"Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна"

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна"

"Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна"

NEWS агентлагийн сурвалжлагч Ш.Адъяамаа Бүгд Найрамдах Казахстан Улсаас мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.10.11/ Монгол, Казахстаны бизнес форумд оролцлоо. Тус форумыг хоёр улсын Ерөнхий сайд нар нээж үг хэлсэн юм.

У.ХҮРЭЛСҮХ: “ХҮННҮ ЭЙР”  КОМПАНИ УЛААНБААТАР-АЛМАТА ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс хоорондын бат бөх харилцаа дээрээ суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, аялал жуучлалын гээд өргөн хүрээтэй салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр бид ярилцлаа. Монгол, Казахстаны бизнес форум нь хоёр орны, эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрсөн хугацаанд Казахстан Улс бизнесийн тогтвортой орчин бүрдүүлж, өрсөлдөх чадвараа ахиулан эдийн засгийн хөгжлийн өндөр амжилтад хүрч чадсаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэ оны зургадугаар сараас Казахстаны иргэний агаарын тээврийн “СКАТ” компани Нур-Султан-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэллээ. Түүнчлэн Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Эйр”  компани Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна.

Казахстаны бараа бүтээгдэхүүн, тухайлбал хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, нарийн хилэн бөс даавуу, алим жимс зэргийг манай ард түмэн олон жилийн өмнөөс хэрэглэж заншсан, чанар нь танигдсан бараа бүтээгдэхүүн юм. Сүү, махны чиглэлийн “Казахын цагаан толгойт” үүлдрийн үхэр, газар тариалангийн зарим сорт, төрлийг бид Монголд нутагшуулан ажиллаж ирсэн туршлагатай. Эдгээр уламжлалт худалдаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ.

А.У.МАМИН: КАЗАХСТАН БОЛ БИЗНЕС ЭРХЛЭХ БОЛОМЖ ИХТЭЙ УЛС

Харин Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин “Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс өсч, олон улсын санхүүгийн агентлагууд ч Казахстан улсын эдийн засгийг эерэгээр дүгнэж байна. Бидний зүгээс бизнес эрхлэлтийг тогтвортой дэмжих бодлого барьж, шинээр бизнес эхлэхэд бүрдүүлэх материалын тоо, төрлийг багасгасан. Хоёр улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн тулд тээврийн салбараа хөгжүүлэх шаардлагатай байгаа. БНКазУ-ын зүгээс Монгол Улсад барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх, хөрөнгө оруулах сонирхолтой байгаа гэдгийг бизнес эрхлэгчид та бүхэнд онцлон хэлмээр байна” гэв.

Уг бизнесийн форумд Монгол Улсаас 60 гаруй бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Тухайлбал, Оюутолгой ХХК, МАК корпораци, Макс групп, Мон Сертф ХХК, Монгол эм импекс концерн, Оюуны Ундраа ХХК, Сод Монгол ХХК, Тесо корпораци, Туушин ХХК, Чингис хаан ХХК-ийн  төлөөллүүд тус тус оролцож байна. Харин Казахстаны талаас 160 орчим бизнесийн төлөөлөгчид, 45 албаны хүмүүс нийт 200 гаруй хүн бүртгүүлжээ.

Казахстан улсын эдийн засгийн гол салбарууд нь байгалийн хий, уул уурхайн олборлолт, машины үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө, аж ахуй, мал аж ахуй, газар тариалан юм. Хоёр улсын нийт худалдааны эргэлт 35 сая. ам.доллар байгааг 130 сая ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж буй. Тиймээс Бүгд Найрамдах Казахстан Улстай манай улс цаашид дэд бүтэц, барилга, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллах өргөн боломж байгааг айлчлалын үеэр талууд хөндсөн.

Цаашид манай улсад дэд бүтэц, барилга, тээвэр логистик, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахыг сонирхож байна

Мөн  “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж, бодит үр дүн гаргах нь чухал байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолоо.

“Монгол-Казахстаны бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт талууд  итгэлтэй байна. Бизнес форумыг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Казахстаны үндэсний компани “КАЗАХ-ИНВЕСТ“  хамтран зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж