Кубын Ардын Үндэсний Ассемблейн гишүүд өнгөрсөн Пүрэв гариг /2019.10.10/-т хуралдаж, Мигель Диас-Канелийг Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилсон байна.
Төрийн болон Сайд нарын зөвлөлийн даргын албан тушаал хашиж буй тэрбээр 580 депутатаас 579-ийнх нь саналыг авсан бөгөөд 2023 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллах аж. Диаз-Канель “Кубын бүх ард түмний сайн сайхан ирээдүй төлөө, эдийн засгаа бэхжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарах болно” гэж хэлжээ.
Кубын дэд ерөнхийлөгчөөр эдүгээ 74 настай Сальвадор Валдес Меса сонгогджээ. Тэрбээр Төрийн болон сайд нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч, Кубын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн аж. Өмнө нь хууль тогтоогчид Эстебан Лазо-г Үндэсний Ассемблей, Төрийн Зөвлөлийн ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг санал болгожээ.
Гаванад болсон ээлжит бус чуулганы хуралдаанд Кубын Коммунист намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Раул Кастро оролцсон байна.
Кубын шинэ үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, зэвсэгт хүчний дээд командлагч бөгөөд Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн даргаар ажиллах ажээ. Мөн Ерөнхий сайд, зарим яамдын сайд, Ардын Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Үндэсний сонгуулийн зөвлөлийн даргыг томилох, огцруулах асуудлаар Ардын Үндэсний Ассемблей, Төрийн Зөвлөлд санал оруулах эрхтэй юм байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ний өдөр болсон Бүх ард нийтийн санал асуулгаар шинэ Үндсэн хуулийг батлахыг дэмжиж, 6.81 сая кубачууд саналаа өгчээ. Кубын засаглалын дээд байгууллагад тооцогддог Үндэсний Ассемблей 605 гишүүнтэй бөгөөд жилд хоёр удаа тогтмол хуралдаж, шаардлагатай бол ээлжит бус чуулган хуралдуулдаг байна.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ