Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоож, 1993 онд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөөр байна. Энэ харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, соёл, боловсрол, олон нийт, хүмүүнлэг гээд бүх салбарт эрчимжүүлэн гүнзгийрүүлэхээр болсныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотгов. Энэ удаагийн айлчлал Монгол, Казахстан Улсын харилцаанд шинэ хуудас нээж, хоёр ард түмний найрамдлыг улам бататгаж шинэ хуудас нээлээ. Уг айлчлалын хүрээнд Монгол-Казахстаны бизнес форум болж байна. Энэхүү форумд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар бизнес эрхлэгчдэд хандан үг хэллээ.
Тэрбээр “Тэртээ XIV зуунаас түүхэн улбаатай Монгол, Казахстан хоёр улсын ижил төстэй олон зүйл байдаг бөгөөд өргөн уудам газар нутагтай, эрдэс баялгийн арвин их нөөцтэй улсууд гэж би үздэг. Иймээс хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олсон амжилт, туршлагыг хуваалцан энэ салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар хөгжүүлэх асар их боломж бий” гэдгийг тодотгов. Монгол улсын Ерөнхий сайдын Бүгд Найрамдах Казахстан улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол улсад “Алт, мөнгө (үнэт металл) боловсруулах үйлдвэр” барих санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа. Монголчууд алтаа гадаад улсад цэвэршүүлж төдий хэмжээний зардал гаргаж, алтаа гадаадад байршуулдаг. Айлчлалын үеэр Казахстаны талаас 30 сая долларын үнэтэй патентаа үнэгүй өгөхөөр боллоо. Энэ удаагийн айлчлалд Монголоос Ерөнхий сайдтай 60 гаруй бизнесийнхэн ирсэн. Бизнес форумд айлын талаас 160 орчим бизнесийн төлөөлөгчид, 45 албаны хүмүүс нийт 200 гаруй хүмүүс оролцож байна.
Холбоотой мэдээ