Ходоодоо хайрладаггүй хайнга зангаас болж алтан амиа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Ходоодоо хайрладаггүй хайнга зангаас болж алтан амиа алдаж байна

Ходоодоо хайрладаггүй хайнга зангаас болж алтан амиа алдаж байна

Улсын болон хувийн эмнэлгийн дурангийн эмч, мэргэжилтнүүд “Хоол боловсруулах замын дурангийн оношлогоо, эмчилгээ” сэдвийн дор өнөөдөр /2019.10.11/ чуулж байна.

Монголчууд хоол боловсруулах замын хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа харамсалтай үзүүлэлт байна. Амьдралын хэв маяг, уламжлалт хоол, хүнсний хэрэглээ, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг сул зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж буй. Эл өвчлөлийг “даврааж” буй хамгийн гол хүчин зүйл нь монголчууд ходоодоо хайрладаггүйгээс болдог гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна.

ҮЛДЭГДЭЛ ХООЛОО ХАЯЖ ЧАДДАГГҮЙ НЬ ХОДООДНЫ ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААН БОЛДОГ

Багануур дүүргийн Хоол боловсруулах эрхтний дурангийн эмч Г.МӨНХГЭРЭЛ: 

-Багануур дүүрэгт 2018 онд ходоодны дурангийн оношилгооны төв нээгдсэн. Жил гаруйн хугацаанд оношилгоо хийгдэж байна. Ачаалал ихтэй байдаг. Мэргэжлийн нэг эмч, ганц төхөөрөмжтэй учраас ажлын ачаалал их байдаг. Ходоодны хорт хавдар, элэгний хавдрын өвчлөл, эл өвчний шалтгаант нас баралт өндөр байна. Хоол боловсруулах замын өвчлөл, улаан хоолой, ходоодны шарх, үрэвслийг илрүүлэхэд дурангийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Зөв оношилгоог хийснээр өвчин нь эрт үедээ оношлогдох ёстой. Бидний хувьд илүү суралцах нь чухал байгаа. Гэхдээ иргэдийн дунд ходоодны шарх, 12 нугалаа бүдүүн гэдэсний шархтай байх нь түгээмэл. Ходоод, бүдүүн гэдэсний хорт хавдар хожуу шатандаа илэрч байна. Энэ нь монголчууд ходоодоо хайрладаггүйтэй холбоотой. Дуусаагүй, хоносон хоолоо хаяхаас хайрлаж иддэг, цадсан ч хоолоо бараагүй бол хаялгүй иддэгээс болж ходоод, улаан хоолой шархалдаг. Үлдэгдэл хоолоо хаяж сурах хэрэгтэй. Ер нь ходоод улаан хоолойн өвчлөлийн үед элэгнээс илүү зовиур илэрдэг. Цээж гашуун оргих, гэдэс дүүрэх, цанхайх, хоол шингэхгүй зовуурь илэрвэл эмчид үзүүлж дурандуулах ёстой. Гэвч иргэд зовууриа тоохгүй, эмнэлэгт үзүүлдэггүй. Эцэст нь өвчнөө тэсвэрлэхгүй болсон үедээ л эмчид хандаж, өвчнөө хүндрүүлж байна. Хамгийн тулгамдаж байгаа асуудал нь хеликобактер, буруу хооллолтоос үүдсэн ходоодны шарх, хавдрын өвчлөл залуужиж байна.

МОНГОЛЧУУД ХОДООДОО ХАЙРЛАДАГГҮЙ

Хоол боловсруулах эрхтний дурангийн Зөвлөх эмч ЦЭРЭНЛХАМ: 

-Монгол Улсад ходоодны дуран оношилгооны анхны дөрвөн эмэгтэй байсны нэг нь би. Хавдар судлалын үндэсний төвд дурангийн эмчээр 30 гаруй жил ажилласан. Төмөр дурангаас эхлээд уян дуран дээр ажиллаж байлаа. Одоогоос 30 жилийн өмнө улаан хоолой, ходоодны шарх, хавдрын өвчлөл монголчуудын дунд их, манай эмнэлэг их ачаалалтай байсан. Өнөөдөр ходоодны хорт хавдар, энэ өвчний шалтгаант нас баралт илүү ихэссэн байна. Ялангуяа өвчлөл залуужиж байгаад миний санаа чилдэг. Монголчууд ходоодоо хайрладаггүй. Хайрлаж чадахгүй байна. Хэдийгээр одоо эко бүтээгдэхүүн гэж ярих болсон ч ходоодонд сөргөөр нөлөөлөх сүлжээний эм бүтээгдэхүүн хэрэглэх, буруу хооллолт, хоолны дэглэм барьдаггүй, мах их хэрэглэх зэрэг олон хүчин зүйлсээс болж улаан хоолой, ходоодны хорт хавдрын өвчлөл ихэсч байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол зүйл нь эрт үеийн илрүүлэг. Өвчнийг эрт илрүүлэхэд тоног төхөөрөмж чухал боловч өнөөдрийг хүртэл дутагдалтай байна. Орон нутагт ч хүрэлцдэггүй.

ӨВЧНИЙ ХОЖУУ ҮЕД ЭМНЭЛЭГТ ХАНДАХАД АРГА ХЭМЖЭЭ АВАХАД НЭГЭНТ ОРОЙТСОН БАЙДАГ

ХСҮТ-ийн Дурангийн мэс заслын тасгийн эрхлэгч, Их эмч  Ж.ОЮУНЧИМЭГ: 

Сүүлийн жилүүдэд дурангийн оношилгоо техникийн тоног төхөөрөмж сайжирсан. Дурангийн аппаратын гэрэл тод болсон, дэлгэцүүдийн нягтаршил сайжирснаар ходоодны салстуудад буй жижиг өөрчлөлтүүдийг дэлгэцэн дээр томруулж хардаг,ажиллахад хялбар болсон. Заримдаа оношилгооны үед цус алдах эрсдэл өндөр байх нь ч бий. Энэ нь тухайн өвчнөө хүндрүүлж, хавдрын оройтсон шатандаа эмнэлэгт хандаж буй иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хайнга зан, буруу хооллолтоос шалтгаалж байна. Өвчнөө хүндэрсэн хойно эмнэлэгт хандахад арга хэмжээ авахад оройтсон байдаг учраас эрт үед үзлэг оношилгоонд хамрагдах нь чухал байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж