Айлчлал: Жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх үйлдвэрт Казахстан улс дэмжлэг үзүүлнэ 

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Айлчлал: Жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх үйлдвэрт Казахстан улс дэмжлэг үзүүлнэ 

Айлчлал: Жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэх үйлдвэрт Казахстан улс дэмжлэг үзүүлнэ 

-Манай сурвалжлагч Ш.Адъяамаа Бүгд Найрамдах Казахстан Улсаас мэдээлж байна-

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад Төрийн айлчлал хийж байгаа билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.10.11/ Монгол, Казахстаны бизнес форумд оролцсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг форумын үеэр хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны найман гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав.  Үүнд,

  1. Алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах гэрээнд “Сымбат инжиниринг” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, “Эрдэнэс Алт ресурс" ХХК-ийн удирдлагууд,
  2. Монгол дахь нүүрсний ордоос ферросилицион «Ферросиликоалюминия» үйлдвэрлэх үйлдвэр байгуулах санамж бичгийг “Казахстан Улсын эрдсийн түүхий эд иж бүрэн боловсруулах үндэсний төв” улсын үйлдвэрийн газар, “Коеус консалтинг” ХХК-тай,
  3. Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичгийг Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад худалдааны танхим, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай,
  4. Агаарын техникийн үйлчилгээ, зуны экипаж-баг техникийн үйлчилгээний мэргэжилтнүүдийг сургах тухай” санамж бичгийг Казахстаны агаарын тээврийн "SCAT Airlines’ компани, “Mongolian Air way cargo" ХХК-тай,
  5. “Экспортын үйл ажилпагаанд шаардлагатай шинжилгээний тест, хорио цээрийн болон биологийн бэлдмэлийн талаар хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай” санамж бичгийг “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Антиген” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, “Global business link” ХХК”-тай,
  6. “Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, хорио цээрийн ажилтнуудын сургалтын төв байгуулахад хөрөнгө оруулах тухай” санамж бичгийг “Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Антиген” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл,
  7. “Ashigt feed” ХХК-тай “Олон улсын стандартын үндсэн дээр менежментийн системийг гэрчилгээжүүлэхэд хамтран ажиллах тухай" гэрээг Казахстан улсын Менежментийн системийг сертификатжуулах улсын төв байгууллага,
  8. Ай Эм Эс Мон Серфт” ХХК-тай, “Монголын нутаг дэвсгэрт эм, эмчилгээний бүтээгдэхүүнийг борлуулахад бүртгэлжүүлэх, нэвтрүүлэх” санамж бичгийг “DOSFARM” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл, “Монгол эм импекс”концернитой тус тус байгуулав.

Форумаас гарсан гол үр дүнгийн нэг нь алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр болов. Уг үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахад Казахстаны талаас технологийн болон боловсон хүчний дэмжлэг үзүүлнэ. Үйлдвэр нийт 81.7 сая ам.долларын өртөгтэйгөөр баригдах бөгөөд жилд 25 тонн алт, 50 тонн мөнгө цэвэршүүлэхээс гадна дагалдах долоогоос найман төрлийн элемэнд гаргах аж.

"БИД 20 ТОНН АЛТАА АВЧ ЧАДАХГҮЙ ГАДАГШ ГАРГААД БАЙЖ МЭДЭХ УЧРААС ҮНЭТ ЧУЛУУ, МЕТАЛЛЫН ТУХАЙ  ХУУЛЬТАЙ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ"

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Олон төстэй нөхцөлтэй манай хоёр орны хувьд уул уурхайн салбарт хамтрах, судлах зүйл их байна. Үүний эхлэл нь алт цэвэршүүлэх үйлдвэр юм. Манай улс олборлосон алтаа гадаадад цэвэршүүлдэг. Тэгвэл алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орохтой холбогдуулан бид Үнэт чулуу, металлын тухайн хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа. Монголбанк жилд дунджаар 20 тонн алт худалдаж авч байгаа боловч жилд 40 тонныг олборлох боломж байгаа. Бид 20 тонн алтаа авч чадахгүй гадагш гаргаад байж мэдэх учраас Үнэт чулуу, металлын тухайн хуулийг батлан гаргах шаардлагатай болоод байна. Уг хууль батлагдсанаар алт, мөнгөө боловсруулаад зогсохгүй гоёл чимэглэлийн үйлдвэрлийг дэмжих нөхцөл бүрдэх юм” гэлээ.

Цаашид манай улс Казахстанаар дамжуулан Ойрхи Дорнод руу мах, махан бүтээгдэхүүн  гаргах боломж бүрдэж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлэхдээ: “Хүнсний салбарт дотроо ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортод томоохон үүд хаалга нээгдэж байна. Дан адууны мах гэлтгүй цаашид  хонь, үхрийн мах Казахстан улсаар нийлүүлэн Ойрхи Дорнод руу гаргах боломж бүрдэж байна. Мөн зүүн урагш маш том зах зээл бий. Казахстан улс найман сая үхэртэй дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг. Цаашид экспортлох асуудал яригдаж байгаа. Мөн 18 сая хоньтой ч өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Манай улс дөрвөн сая үхэр, 30 сая хоньтой. Иймд бие биеэ харилцан нөхөж ажиллах маш том боломж байгаа. Энэ хэрээр манай хоёр улс хамтарч ажилласнаар гуравдагч зах зээл рүү гарах боломж бүрдэнэ. Казахстан улс ДЭМБ-аас тавьдаг вакцингүй эрүүл бүс болох шаардлагыг хангахад томоохон алхам хийсэн. Тухайлбал 14 мужийн есөн нь вакцингүй эрүүл бүсээр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Манай улс вакцингүй бүсийг баруун аймгуудын түвшинд бий болгохоор ажиллаж байна. Үүнийгээ 2021 онд зарлахаар төлөвлөж байгаа. Мөн хонины махыг хэрэглэгчдийн хүсдэг халал аргаар бэлдэж Казахстан болон Ойрхи Дорнод руу гаргахаар бэлдэж байна. Түүнчлэн  айлчлалын үеэр газар тариалангийн чиглэлд хоёр улс хамтран ажиллахаар Эрдэм шинжилгээний байгууллагууд хооронд гэрээ хэлэлцээр хийлээ. Ингэснээр газар тариалангийн үр ашгийг дээшлүүлэх, сайн чанарын үрийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Казахстан улсын газар тариалангийн салбар нь өндөр хөгжсөн ийм улс.

“АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙГ БАЙГУУЛСНААР МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТОМ ДЭВШИЛ БОЛНО”

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин "Энэ удаагийн айлчлалд хоёр тал маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Бидэнд Казахстан Улсаас суралцах зүйлс байна. Өнөөдөр Улаанбаатарт дагуул хотууд бий болгох шаардлага байна.  Дагуул хотуудыг яаж бий болгох уу гэдгийг Нур-Султан хотын арав гаруй жилийн өөрчлөлт бидэнд харууллаа. Тиймээс бидэнд Казахстан улсаас суралцах зүйлс их байна гэдгийг манай бизнес эрхлэгчид олж харсан байх. Аливаа харилцаанд  үндэс суурь гэж бий. Монгол Улс, Казахстан улс эртний сайхан харилцаатай. Казахстан улс эдийн засгийн хувьд өнөөдөр маш том зорилт тавьж ажиллаж байгаа нь анзаарагдлаа. Бид цаашид уул уурхай, тээвэр, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт мөн эмийн технологийн чиглэлд хамтран ажиллах зэрэг нийт найман гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ дундаа агаарын каргог хөгжүүлэх буюу Монгол Улсаас шууд нислэгийг нээж аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхэд нэлээд тус дөхөм болно. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ялангуяа хонины махыг Казахстанаар дамжуулан  Ойрхи Дорнод руу агаарын тээврээр хүргэх боломж нээгдэж байна. Мөн алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулснаар Монголын уул уурхайн салбарт том дэвшил болно. Алтаа эх орондоо цэвэршүүлдэг болсноор дагаад олон давуу тал нээгдэнэ" гэв.

"ХОЁР ОРНЫ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ТАЛУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ОЛОН АЖИЛ ХИЙСЭН"

Бүгд Найрамдах Казахстан Улсын гадаад худалдааны танхимын Удирдлагын даргын үүрэг гүйцэтгэгч Букейханов Нуралы Алимович "Монгол, Казахстан улс хоорондын нийт худалдааны эргэлт 35,7 сая ам.доллар байна. Энэ үзүүлэлт хоёр улс хоорондын бизнесийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаагүй гэдгийг харуулж буй. Цаашид хоёр улсын худалдааны харилцааг хөгжүүлэх боломж илүү байгаа гэж ойлгож байна. Хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхим талуудын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар олон ажил хийсэн. Үүнээс улбаалан хоёр улсын хоорондын нислэгийг ойртуулах ажиллагаа хийгдсэн. Нур-Султанаас Улаанбаатарын чиглэлд нислэг хийгдэж байна. Одоо Алматагаас Улаанбаатарын чиглэлд нислэг хийхээр яриа хэлэлцээ явагдаж байна. Хөдөө аж ахуйн салбарын хувьд томоохон санамж бичгүүд зурагдлаа. Казахстан улс руу махны импорт нэлээн явагддаг. Хоёр орны хувьд мах экспортлох тал дээр том боломж бий гэж ойлгож байгаа. Энэ боломжийг түлхүү ашигламаар байна. Зөвхөн Казахстан улс руу биш манай улсаар дамжуулаад Ойрхи Дорнодын улс орнууд руу мах гаргах өргөн боломж бий. Талуудын худалдаа аж үйлдвэрийн танхим махыг сертификатжуулалт хийх ажиллагааг өрнүүлж байна".

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж