“Харанга” хамтлагийн 30 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2019.10.11/ “Сэнгэраги” арт галерейд боллоо. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр бараг Монголын рок попын оддын цугларалт болсон гэж хэлж болно. Олноо нэр хүндтэй хөгжмийн зохиолчдоос гадна Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав Монгол Улсын гавьяат дуучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших, “Рок” Р.Мөнхсайхан, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Н.Халиун Монголын рок поп урлагийн “акул”-ууд цугларчээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн хамтлагийнхандаа гэнэтийн бэлэг барьсан юм. Тэрбээр “Харанга” гэсэн бичигтэй Гуанжуа хотод захиалж, хийлгэсэн зэсэн харангыг хамтлагтаа бэлэглэв. Энэ үеэр дуучин Х.Лхагвасүрэн үг хэлэхдээ “Би энэ хамтлагт 30 жил боллоо. Одоо кинон дээр гардаг шиг өөрийнхөө хөрөнгөнөөс зэс харангыг хамтлагтаа дурсгаж байна” гэсэн юм.
Түүний бэлэглэсэн зэсэн харангыг “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдорж цохиж, харанга дэлдлээ.
А.Сүрэн
Холбоотой мэдээ