Иргэд бид айдастай, амаа үдүүлчихсэн мэт л байна

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Иргэд бид айдастай, амаа үдүүлчихсэн мэт л байна

Иргэд бид айдастай, амаа үдүүлчихсэн мэт л байна

Төрийн ордны баруун талд туг, далбаа барьсан нэгэн хүн цагаан хоолойгоор “Хулгайч нартай тэмцье” хэмээн өнөөдөр /2019.10.11/ 12.00 цагийн үед уриалж байв. Хажуугаар өнгөрөх машин руу хандан “Алив тэмцье, ард түмэн ядарч байна”гээд чангаар ярих түүн рүү ойртон очвол “Монголын Ногоон нам”-ын дарга О.Бум-Ялагч байв. Тэрбээр өнгөрсөн таван сарын хугацаанд нийт 19 удаагийн ийм “Ганцаарчилсан жагсаал” хийж байгаа аж. Долоо хоног бүрийн баасан гаригт 11.00-12.00 цагийн үед талбай дээр ирж, тэмцдэг гэв. Түүнтэй хэдэн хором ярилцлаа.

-Та “Хулгайч нартай тэмцье” гээд уриалж байна. Хулгайч гэж хэнийг хэлээд байна?

-Төрд гарсан, энэ ордонд сууж байгаа нөхдүүдийг хэлж байна. Авилгатай холбоотой гэмт хэргийн 79 хувийг Төрийн албан хаагчид үйлдэж байна гэсэн мэдээлэл байна. Арван жилийн дотор 33 их наяд төгрөг буюу Монгол Улсын гурван жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө хулгайлсан байна гэж АТГ-ын дарга нь мэдэгдлээ. Тэгэхээр энэ төрд суугаа хүмүүсийн ихэнх нь хулгайчид юм. Бид үүнийг мэдсээр, дуулсаар байж дуугай суугаад байж болохгүй. Тэмцэх хэрэгтэй.

-Та иргэдээ эмх замбараагүй байдалд уруу татаж, өдөөн турхирч байгаа юм биш үү?

-Үгүй. Та намайг ингэж хэлж харлуулаад ч нэмэргүй. Ард түмэн үнэхээр хүнд, хэцүү амьдарч байна. Захын гэр хорооллоор яваад үзээрэй. Хоногийн хоол, өмсөх хувцасгүй хүмүүс зөндөө байна. Дээр нь хэд хэдээрээ угаартаад үхэж байна. Хүүхдүүд ялангуяа үүнд их өртөж байна. Өр зээлэндээ баригдсан иргэд өвлийнхөө бэлтгэлээ ч базааж чадахгүй байна шүү дээ. Тэгэхэд энэ төрийн томчууд бодит амьдралаас тасарчихсан. Нэг л сайхан ярьдаг хүмүүс. Дипломат төлөөлөгчид нь хар тамхины наймаачин болчихсон, Монгол улсын нэрийг унагаад явж байна. Энэ чинь манай төрийн алба ялзарсныг харуулж байна. Үүнийг хэн өөрчлөх вэ гэхээр ард иргэд өөрчлөх ёстой. Бусад улс орныг харахад, бүгд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө зоригтой тэмцэж чадаж байна. Ганцаараа ч болов тэмцээд, жагсаад байвал энэ ордон дотор байгаа хүмүүс юм бодох байх. Мэдээж энх тайвны аргаар шүү. Сонгуулийг бол эд нар луйвардах нь тодорхой.

-Яагаад? Таныг ингээд гадаа орилоод унахаар сонгууль ойртжээ гэж харах хүмүүс байгаа байх?

-Яагаад гэвэл энэ төрд байгаа хүмүүст маш их хэмжээний мөнгө цугларч байна. Энэ мөнгөний зөвхөн нэг хэсгийг тооцоолж хэлье. Өнөөдөр гуравдугаар цахилгаан станцад 1квт цахилгаан 60 төгрөгөөр гарч байна. Тэгэхэд эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн үүнийг 196 төгрөг гарч байна гэж худал хэлсэн. Дундаас нь 130 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ талаар мэргэжлийн байгууллагуудаас асуухад тайлбар өгөхгүй байна. Монгол Улс нэг цагт 1 сая квт цахилгаан үйлдвэрлэж байна. Үүнийг 130 төгрөгөөр үржүүлэхэд зөвхөн нэг цагт 130 сая төгрөг алга болж байна шүү дээ. 24 цаг 365 хоногоор бодоход л ямар их хэмжээний мөнгө гарах вэ. Ийм аргаар мөнгө идээд байхад бухимдаж, жагсахгүй яах юм бэ. Иргэд намайг кино үзэж байгаа юм шиг гайхаад өнгөрч байна. Гэхдээ дотроо бол дэмжиж байгаа болов уу.

Цагаан хоолой барьсан түүний хажуугаар өнгөрөх иргэд их л гайхсан янзтай харж байв. Зарим нь зогсоод байдлыг ажиглах аж. Тэдний нэг бол Чингэлтэй дүүргийн иргэн О.Цэнд. Тэрбээр ярихдаа “Бидний амьдрал хэцүү байгаа нь үнэн. Хар л даа, ах нь ямар сайндаа ийм хүйтэнд сандаал өмсчихсөн явах вэ. Амьдрал ийм л байна шүү дээ. Гэхдээ хэн ч үүнийгээ хэлж, тэмцэхгүй байгаа нь харамсалтай. Ядаж залуус маань ямар зориггүй болоо вэ гэж бодох юм. 1990-ээд онд манай залуус ямар гал дөлтэй, эрч хүчтэй, итгэл үнэмшилтэй байлаа. Гэтэл одоо бүгд л айдастай, амаа үдүүлчихсэн мэт байна даа” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж