Эелдэг зангаас нь суралцууштай 10 улсын жишээ

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Эелдэг зангаас нь суралцууштай 10 улсын жишээ

НИДЕРЛАНД:

Модон ултай шаахай, алтан зул цэцгээрээ алдартай энэхүү улсад төрсөн өдрийн баяр зөвхөн ганц хүний баяр биш, гэр бүлийн баярт тооцогддог. Өөрөөр хэлбэл: чи гэр бүлдээ бэлэг болж ирсэн, чиний төрсөн өдрийг гэр бүлээрээ тэмдэглэх учиртай. Жишээ нь, хэрэв нөхрийн чинь төрсөн өдөр тохиож байгаа бол, хадам ээж чинь ирээд “Нөхрийн чинь төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” гэх ба харин чи хариуд нь “Хүүгийн тань төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” гэнэ. Төрсөн өдрийн баярыг ганц хүний баярт тооцдоггүй; одоогийн чамайг бий болоход тусалсан хүн бүрийн баяр гэж үздэг.

ӨМНӨД СОЛОНГОС:

Валентины баярыг яагаад жилд ганцхан удаа тэмдэглэх ёстой гэж? Өмнөд Солонгост энэхүү баярыг зөвхөн 2 –р сарын 14 –нд тэмдэглэдэггүй; сар бүрийн 14 –нийг онцгой өдөрт тооцдог. Ганц бие хүмүүсийн өдөр, уучлан өршөөх өдөр, тэврэлтийн өдөр гэх мэтээр тэмдэглэдэг. Ганц бие, хостой, гэр бүлтэй гэх зэргээр ямар статустайгаас үл хамааран хайрыг тэмдэглэх өдрүүд үргэлж байдаг.

ОРОС:

3 –р сарын 8 –нд Оросууд “Эмэгтэйчүүдийн баяр” –ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Валентины өдрийн адилаар бүсгүйчүүддээ цэцэг, шоколад гэх мэтийн бэлэг өгөх боловч энэ нь зөвхөн романтик харилцаатай хүмүүсийн хувьд бус, бүх эмэгтэйчүүдийн баярт тооцогддог. Эл өдөр эрчүүд бүхий л ажлыг хийж, эмэгтэйчүүд амран тайвшрах боломжтой болдог байна.

ГРЕК:

Барууны орнуудынхаас ялгаатай нь, Грек улсад нас ахих явцыг ямар нэгэн байдлаар эмзэглэн хүлээж авдаггүй. Үнэндээ өндөр насыг эрхэмд үзэж, тэмдэглэдэг. Хэн нэгнийг “настан” гэж дуудах нь үнэндээ магтаалд тооцогддог – учир нь нас ахих тусам хүн илүү ухаан сууж, гэр бүлийнхнийхээ төв, хамгийн хүндэтгэлтэй хүн болдог. Нас ахих тусмаа та илүү үнэ цэнтэй болно.

ГАНА:

Гана улсад хэн нэгний гэрт зочилсон бол, гэр доторх бүх хүмүүстэй гар барин мэндлэх ёстой байдаг – хүүхдүүдтэй ч хүртэл. Ингэвэл, танихгүй зочинг анхааралгүй хоцрох хэн нэгэн үлдэхгүй. Баяртай гэж хэлэхдээ ч хүн бүрт хэлэх ёстой. Эелдэг зангаа илтгэхийн тулд “Сайн байна уу” гэж хэлэх нь хангалтгүй; харин мэндэлж буй хүнээсээ эрүүл мэнд, гэр бүл, амьдрал гэх мэтийнх нь талаар чин сэтгэлээсээ, утга учиртай асуулт асууж, хариултыг нь анхааралтай сонсох хэрэгтэй.

ФИЛИППИН:

Филиппинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настангуудад заавал суудал тавьж өгдөг. Үргэлж шүү. Хаана ч, хэзээ ч энэ ёсыг дагадаг.

ЯПОН:

Япончууд талархлаа илэрхийлэхдээ бөхийдөг. Илүү доош тонгойн бөхийх тусам, илүү их хүндлэл үзүүлж байгааг нь илтгэнэ. Тиймээс залуучууд үргэлж ахмадууддаа бөхийдөг. Энэхүү ёс заншил нь ихээхэн чухал соёлд тооцогддог ба хүүхдүүд маш багаасаа хэрхэн бөхийхөд суралцаж, байгууллага компаниуд ажилчиддаа энэ тал дээр сургалт явуулдаг.

АВСТРАЛИ:

Австралид хэрэв ганцаараа такси барьж байгаа бол, үргэлж жолоочийн хажуугийн буюу урд талын суудалд суух ёстой байдаг. Арын суудалд суух нь “Та бол жолооч, хүн биш” гэж хэлж хэлж байгаатай адил гэж үздэг. Энэхүү ёс нь Шинэ Зеландад мөн адил байдаг.

ИТАЛИ:

Австралитай адилаар Италид үйлчилгээний салбарын ажилчдыг бусадтай эн тэнцүү хүндэтгэн үздэг. Жишээ нь, дэлгүүрт орохдоо худалдагчтай нь мэндлээгүй бол бүдүүлэгт тооцогдоно. Баранд орохдоо ямар нэгэн захиалга өгөөгүй байсан ч, барны үйлчлэгч, угтагч ажилчидтай мэндлэх ёстой байдаг. Зүгээр л тухайн барны орчинг ажиглах гэж орсон байсан ч, тэнд буй хүмүүсийг анзаарахгүй байж болно гэсэн үг биш шүү дээ.

ГЕРМАН:

Германд танихгүй хүмүүстэй мэндлэх, баяртай гэж хэлэх нь маш нийтлэг хандлага байдаг – хаана ч, хэзээ ч. Цахилгаан шатанд, хүлээлгийн өрөөнд, нэг ширээнд суух үед, гэх мэт. Тиймээс дараагийн удаа цахилгаан шатанд ороод, доторх хүмүүстэй Герман маягаар “Өдрийн мэнд” гээд мэндлээрэй.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж