Шинэ цэвэрлэх байгууламж 2021 онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Шинэ цэвэрлэх байгууламж 2021 онд ашиглалтад орно

Шинэ цэвэрлэх байгууламж 2021 онд ашиглалтад орно

"Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж чадахгүй бол хар толгойтой чинь ярина" хэмээн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс анхааруулга өгснөөс хойш нэг жил өнгөрчээ. Жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүний өгсөн үүрэг даалгаврыг Х.Баделхан сайд хэрхэн гүйцэтгэж,  Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил ямар шатандаа явж байгаа нь нийслэлчүүдийн хувьд хамгийн чухал сэдэв юм.

Улирлын жамаар утаа, угаараасаа арай гэж салангуут Төв цэвэрлэх байгууламжийнх нь "сүрчиг" утаад эхэлдэг, энэ үнэр нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлээд удаж буй. БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн өртөг нь 300 сая ам.доллар. Хоногт 250000 м/куб бохир ус хүлээн авч, цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашигласан, байгаль орчинд ээлтэй, лагийг бүрэн боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоод хэрэгцээгээ хангасан олон давуу талтай шинэ цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатарын "сүрчиг" бүрэн арилна гэж албаны хүмүүс амлалт өчиг өгч байсан.

 “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн төслийн ажил энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн билээ. Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил ямар шатандаа явааг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээс тодрууллаа. 

АРВАННЭГДҮГЭЭР САРД БАГТАЖ САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭГЭЭ БАТАЛНА

Тэрбээр “Шинэ цэвэрлэх байгууламж барих захиалагч, гүйцэтгэгч компаниудтай энэ оны хоёрдугаар сард гэрээгээ байгуулсан. БНХАУ-ын “Экзим” банк санхүүжилтийн гэрээнд үнэлгээ хийх учраас хугацаа багагүй шаардагдсан.

Экзим” банкны албаны хүмүүс хэд хоногийн өмнө Монголд ирээд холбогдох байгууллагуудтай уулзалт хийхдээ санхүүжилтийн гэрээний үнэлгээ шувтрах шатандаа явааг дуусгасан. Ирэх арваннэгдүгээр сард багтаж санхүүжилтийн гэрээгээ батална. 

Эхний ээлжид хамгийн том байгууламж болох биологи цэвэрлэгээний байгууламжийн зураг төсөл гарсан учраас өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр барилгын ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын талбайн бэлтгэл ажлыг хангаж, түр ажилчдын байр, хашаа, цамхагт краныг байршуулан, биологи цэвэрлэгээний байгууламжийн суурийн газар шорооны ажил, бетон зуурмагийн узель угсрах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Шинэ цэвэрлэх байгууламжийн эх загвар зураг нь Барилгын хөгжлийн төвийн магадлалаар батлагдсан. Одоохондоо ажлын нарийвчилсан зураг үе шаттай гарч байна. Барилгын үндсэн угсралтын ажилд гурван жил шаардагдана. Тэгэхээр 2021 онд шинэ цэвэрлэх байгууламжийг бүтээн байгуулалт дуусна” гэв.

Өнгөрсөн есдүгээр сарын 9-нд Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Ай Вай И Зэт” ХХК-ийн гүйцэтгэсэн Төв цэвэрлэх байгууламжийн лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад орсон билээ. Тус байгууламж ашиглалтад орсноор өнөөдөр төв цэвэрлэх байгууламжид өдөр тутам гардаг түүхий лагийг ид задгай хатаадгаас үүдэн эвгүй үнэр үнэртдэг байсныг бүрэн зогсоож үнэрийг багасгана хэмээн албаны хүмүүс онцолж байна. Юутай ч шинэ цэвэрлэх байгууламж барих цаасан дээрх гэрээ хэлцлээ салбарын яам нь хийгээд эхэлсэн бөгөөд бодит бүтээн байгуулалт болгох л үлдлээ.

Дашрамд дурдахад, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Өвөрхангай, Архангай,Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар, Дархан аймагт хоногт 3000 метр куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барих ажил хийгдэж байгаа аж. Мөн Франц Улсын зээл тусламжаар Эрдэнэт хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барьж дуусган ашиглахад бэлэн болжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж