Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 12

Хуучирсан мэдээ: 2019.10.14-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 12

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(СОЦИАЛИЗМАА САНАГАЛЗАХУЙ)

Монголчууд шилжилтийн үедээ явна. Дасаж сураагүй нийгмийн харилцаанд аж төрөх гэж ядаж л байна. Саад, бэрхшээл мундахгүй бололтой. Ядахад, энэ хэдэн улс төрч биднээсээ мөнгө, бололцоо, шударга ёс, байгалийн баялгийг маань хулгайлаад байх юм. Ингэх тусам бид улс төрчид нь (үнэндээ, тусгай хангамжаар амьдарч байсан хэдэн дарга нар нь) улайн цайм идэж, хулгайлдаггүй байсан өмнөх нийгмээ санагалзах янзтай.

Ялангуяа 50-60-иас дээш насныханд социализмаа санан гунихрах үзэгдэл (nostalgia) их гарч байна. Эднийгээ дагадаг, эднийхээ сургаалаар явдаг зарим залуус ч ийм носталжид автдаг болж. Одоо манай нийгэмд амьдарч буй хүмүүсийн нэлээд нь (бас тэгээд хамгийн буурьтай, томоотой, магад ч үгүй боловсролтой хэмээгдэгч хэсэг нь) социализмын үед муугүй ажиллаж, амьдарч байжээ. “Социализмын үед хэчнээн сайн сайхан байгаа вэ, хэн ч нэгнээсээ дээр гарахгүй, бүгд адил тэгш амьдраад л …  Харин одоо энэ нийгэмд гарч буй бүх муу муухай үзэгдэл болгон капитализм, Барууны соёлтой холбоотой”. Нэг иймэрхүү санаа, сэтгэгдэл нийгэмд түгээмэл.

Гэтэл социализм, тэгш байдал гэдэг чинь ямаршуухан зүйл билээ?  Тэгш байдал гэдэг бол угаасаа хүний мөн чанарт харш зүйл. Энэ ертөнц дээр хөдөлмөрлөх чадвар, оюун ухаан, авхаалж самбаагаараа яг адил, тэгш 2 хүнийг хаанаас ч олохгүй. Тэр ч бүү хэл, төрсөн эцэг хүү хоёр ч энэ чанаруудаараа өөр, өөр байдаг. Нэгэнт хүмүүсийн дээрх чанарууд өөр юм бол хөдөлмөрийнх нь үр дүн мөн л өөр, өөр байж таарна. Ийнхүү өөр үр дүн гаргадаг хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнг тэгшитгэж, нийгмээс хүртэх баялгийг адил өгнө гэдэг нь залхуучуудыг өөгшүүлж, хөдөлмөрч шаргуу хүмүүсийн урмыг хугалж байна гэсэн үг.  Бүгд адил, тэгш амьдрах юм бол бусдаас илүү ажиллах гээд яах юм бэ, ажил хөдөлмөр дээр тааруухан байсан ч бусадтай адилхан амьдрах юм чинь. Иймээс либертариуд социализмыг “залхуу хойрго, тэнэг, авьяас чадваргүй нь ажилсаг шаргуу, ухаалаг, авьяаслаг хэсгээ мөлжиж амьдардаг” шударга бус нийгэм гэж үзнэ. Ер нь бусдаас илүү ухаантай, авъяаслаг, хөдөлмөрч, шаргуу байхын зорилго, утга юу юм бэ?

Социализмын үед бүгд аман дээрээ тэгш эрхтэй, тэгш ёс ноёрхож байна гэх боловч үнэн хэрэгтээ тэр нийгэм нь дарга нарын нийгэм байдаг. Жорж Орвэллийн Амьтдын нийгэм-д “Бүх амьтад тэгш эрхтэй, гахай бүр ч илүү тэгш эрхтэй” гэж гардаг шиг “социализмд бүгд тэгш эрхтэй, дарга нар бүр ч илүү тэгш эрхтэй” байсан. Энэ нийгэмд өмч хөрөнгө, эрх мэдэл гээд бүх юм дарга нарт л хамаатай, тэд л бүх зүйлийг командалдаг. Жинхэнэ “захиран тушаах” систем. Социализмд сайхан сайхан зүйл их ярих боловч үнэндээ бүтдэг юм гэж байдаггүй нийгэм. Ямар сайндаа У.Черчилль “Социализм гэдэг бол бүтэлгүйдлийн философи” гэж тодорхойлсон байхав. Социализмын бүтэлгүйдлийг маш ойлгомжтой, логиктой, эрүүл ухаантай хүн эсэргүүцэх аргагүй задлан шинжилсэн хүн бол либертари үзэлтэн Людвиг фон Мизэс юм (Либерализм гэж зохиол нь монгол хэлнээ орчуулагдсан). Мизэс бол Нобелийн шагналтан Фридрих Хайкийг уг шагналд хүрэхэд үзэл санааны багш нь болсон хүн шүү дээ.

Бидний дунд буй зарим ухаантан социализмыг ухаалаг хэрэгжүүлбэл ямар болдгийг Хятад харуулж байна гэсэн үндэслэл гаргадаг. Энэ аргументыг дэвшүүлж буй хүмүүс үнэндээ, социализмын талд биш капитализмын талд үндэслэл гаргаж буйгаа мэддэггүй бололтой. Цэвэр социализмын үед Хятад чинь ёстой баларч байсан шүү дээ. Хэдэн арван сая иргэн нь өлсгөлөнгөөр нас бараад. Аж амьдрал нь гэж … Ямар хоцрогдсон орон байлаа. Харин капитализм, зах зээлийг нэвтрүүлснээр л энэ хөгжилд хүрч байгаа шүү дээ. Хятад өөртөө байгаа капиталист хэвшил, элементүүдийнхээ хүчээр хөгжил дэвшилд хүрч, хүн зоных нь амьдрал сайжирч байгаа хэрэг.

Дэлхийн түүхээр шалгагдсан капитализм дэлхийн хүн ард, тэр тусмаа манайх шиг социализм, коммунизмд байсан орны хүн ардыг бүр ч ихээр татаж байна. Бүгд Герман, Франц, Итали, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Дани, Холланд гэсэн капиталист орнууд руу тэмүүлцгээнэ. Бүх зүйл нь зах зээлийнхээ зарчмаар үнэн шударга явж байвал капитализм. Хүн амынх нь амьжиргааны төвшин дээгүүр, хүмүүс нь хоорондоо соёлч боловсон, зөв харилцаатай, хотууд нь цэвэр цэмцгэр, ард иргэдийнх нь аз жаргалын индекс өндөр гардаг орнууд гэхэд бүгд капиталист орнууд.

Эдгээр орнуудад буй капитализм бол социализм шиг хэн нэг “суутны” бодоод олчихсон нийгэм биш. Маркс, Ленин хоёр социализмыг зохиогоод (мэдээж өмнө нь ийм нийгмийг зохиолцсон олон хүн байв) амьдрал дээр хэрэгжүүлэх гэж хэдэн зуун сая хүний амьдралаар тоглосон. Тэгвэл капитализм бол хэн нэг аугаа сартваахын сэтгэмж биш, нийгмийн амьдрал хар аяндаа хөтлөн авчирсан, хэний ч оролцоогүй, “байгалийн шалгарлаар” гарч ирсэн нийгэм. Ёстой л spontaneous order (хар аяндаа бий болсон эмх журам). Ингэж амьдралаар шалгагдсан, нийгмийн хөгжлийн явцаар шигшигдсэн эмх журам ямар ч сартваахийн сургаалаас илүүгээр хүний мөн чанарт тохирч байдаг.

Гэхдээ социализмын үед төлөвшсөн “ордны сэхээтнүүд” энэ бүхнийг ойлгох ч үгүй, ойлгохыг хүсэх ч үгүй, ойлгосон ч хүлээн зөвшөөрөхгүй. Социализмаа санан дурссаар бэтгэрч үхэх хүмүүс. Эд нарт либертари үзэл таалагдана гэвэл “нар баруунаас гарна” гэгч болох биз.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж