Тархи судлалын шинжлэх ухааны доктор Даниел Левитины судалснаар хөгжим хүний биед 2 замаар нөлөөлдөг болох нь тогтоогдоод байгаа.
Нэгдүгээрт: Хөгжим хүний анхаарлыг сарниулдаг,
Хоёрдугаарт: Сэтгэл санааг сэргээгч болдог байна.
Тархины ниеронуудын дохио дамжуулалтад хөгжмийн хэмнэл нөлөөлдөг болохыг мөн Левитин тогтоосон бөгөөд хэмнэлээс шалтгаалан гүйх, алхах зэрэг олон давтамж бүхий хөдөлгөөнийг илүү хялбар гүйцэтгэхэд тус болдог байна. Тэрээр зүрхний сэргээн засах эмчилгээ хийлгэж буй 34 өвчтөнд судалгаа хийсэн бөгөөд 1/3-д нь ямар ч хөгжим сонсуулалгүй, нөгөө 1/3-д нь хэвийн хэмнэл бүхий хөгжим, үлдсэн 1/3-д өндөр хэмнэл бүхий хөгжим сонсуулан эмчилгээний дасгалыг хийлгэсэн байна. Үр дүн нь өндөр хэмнэлтэй хөгжим сонсон дасгал хийсэн өвчтөнүүдийн дасгал хийх чадамж итгэмээргүй нэмэгдсэн бөгөөд бусад өвчтөнүүдээсээ долоо хоногт 261,11 минут илүү дасгал хийж чадсан байна.
Америкийн шинжлэх ухааны нийгэмлэгийн нийтэлснээр сонсож буй дууны үг мөн чухал бөгөөд "чи чадна" "алив бос" зэрэг үг бүхий дуунууд хүний дасгал хийх чадварт шууд нөлөөтэй байгаа нь тогтоогдсон байна.
Лондонгийн Брюнел их сургуулийн багш Костас Карагеоргийн судалснаар өндөр хэмнэл бүхий хөгжим сонсох нь дасгалын үед гарах тэсвэр тэвчээрийг 15% нэмэгдүүлдэг гэсэн дүн гарсан байна.
Ямар дасгал хийж буйгаас шалтгаалан сонсох дууны хэмнэл өөр байх хэрэгтэй. Жишээ нь сунгалт болон иогын дасгал хийж байх үед зөөлөн үгтэй, удаан хэмнэлтэй дуу сонсох нь анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж амьсгал болон зүрхний хэмнэлийг тогтворжуулдаг байна.
За ингээд дуртай хөгжмөө тултал чангалаад дасгалдаа гарах гэж байна уу? Тэрнээс тань өмнө сануулах хэдэн зүйл байна
– Их хотын амьдралд бид өдөр тутамдаа асар их шуугианы бохирдлыг хүртэж явдаг. Энэ дуу чимээн дээр нэмээд өдөр бүр чихэвч сонсдог бол ирээдүйд сонсголын бэрхшээлтэй болох эрсдэлийг 57% нэмэгдүүлж байна гэж үздэг. Чанга дуу чимээ нь дотор чихний бүтцийг гэмтээдэг бөгөөд удаан хугацааны дараа эргэшгүй өөрчлөлт үүсгэдэг бөгөөд яаж гэдгийг дор товчхон тайлбарлая…
Дуу чимээний нэгжийг Децбил гэх нэгжээр хэмждэг бөгөөд 85ДБ дээш дуу чимээ сонсгол бууралтанд хүргэдэг. Танд жишээ болгож дараах харьцуулалтыг хүргэе
- Энгийн яриа 60-70 ДБ
- Кино театр 104 ДБ
- Чихэвч хамгийн ихдээ 110ДБ
- Тоос сорогч 80ДБ
- Машины дуут дохио 110ДБ гэх мэт байдаг.
Дууны долгион гадна чихний тусламжтай цугларан чихний сувгаар дамжин хэнгэргийг чичиргэдэг. Энэ чичиргээг биеийн хамгийн жижиг яснууд болох алх, дөш, дөрөө хүлээн авч хэлбэлзэн давтамжийг нь 2 дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр дотор чихэнд байрлах шингэнийг цалгиулан суурин мембран дээр байрлах үслэг эсүүдийг хөдөлгөөнд оруулан дууны долгионыг мэдрэлийн сигнал болгон хувиргадаг.
Тухайн сигнал дууны мэдрэлээр дамжин тархинд хүрч орчуулагддаг гэж энгийнээр ойлгож болно. Хэт чанга дуу байнга сонсох нь нэг талаас дасал үүсгэх бөгөөд хэсэг хугацааны дараа нам давтамж бүхий дуу, энгийн харилцан яриаг сонсохоо болих бөгөөд нөгөө талаас энэхүү сонсголын замд механик гэмтэл үүсгэх замаар сонсголгүй болгодог.
Ийм учраас чихэвчээр сонсохоосоо илүүтэй заалны хөгжмөөр сонсох, чихэвч хэрэглэхээр бол дуу тусгаарлагчтай буюу noise cancellation бүхий чихэвч сонсохыг танд зөвлөж байна. Ингэснээр хэт чангалах хэрэг гарахгүй шүү дээ.
Соёл Фитнесс клубын эмч, дасгалжуулагч, хүний их эмч Н.Лүдэвдорж
Мэргэжлийн дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл https://www.facebook.com/tsahimfitnessemch/ эсвэл https://www.facebook.com/soyolwellnesscenter/ болон өөрийн биеэр ирж нарийн зөвөлгөө авахыг хүсвэл Монголын анхны магадлан итгэмжлэгдсэн Соёл фитнесс клубээр ороод гараарай.
Холбоотой мэдээ