Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охид 20 хувиар нэмэгджээ | News.MN

Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охид 20 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охид 20 хувиар нэмэгджээ

Бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охид 20 хувиар нэмэгджээ

Охидын эрхийг хамгаалах Олон улсын өдөр өнөөдөр /2019.10.11/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”-ноос Сүхбаатарын талбай дээр “Хамтдаа хамгаалья” тайван цуглааныг зохион байгуулж байна. Уг цуглааны гол зорилго нь охидын хүчирхийллийн эсрэг тэмцэх юм. Энэ талаар “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн В.Удвалаас тодрууллаа.

-Монголд охидын эрх хэр зөрчигдөж байна гэж үзэж байна вэ, өнөөдрийн цуглааны онцлог, ач холбогдол юу вэ?

-Бидний хувьд “Хамтдаа хамгаалья” уриан дор бүтэн жилийн аян зохион байгуулаад явж байна. Энэ удаагийн цуглаанд эмэгтэй, эрэгтэй бүх насны хүмүүс хамтран оролцож байна. Мөн “Хүний эрхийн үндэсний комисс”, “Гэр бүл, хүүхэд залуучуудын газар” болон “Лантуун дохио” гэх мэт ТББ, оюутан, залуусын төлөөлөл ирсэн байна. Зорилго нь охидын хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж, нийтийн анхаарлын төвд оруулах юм. Хүчирхийлэл дотроо олон янз шүү дээ. Бие махбодь, сэтгэл санаа, бэлгийн гэх мэт. “Хамтдаа хамгаалья” цуглаан охидын бэлгийн хүчирхийллийн асуудлыг илүү хөндөж байгаа. Сүүлийн үед энэ төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа бага насны хүүхэд нэлээд нэмэгдэж байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын тоо 20 гаруй хувиар нэмэгдсэн судалгаа байна.

-Өнөөдрийн тайван цуглааны үеэр ямар арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа вэ?

-Монголын Эмэгтэйчүүдийн холбоо нийтийг хамарсан маш олон ажлууд зохион байгуулдаг. Үүний нэг бол өнөөдрийн тайван цуглаан. Энэ жил хоёрдахь удаагаа болж байна. Хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүд дандаа ойр тойрны хүмүүс байдаг. Тиймээс хүчирхийллийг далимдуулаад ял завшиж байгаа тохиолдол олон байна. Өнөөдрийн цуглааны үеэр бид охидын хүчирхийллийн эсрэг авах арга хэмжээ, хууль дүрмэнд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барьж байгаа. Үүнээс гадна хандивын хайрцаг ажиллуулж байна. Энд цугларсан мөнгөөр бид хүчирхийлэлд өртөж сэтгэлзүйн болоод бусад дарамтад өртөөд байгаа хүүхдүүдийн нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулахаар зорьж байгаа юм.

Өнөөдрийн “Хамтдаа хамгаалья” тайван цуглаанд оюутан залуус анги хамт олноороо ирж оролцож байв. Тэдний төлөөлөл болох хоёрдугаар курсын оюутан Б.Отгонцэцэгээс цуглааны сэтгэгдэлийг нь сонсон юм. Тэрбээр ярихдаа “Бид эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг оюутнууд. Манай сургууль дээр “Залуу эмэгтэй удирдагч” клуб ажилладаг. Бид эмэгтэйчүүд, охидын чиглэлээр ямар ажил хийх хэрэгтэй вэ, тэдэнд ямар асуудал тулгардаг вэ зэрэг асуудлыг хөндөн сургалт, үйл ажиллагаа явуулдаг. Бид өөрсдөө ирээдүйн ээжүүд. Тиймээс бидний үр хүүхэд, охид ямар нэгэн хүчирхийлэлд өртөхгүй, хууль эрхзүйгээр хамгаалагдсан байх ёстой гэж үзсэний үндсэн дээр өнөөдрийн цуглаанд нэгдэж байгаа юм. Ер нь бид тэмцэхгүй бол өөр хэн тэмцэх вэ. Шийдвэр гаргах түвшний хүмүүст бид л дуу хоолойгоо хүргэж, сайн сайхан ирээдүйг бий болгох ёстой юм” гэв.

Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр /2019.10.11/ мөн “Гүнж” төвөөс хэвлэлийн хурал зохион байгууллаа. Тус хурлаар маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдөр 100 охидын төлөөллийг хамруулсан “Охидын эрх ба ялгаварлан гадуурхалт” чуулганыг зохион байгуулах тухай мэдээлэл өглөө.

Чуулганаар охидод тулгарч буй ялгаварлан гадуурхалт, нийгмийн үнэлэмжийн талаарх дуу хоолойг сонсон, шийдвэр гаргагчдад чиглэсэн уриалга, зөвлөмж гаргаж, тэдэнд ээлтэй нийгэм бий болгоход нөлөөлөх аж. 2018 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүдийн байна гэсэн судалгаа гарчээ. Үүний 36 хувь нь 0-19 насны охид байгаа юм.

Тэднээс жилд дунджаар 218 охин 8-17 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, 3500 орчим нь өсвөр насандаа ээж болж байна.

Энэ нь эцэг, эх, багш нар өсвөр насны хүүхэдтэй харилцан ярилцдаггүй, тэднийг сонсдоггүй, мөн сургуульд эрүүл мэндийн чиглэлээр хангалттай боловсрол олгодоггүй гэх мэт асуудалтай холбоотой хэмээн Гүнж төвийн хөгжлийн ажилтан Б.Гэрэлтуяа ярисан юм.

Харин чуулган зохион байгуулж буй охидын төлөөлөл болох ЕБС-ийн 12-р ангийн сурагч М.Пүрэвжав ярихдаа “Бид тулгарч буй асуудлаа гэрийнхэндээ тэр бүр яриад байдаггүй. Миний хувьд аав ээжтэйгээ ярилцаад сууж чаддаггүй л дээ. Эгч нартайгаа л ярина. Бидний энэ хаалттай харилцаа мэдээлэл олж авах, зөв шийдвэр гаргахад муугаар нөлөөлдөг. Тухайлбал, өсвөр насны охид тамхи татаж, буруу зүйлд уруу татагдах явдал их байна. Гэтэл тэд “Манай өвөө насаараа л тамхи татлаа, зүгээр л байна” гээд татаад байдаг. Энэ чинь буруу гэдгийг хэлж ойлгуулмаар байна.

Мөн охид эрт бэлгийн харьцаанд орж, ээж болж байна. Энэ сэдвээр ээж, аав нар хүүхэдтэйгээ ярилцахгүй байна шүү дээ.

Ядаж л бидний насныханд хамгаалалт яаж хэрэглэх вэ, хамгаалах нь ямар давуу талтай вэ гэдгийг хэлж, мэдээлж өгөх ёстой. Гэтэл биднийг жаахан байна, энэ сэдвээр ярих болоогүй гээд орхидог” гэсэн юм.

Энэ мэт охидод тулгарч буй асуудал, ялгаварлан гадуурхалт, нийгмийн хандлага, харилцааг хөндсөн сэдвийг маргаашийн чуулганд өргөн хүрээнд хэлэлцэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-11 43.242.243.238

Эцэг эх нь ч гэсэн мэдэхгүй олон хүүхэд цувуулаад үр хүүхдээ хүмүүжүүлэхийн оронд тэжээхэд хамаг анхаарлаа хандуулдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж