Либертари үзлээс жийрхдэг шалтгаан - 12 | News.MN

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 12

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 12

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(СОЦИАЛИЗМАА САНАГАЛЗАХУЙ)

Монголчууд шилжилтийн үедээ явна. Дасаж сураагүй нийгмийн харилцаанд аж төрөх гэж ядаж л байна. Саад, бэрхшээл мундахгүй бололтой. Ядахад, энэ хэдэн улс төрч биднээсээ мөнгө, бололцоо, шударга ёс, байгалийн баялгийг маань хулгайлаад байх юм. Ингэх тусам бид улс төрчид нь (үнэндээ, тусгай хангамжаар амьдарч байсан хэдэн дарга нар нь) улайн цайм идэж, хулгайлдаггүй байсан өмнөх нийгмээ санагалзах янзтай.

Ялангуяа 50-60-иас дээш насныханд социализмаа санан гунихрах үзэгдэл (nostalgia) их гарч байна. Эднийгээ дагадаг, эднийхээ сургаалаар явдаг зарим залуус ч ийм носталжид автдаг болж. Одоо манай нийгэмд амьдарч буй хүмүүсийн нэлээд нь (бас тэгээд хамгийн буурьтай, томоотой, магад ч үгүй боловсролтой хэмээгдэгч хэсэг нь) социализмын үед муугүй ажиллаж, амьдарч байжээ. “Социализмын үед хэчнээн сайн сайхан байгаа вэ, хэн ч нэгнээсээ дээр гарахгүй, бүгд адил тэгш амьдраад л …  Харин одоо энэ нийгэмд гарч буй бүх муу муухай үзэгдэл болгон капитализм, Барууны соёлтой холбоотой”. Нэг иймэрхүү санаа, сэтгэгдэл нийгэмд түгээмэл.

Гэтэл социализм, тэгш байдал гэдэг чинь ямаршуухан зүйл билээ?  Тэгш байдал гэдэг бол угаасаа хүний мөн чанарт харш зүйл. Энэ ертөнц дээр хөдөлмөрлөх чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаараа яг адил, тэгш 2 хүнийг хаанаас ч олохгүй. Тэр ч бүү хэл, төрсөн эцэг хүү хоёр ч энэ чанаруудаараа өөр, өөр байдаг. Нэгэнт хүмүүсийн дээрх чанарууд өөр юм бол хөдөлмөрийнх нь үр дүн мөн л өөр, өөр байж таарна. Ийнхүү өөр үр дүн гаргадаг хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнг тэгшитгэж, нийгмээс хүртэх баялгийг адил өгнө гэдэг нь залхуучуудыг өөгшүүлж, хөдөлмөрч шаргуу хүмүүсийн урмыг хугалж байна гэсэн үг.  Бүгд адил, тэгш амьдрах юм бол бусдаас илүү ажиллах гээд яах юм бэ, ажил хөдөлмөр дээр тааруухан байсан ч бусадтай адилхан амьдрах юм чинь. Иймээс либертариуд социализмыг “залхуу хойрго, тэнэг, авьяас чадваргүй нь ажилсаг шаргуу, ухаалаг, авьяаслаг хэсгээ мөлжиж амьдардаг” шударга бус нийгэм гэж үзнэ. Ер нь бусдаас илүү ухаантай, авъяаслаг, хөдөлмөрч, шаргуу байхын зорилго, утга юу юм бэ?

Социализмын үед бүгд аман дээрээ тэгш эрхтэй, тэгш ёс ноёрхож байна гэх боловч үнэн хэрэгтээ тэр нийгэм нь дарга нарын нийгэм байдаг. Жорж Орвэллийн Амьтдын нийгэм-д “Бүх амьтад тэгш эрхтэй, гахай бүр ч илүү тэгш эрхтэй” гэж гардаг шиг “социализмд бүгд тэгш эрхтэй, дарга нар бүр ч илүү тэгш эрхтэй” байсан. Энэ нийгэмд өмч хөрөнгө, эрх мэдэл гээд бүх юм дарга нарт л хамаатай, тэд л бүх зүйлийг командалдаг. Жинхэнэ “захиран тушаах” систем. Социализмд сайхан сайхан зүйл их ярих боловч үнэндээ бүтдэг юм гэж байдаггүй нийгэм. Ямар сайндаа У.Черчилль “Социализм гэдэг бол бүтэлгүйдлийн философи” гэж тодорхойлсон байхав. Социализмын бүтэлгүйдлийг маш ойлгомжтой, логиктой, эрүүл ухаантай хүн эсэргүүцэх аргагүй задлан шинжилсэн хүн бол либертари үзэлтэн Людвиг фон Мизэс юм (Либерализм гэж зохиол нь монгол хэлнээ орчуулагдсан). Мизэс бол Нобелийн шагналтан Фридрих Хайкийг уг шагналд хүрэхэд үзэл санааны багш нь болсон хүн шүү дээ.

Бидний дунд буй зарим ухаантан социализмыг ухаалаг хэрэгжүүлбэл ямар болдгийг Хятад харуулж байна гэсэн үндэслэл гаргадаг. Энэ аргументыг дэвшүүлж буй хүмүүс үнэндээ, социализмын талд биш капитализмын талд үндэслэл гаргаж буйгаа мэддэггүй бололтой. Цэвэр социализмын үед Хятад чинь ёстой баларч байсан шүү дээ. Хэдэн арван сая иргэн нь өлсгөлөнгөөр нас бараад. Аж амьдрал нь гэж … Ямар хоцрогдсон орон байлаа. Харин капитализм, зах зээлийг нэвтрүүлснээр л энэ хөгжилд хүрч байгаа шүү дээ. Хятад өөртөө байгаа капиталист хэвшил, элементүүдийнхээ хүчээр хөгжил дэвшилд хүрч, хүн зоных нь амьдрал сайжирч байгаа хэрэг.

Дэлхийн түүхээр шалгагдсан капитализм дэлхийн хүн ард, тэр тусмаа манайх шиг социализм, коммунизмд байсан орны хүн ардыг бүр ч ихээр татаж байна. Бүгд Герман, Франц, Итали, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Дани, Холланд гэсэн капиталист орнууд руу тэмүүлцгээнэ. Бүх зүйл нь зах зээлийнхээ зарчмаар үнэн шударга явж байвал капитализм. Хүн амынх нь амьжиргааны төвшин дээгүүр, хүмүүс нь хоорондоо соёлч боловсон, зөв харилцаатай, хотууд нь цэвэр цэмцгэр, ард иргэдийнх нь аз жаргалын индекс өндөр гардаг орнууд гэхэд бүгд капиталист орнууд.

Эдгээр орнуудад буй капитализм бол социализм шиг хэн нэг “суутны” бодоод олчихсон нийгэм биш. Маркс, Ленин хоёр социализмыг зохиогоод (мэдээж өмнө нь ийм нийгмийг зохиолцсон олон хүн байв) амьдрал дээр хэрэгжүүлэх гэж хэдэн зуун сая хүний амьдралаар тоглосон. Тэгвэл капитализм бол хэн нэг аугаа сартваахын сэтгэмж биш, нийгмийн амьдрал хар аяндаа хөтлөн авчирсан, хэний ч оролцоогүй, “байгалийн шалгарлаар” гарч ирсэн нийгэм. Ёстой л spontaneous order (хар аяндаа бий болсон эмх журам). Ингэж амьдралаар шалгагдсан, нийгмийн хөгжлийн явцаар шигшигдсэн эмх журам ямар ч сартваахийн сургаалаас илүүгээр хүний мөн чанарт тохирч байдаг.

Гэхдээ социализмын үед төлөвшсөн “ордны сэхээтнүүд” энэ бүхнийг ойлгох ч үгүй, ойлгохыг хүсэх ч үгүй, ойлгосон ч хүлээн зөвшөөрөхгүй. Социализмаа санан дурссаар бэтгэрч үхэх хүмүүс. Эд нарт либертари үзэл таалагдана гэвэл “нар баруунаас гарна” гэгч болох биз.

Б.БАТЧУЛУУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-14 66.181.161.121

Чи социализмыг ойлгох ч үгүй, ойлгохыг хүсэх ч үгүй, ойлгосон ч хүлээн зөвшөөрөхгүй. Либералаа санан дурссаар бэтгэрч үхэх хүн. Чамд социалист үзэл таалагдана гэвэл “нар баруунаас гарна” гэгч болох биз.

Avatar

Зочин 2019-10-14 192.82.70.47

эрх тэгш байдал нь хүн болгон адилхан хувь заяатай байна гэдэгтэй адил

Avatar

иргэн 2019-10-14 59.153.115.78

Бас болоогүй хэдэн англи нэр нэрийтгэл цээжилчихсэн тэрийгээ хэт их юманд бодчихсон өөрийн толгойгүй цэцэрхэгч

Avatar

irgen 2019-10-14 59.153.115.78

Өнгөрсөн өнгөрсөндөө үлддэг үнэт зүйлээ хадгалж авч явдаг гэтэл 3хан сая хүнд 1870 аад оний зэрлэг капитализм тулгачаад нохойноос дор болсон сэтгэхүйтэй их мэдэгчид амандаа орсноо бурах юм

Avatar

Зочин 2019-10-14 150.129.142.121

үгээр үг хийвэл бүтэнгүй

Avatar

Зочин 2019-10-14 150.129.142.121

хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүйг байгаль шаарддаг өөрөөр хэлбэл хүн хүн адилгүй хүлэг болгон жороогүй

Avatar

нн 2019-10-14 103.229.120.37

Либертари үзэл бол хувь эрхийг, байгалийн жам ёсыг дээдлэх үзэл. Гэвч сонгодог үзэл биш. Нийгмээр амьдрах, сүргээр орших үзэлтэй зөрчилдөнө. Нийгэмд тохирох үзэл биш. Либертари үзлийг хэт гоёчлох, туйлшрах үзэл бол онцгой юм биш, байдаг л санаа. Бие тоогсод голцуу их сүржинээр дээдэлэлдэг үзэл дээ

Avatar

Их л зүйл авч байна 2019-10-14 180.149.98.106

Би лав их зүйл авч байна. Үнэнээ хэлэхэд 1, 5 дахийг хүлээж байж Батчулуун гуайн нийтлэлүүдийг уншиж байна. Оюутан байхдаа хүртэл ийм зүйл заалгаж байгаагүй. Өөрөө анхаараад, бодоод унших юм бол их зүйл ойлгож авна даа. Гэхдээ хүмүүс ойлгоогүй байж шүүмжлэхээ урьтал болгох юм даа

Avatar

Сонин бөгөөд зөв 2019-10-14 203.91.116.98

Сонин бөгөөд зөв санаа их байгаа юм биш үү

Avatar

Bagshiin tuhai 2019-10-14 49.0.184.42

Batchuluun bagshiin bichsen zarim zuiliig huleen avahad hund baidag. Gehdee ihenh ni zov baidag

Avatar

Зочин 2019-10-14 180.149.96.162

болдогсон бол манай монголчууд бүгд муулаад байгаа капитөлист орнууд руугаа явна л даа.

Avatar

Яг л үнэн дээ 2019-10-14 203.91.116.98

1960-80-аад онд Хятад ч ёстой ядуурлын туйлд хүрч ядарч байсан даа. Харин Дэн Сяо пин "нэг улс хоёр систем" буюу Хятад гэсэн нэг улсад капитализм, социализм хоёр систем байж болно гэснээр сэхсэн. Тэгэхээр капитализм улс-орныг өөд татдаг байх нь. Даан ч манайхан капитализмыг олигтой хэрэгжүүлэхгүй юм даа.

Avatar

Уншигч 2019-10-14 150.129.140.129

Хүмүүс өөрийн нөөц боломж, мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөө хэрэгжүүлэх, үр дүнг нь шууд өөрсдөө хүртэх боломжтой ийм нийгмийг огтхон ч үгүйсгээгүй, хуучнаа ч санагалзаагүй харин энэ боломж нь адил тэгш, шударга байхад хэн нь ч ялгарч гарч ирж болохыг ойлгоод хүлээн зөвшөөрчихсөн. Ахмадууд өөрсдөө биш гэхэд үр хүүхдийнхээ өнөөдрийг хараад мэдэрчихээд байна. Адил тэгш байх боломжийг нь хулгайлаад бүлэглэл үүсгэчихээд "луйвар" хийгээд байгаагаас залхаж байгааг л ойлгох хэрэгтэй.

Avatar

Чи ч бас 2019-10-14 203.91.116.98

Чи ч бололцоо олдвол өндөр хөгжсөн калиталист орнууд руу явж л таарна даа.

Avatar

зочин 2019-10-14 182.160.34.101

САНААТАЙГААР ЛИБЕРАЛ, ЛИБЕРТАР ГЭХ АМИА БОДСОН ҮЗЛИЙГ СУРТАЛЧИЛДАГ БОЛСОН УУ, ОДОО ХӨГЖИЛ ЯРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ЭЛДЭВ ҮЗЛЭЭР НИЙГМИЙГ ХУВААХ СОНИРХОЛ ГАДНААС ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙНА УУ ДАА

Avatar

Орвэлл социализмын тухай 2019-10-14 150.129.141.192

Орвэлл социализмын тухай гоё хэлжээ. "Социализмд бүгд тэгш эрхтэй, дарга нар бүр ч илүү тэгш эрхтэй" гэж. Бид тийм л "Амьтны ферм"-д байсан шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж