт, Налайх, Тахилтын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, цэгүүдэд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.

2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар, 25755 авто машинд үзлэг шалгалт хийж, 113022,7 тонн нүүрсийг зөвшөөрөгдсөн газар руу нэвтрүүлсний зэрэгцээ 2883,4 тонн зөвшөөрөлгүй түүхий нүүрс, 500 шуудай үртсэн шахмал түлшийг нийслэлд оруулахыг завдсан үйлдлийг таслан зогсоож буцаасан байна.

МХЕГ-ын даргын 2019 оны 01/114 тоот удирдамжийн дагуу шахмал түлшний 8 үйлдвэрт хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг итгэмжлэгдсэн 4 лабораторид графикийн дагуу шинжилгээнд хамруулж ажилласан. Стандартын шаардлага хангаагүй, зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан нүүрсэн шахмал түлшний 3, үртсэн шахмал түлшний 1 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, бүтээгдэхүүнийг нь худалдаанаас буцаан татуулсан.

Мэргэжлийн хяналтын байгууллага “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сар бүр хяналт тавьж шахмал түлшийг 9 удаа шинжилгээнд хамруулахад шинжилгээний дүнгээр стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт гараагүй байна.

Үүссэн нөхцөл байдлын талаар:

Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тодорхой бус шалтгаанаар хүний амь нас эрсдэж, иргэд хордлого авч эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссыг 2019 оны 10 дугаар сарын 05, 06, 08-ны өдрүүдэд 3 удаа хуралдуулж, холбогдох мэргэжлийн байгууллага албан тушаалтнуудаас мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өгч ажиллав.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шуурхай штаб байгуулж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

2019 оны 10 дугаар сарын 03-10-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын улмаас дуудлага өгсөн 77 өрхийн 169 хүн буюу 73 хүүхэд, 96 насанд хүрсэн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Насанд хүрсэн 20 иргэн, 5 хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад 144 хүнд зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж гэрт нь буцаасан. Энэ өдрүүдэд нийт 6 хүн, түүний дотор бага насны 2 хүүхдийн амь нас эрсэдсэн нь туйлаас харамсалтай бөгөөд үүний шалтгаан нөхцөлийг маш тодорхой, нэн яаралтай тогтоох ёстой гэж үзэж байна.

10 дугаар сарын 11-ний өглөөний 6 цагийн байдлаар 15 өрхийн 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлогын шинж чанартайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авлаа. Үүний 19 нь насанд хүрсэн хүн, 13 нь хүүхэд байсан.

10 дугаар сарын 05-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-ийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг дэх худалдан борлуулах 17 цэгээс 23 дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Гаалийн ерөнхий газрын харьяа лаборатори, Геологийн төв лабораторид тус тус шинжлүүлж, шинжилгээний хариуг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд танилцуулсан. Дүгнэлтэд техникийн ерөнхий болон стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан.

Шахмал түлшний барьцалдуулагчийн дээжийг Хими технологийн хүрээлэнгийн лабораторид шинжилгээ хийлгэж байна.

Мөн сайжруулсан шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсад тус тус хүргүүлсэн.

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаар айл өрхүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, сурталчилгааг өргөн хүрээнд явуулж байна. 2019 оны 10 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 8028, Баянзүрх дүүргийн 29015, Сонгинохайрхан дүүргийн 45261, Сүхбаатар дүүргийн 12342, Хан-Уул дүүргийн 14270, Чингэлтэй дүүргийн 21782 айл өрх буюу нийт айл өрхийн 81,1 хувийг хамруулав.

Улаанбаатар хотод үүссэн энэ нөхцөл байдлын талаар Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгч дохиолол суурилуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасан. Нийслэлийн удирдлага хамгийн өндөр чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмж сонгон нэг удаа үнэгүй суурилуулж өгөх бөгөөд түүнд шаардагдах зургаан тэрбум гаруй төгрөгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гаргах юм” хэмээн мэдээллээ.

Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Гишүүд Тавантолгойн өндөр илчлэгтэй түлшийг сонгон сайжруулсан нүүрс хийх болсон шалтгаан нь юу болох, шахмал түлш үнэргүй ч их хортой гэсэн мэдээлэл үнэн эсэх, өндөр илчлэгтэй нүүрсийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэдгийг хэрхэн тогтоосон, нүүрсийг хэдий хугацаанд туршиж, шинжилсэн талаар тодруулж байлаа. Түүнчлэн иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар лавласан.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, шахмал түлшний стандартыг шинэчлэн баталсан. Тэр стандартаар сайжруулсан түлш үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан түлш хортой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Сайжруулсан нүүрсийг Багануур, Налайхын нүүрстэй харьцуулж үзэхэд чийглэгийн хэмжээ нь 2-3.7 дахин бага, дэгдэмхий бодисын хэмжээ 2.5 дахин бага, илчлэг нь 1.5-2 дахин их гэдэг нь тогтоогдсон. Нүүрсийг шатаахад бензол, неполин зэрэг нэгдлүүд үүсдэг. Энэ хар утаа хорт хавдрын гол эх үүсвэр байдаг. Харин шахмал түлшинд ийм зүйл байхгүй. Утаанаас ангижрахын тулд дэлхийн олон орон шахмал түлшийг ашиглаж ирсэн. Сайжруулсан түлшийг хүрэн нүүрс, коксжсон нүүрсний завсрын бүтээгдэхүүнээр хийж байгаа. Багануурын нүүрстэй харьцуулахад харьцангуй сайн нүүрс гэсэн хариултыг өгсөн.

“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг, Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсийг олон улсад доод ангилалын нүүрс гэж ангилдаг. Энэ нүүрс чийглэг ихтэй, илчлэг багатай. “Тавантолгой түлш” компанийн ашиглаж буй нүүрс бол эрчим хүчний дээд ангиллын нүүрс. Багануурын нүүрстай харьцуулбал чийглэгийн хэмжээ 10 дахин бага, илчлэгийн хэмжээ хоёр дахин өндөр, Багануурын нүүрсний дэгдэмхий бодисын хэмжээ 40 хувь байдаг бол Тавантолгойн нүүрс 20 хувь байгаа. Олон улсын жишгээр дэгдэмхий бодис буюу утаа гаргах хувь нь 15-22 хувь байвал утаа багатай гэсэн ангилалд оруулдаг. Тавантолгойн нүүрсийг хэрэглэн гаргаж авсан сайжруулсан түлшний шинж чанар Монгол Улсад мөрдөгдөж байгаа бүх стандарын шаардлагыг хангаж байгаа гэсэн хариултыг өгсөн юм.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, сүүлийн гурван жилийн хугацаанд сайжруулсан түлшний туршилтыг маш олон төрлөөр хийсэн аж. Бүтээгдэхүүн гарч эхэлсний дараа Сонгинохайрхан дүүргийн найман хороонд бүтэн өвөл хэрэглүүлж туршсан байна. Тэдгээр хорооны иргэд хоёр дахь жилдээ энэ түлшийг хэрэглэж байгаа гэлээ. Гурван газрын лабораторийн шинжилгээгээр нүүрс техникийн шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 2018 оны 12 дугаар сард сайжруулсан түлшний лабороториудын шинжилгээний тайлангуудыг Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцээд стандартуудын шаардлага хангасан тул үйлдвэрлэж эхлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэдгийг ч онцолсон.

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаар айл өрхүүдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, сурталчилгааг өргөн хүрээнд явуулж байгааг мөн дуулгасан.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт чиглэл өгсөн.

Тэрбээр УИХ-ын Ажлын хэсэг, дэд хороо ирэх долоо хоногт хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх бодлогын арга хэмжээнд хяналт тавьж, оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон улсын байгууллагын оролцоог хангасан санаачилгыг бий болгох ажлыг зохион байгуулахыг чиглэл болголоо. Ингэхдээ хөндлөнгийн хяналтыг бий болгон, зохих ёсны дэмжлэг үзүүлж ажиллахыг сануулсан.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эсрэг тэмцэлд ялах нь” нэртэй судалгаанаас гаргасан зөвлөмжийн судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийн талаар зохих дүгнэлтийг гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Эх сурвалж:Parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж