-2015 оны жүдо бөхийн ДАШТ-д 137 орон оролцож байгаагаас 12 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас манай улс хоёр хүрэл, гурван V байр, нэг VII байрын амжилттайгаар VII байрт бичигдэж байна-
Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 14.00 цагт эхэллээ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Манай улсаас гурван бөх барилдах бөгөөд эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар Астанагийн татамид барилдана.
О.Ууганбаатар эхний барилдаанаа Шинэ Зеландын И.Павлиничтэй хийж цэвэр ялснаар хоёрдугаар тойрогт Канадын Антони Валиос-Портертод торгуулиар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Ц.Мөнхзаяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Кубын жүдоч Марисе Эспиносаг хожлоо. Куба бөхийн хувьд барилдааны явцад хөлд гар хүрсэн буюу хориотой мэх хийсэн юм. Ц.Мөнхзаяа шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө БНХАУ-ын жүдоч Ян Жунхуатай барилдан торгуулийн илүүгээр хожлоо. Манай бөх ийнхүү шилдэг наймд үлдэж, хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
Ц.Цэрэннадмид Туркийн К.Бусра, Испанийн Изабел Пуче нарын жүдочдыг хожиж, шөвгийн 16-д үлдлээ. Тэрээр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Нидерландын В.Анискатай барилдах юм.
Ц.Мөнхзаяа "А" хэсэгт, Ц.Цэрэннадмид "D" хэсэгт багтсан байна.
ДАШТ-ийн барилдааны доорх лингээр шууд үзнэ үү.
Ч.БОЛОР