Зөв хүмүүжилтэй хүн боловсролыг амархан эзэмшдэг

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Зөв хүмүүжилтэй хүн боловсролыг амархан эзэмшдэг

Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Монголын ахмад багш нарын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд боловсролын салбар, тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сургалтын систем өөрчлөгдөж, шинэчилэгдсэн нь том дэвшил гэж ахмад багш нар үзэж байна. Өмнө нь хүүхдийн мэдлэгт суурилж, багш ганцаараа олон цагийн хичээлийг заадаг байсан бол сургалтын шинэ хөтөлбөрөөр сурагчдын хүсэл, сонихролд нийцүүлэн хүүхэд бүртэй багш тулж харилцан, тэднийг жигд хөгжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл хүүхдэд хүчээр суурь, дунд боловсролыг олгохгүй. Нөгөө талдаа сургалтын системийн энэ шинэчлэлт нь багшаас олон талын ур чадварыг шаардана. Иймээс залуу багш нар заах арга барилаа хүүхдийн төлөвшил, хүмүүжилд суурилж, байнга шинэчилж, сонирхолтой болгохыг ахмадууд зөвлөж байна.  

Хүүхэд ирээдүйд ямар хүн болох нь түүний бага насандаа олж авсан хүмүүжил, төлөвшилөөс шууд хамаарна. Хүүхдэд сууж сурах, уншиж сурах, яриж сурах чадварыг зургаан наснаас нь эхлэн суулгах нь  хамгийн тохиромжтой гэж ахмад багш нар ярьлаа. Ирэх есдүгээр сарын нэгнээс хэрэгжих бага боловсролын "Цөм" сургалтын хөтөлбөр бол зургаан настангуудад тохирсон, аргачлал гэж туршлагатай багш нар тайлбарлалаа. Жишээлбэл, математикийн хичээл дээр аль нэг диаграммыг харуулаад "Үүнийг диаграмм гэдэг ээ" гэж заадаг байсан. Гэтэл одоо хүүхэд нэг бүр эхлээд мэдээллүүдээ цуглуулна. Жишээ нь унаагаар явдаг сурагчид л гэхэд "Би автобусаар явдаг. Харин тэр машинаар ирдэг. Бас тэр ойрхон учир явган ирдэг" гэх мэтчилэн нэгнийхээ тухай мэдээлэл цуглуулж ангилаад, тэр хүүхдүүдийнхээ тоогоор "Манай ангиас гурван хүүхэд автобусаар, таван хүүхэд автобусаар, дөрвөн хүүхэд алхаж ирдэг" гэж хүснэгтлээд, түүнийгээ диаграмм, график байгуулна. Тэгээд өөрсдөө "Аан, үүнийг зурган диаграмм гэдэг юм байна" гэж ойлгох юм байна.

Ирэх хичээлийн жилд улсын хэмжээнд  төр, хувийн хэвшил нийлсэн 762 ерөнхий боловсролын сургууль, 1171 цэцэрлэг, 85 мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 100  гаруй их дээд сургуульд нийт сая орчим оюутан, сурагч суралцах юм. Харин 46 мянга 500 багш дээрх тооны хүүхдэд бүрэн дунд, дээд боловсролыг олгоно гэсэн тооцооллыг Монгол ахмад багш нарын холбооноос гаргажээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж