Ирэх жил АСЕМ ээлжит чуулган Монголд болно. Дэлхийн удирдагч нарын дээд түвшинд болох энэхүү уулзалтын бэлтгэлийг базаагаад эхэлсэн ч “хөгөө чирэх вий” гэсэн болгоомжлол бий. АСЕМ-аас шалтгаалан ирэх оны сонгуулийг урагшлуулах эсвэл хойшлуулах тухай ч ярьж эхэллээ. Монголын нэр хүндийг дэлхийд өргөх том шаанс гэж буй энэхүү арга хэмжээнээс дутахааргүй ач холбогдолтой бас нэгэн мэдээлэл нь Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд анх удаагаа нэр дэвшиж буй явдал.
Нэгэн ёсондоо аравдугаар сарын сүүлээр болох энэхүү сонгуульд Монгол улс бүс нутагтаа өрсөлдөж байна.
НҮБ-ын ХЭЗ нь анх 2006 онд байгуулагдсан. 47 гишүүнтэй бөгөөд гурван жилийн хугацаанд гишүүнээр нь ажиллах улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 192 гишүүний ердийн олонх буюу наандаж 97 улсын төлөө саналаар сонгодог аж. Энэ жилийн сонгууль Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр аравдугаар сард болох юм.
Манай улс 54 гишүүнтэй Ази, Номхон далайн орнуудын бүлэгт харъяалагддаг аж. Энэхүү бүлэг нь Хүний эрхийн зөвлөлд 13 суудалтай бөгөөд жил бүр сулрах 4-5 суудалд нөхөн сонгууль болдог. ХЭЗ-ийн 2015 оны сонгуульд энэ бүлэгт сулрах таван суудлын нэг суудлыг бид авахаар өрсөлдөнө өө гэсэн үг. Бидний өрсөлдөгчдийн тухайд Лаос, Киргиз, Пакистан, БНСУ болон Филиппин тус тус нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.
Гэхдээ бид сонгогдох магадлал өндөр. Нэгдүгээрт, Азидаа ардчиллын замаар замнасан анхны улс төдийгүй хүний эрхийг дээдэлсэн, хүнлэг энэрэнгүй нийгмийг Үндсэн хуулиараа тунхагласан явдал тэднээс ялгарах бидний гол имиж. Нөгөөтэйгүүр бидэнтэй өрсөлдөж буй Пакистан, Лаос зэрэг улс орнуудад үймээн, самуунтайн дээр хүний язгуур эрхийг хүртэл хаан боогдуулдаг зэрэг нь бид мандат авах бас нэгэн боломж.
Тиймээс тэдгээр улс орны хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсыг дэмжихэд бэлэн байгаа гэдгээ хэлж байна.
Сэтгүүлчдэд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн сургалтанд оролцож, Азийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба цуглаан хийх, эвлэлдэн эрх, эрх чөлөөний холбоотой асуудлаар болон Монгол улс нь үүнд туслахын тулд юу хийж чадах гэсэн сэдвээр ярилцлага өрнүүлсэн Хүний эрхийн төлөө тэмцэгч Shahzad Ahmad “Монгол Хүний эрхийн зөвлөлд Азийг төлөөлөн орох боломж бүрэн бий” гэж байр сууриа илэрхийлэв. Мөн хүний эрхийн хамгаалагч Sayeed Ahmad “Энэтхэг, Пакистанд хүний эрхийг хамгаалагчдыг хулгайлах, хөнөөх тохиолдол элбэг байна. Тиймээс Монгол Улс хүний эрхийг хамгаалах үйлсэд манлайлан оролцохыг хүсч байна” гэдгийг хэлсэн бол Мьянмарын төлөөлөгч Khin Ohmar “Мьянмарт өөрчлөлт болж байгаа ч дорвитой хэмжээнд өөрчлөгдөөгүй. Өнөөдөр 140 орчим улс төрийн хоригдол, мянга гаруй тариачин, ажилчид, 400 орчим хүний эрхийн хамгаалагч шүүхийн шатанд шалгагдаж байна. Мьянмарт буддын шашинтнууд мусулманчуудын эсрэг хүчирхийлэл явуулж буй төр засгийн зүгээс дэмждэг. Монгол НҮБ-ын ХЭЗ-д сонгогдвол бид энэ асуудлаар байн байн танай улсад хандах болно” гэж шулуухан байр сууриа илэрхийлэв. Харин бидний ихээр аялж, зугаалах болсон Малайзын хүний эрхийн байгууллагын төлөөлөгч Sevan Doraisamy Ш.Алтантуяагийн хэрэг Малайзын хүний эрхийн төлөв байдлыг харуулах тод жишээ гэдгийг дурдаад өнөөдөр тус улсад аливаа хэрэг шударга бусаар шийдэгддэг гэдгийг нуусангүй. Хүний эрхийн хамгаалагчдын эсрэг үйл ажиллагаа явуулах ч энүүхэнд гэнэ.
Сүүлийн үед бидний ихээр сонсох болсон нэр төдий ардчиллын тухай Sevan Doraisamy “Дэлхийн аль ч улсад,тэр дундаа Азид ардчиллаас ухрах үзэгдэл газар авч байна. Улс орнууд авлигад идэгдэж байна. Азийн улс орнууд дотроос Монгол Улс Малайзын эрх ашгийг хангаж чадах байх. Тиймээс хэрэв сонгогдож ажиллавал тодорхой зөвлөмжийг өгөөсэй” гэв.
Монгол улс бүс нутгийнхаа хэмжээнд хүний эрхийг хангах тал дээр дээгүүр эгнээнд явна. Уламжлалт ёс заншил, тиктатур зэргээсээ шалтгаалан Азийн улс орнуудад хүний эрх төдийлөн хангагдахгүй байгааг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин тэд биднийг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, сахин хамгаалах чиглэлд чамгүй ахиц гаргасан, харьцангуй туршлагатай гэж олон улс үзэж байна.
Монгол Улсын хувьд ч хүний эрхийн голлох үзүүлэлтүүд саармаг хэвээрээ байсаар байна. Гэхдээ бид НҮБ-ын ХЭЗ-ийн гишүүн болвол бидэнд хүний эрхийн асуудлаа илүү өндөр төвшинд хүргэх зайлшгүй шаардлага гарна. Тодорхой боломжууд ч нэмэгдэнэ. Монгол Улс ХЭЗ-ийн гишүүн болохдоо хүний эрхийн чиглэлээр улсдаа төдийгүй бүс нутагтаа ямар үр дүнд хүрэх талаар НҮБ-ын өмнө амлалт авч, хариуцлага хүлээнэ. Нэг үгээр хэлбэл, хүний эрхийн чиглэлээр үлгэр жишээ улс болох ёстой. Өөрийн төдийгүй бусдын төлөө үүрэг хүлээсэн улс энэ чиглэлд ахиц гаргахгүй бол дэлхийд шившиг болох нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр Монголын төр дэлхийн өмнө хүний эрхийг хамгаалах талаар үүрэг хүлээнэ гэсэн үг. Түүнийг дагаад бидний нэр хүнд олон улсын хэмжээнд өснө.
Тиймээс энэ сонгууль бидний хувьд маш чухал бөгөөд алдах эрхгшй том боломж.
Л.ТӨГС
Холбоотой мэдээ