Арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Уг заалтыг 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нэмэлтээр хуульчилж оруулсан юм.
Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан. Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн 2012 онд Ерөнхийлөгч зарлиг буулгасан байдаг. Хуулийн дагуу бүх нийтээр амрах эдгээр өдөр нь ирэх сард ажлын өдөр буюу мягмар, лхагва гарагт таарч буй.
Э.БУРАМ