Генетикийн шинжлэх ухаан нь ген эцэг, эхээс, амьд организмд хэрхэн удамшиж байгаа, хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгааг судалдаг. Ген нь ургамал, амьтан, микро организм зэрэг амьд юм бүхэнд байдаг. Монгол Улсад генетикийн шинжлэх ухаан үүссэний 50 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2019.10.11/ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, генетикийн шинжлэх ухааны ололт амжилт, Монголд хийсэн судалгаа, шинжилгээний үр дүн, орчин үеийн судалгааны чиг хандлагын талаар мэргэжилтнүүд хуралдлаа. Хурлын үеэр доктор профессор Х.Түмэннасангаас генетикийн шинжлэх ухааны ололт амжилтын талаар тодрууллаа.
-Монголд генетикийн шинжлэх ухаан үүсээд 50 жил болсон байна. Энэ хугацаанд гаргасан амжилтуудаас дурдахгүй юу?
-Монголын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнд Генетикийн лаборатори байгуулагдаад 50 жил өнгөрчээ. Энэ хугацаанд таван хошуу малын генетик бүтэц, монгол оронд тариалж, ургаж байгтаа үр тариа, буудай, хүний удамшил хувьслын асуудал, монгол хүнд тархсан зарим вирус, тухайлбал, элэгний B, С, Д вирусийн генийн судалгааг хийлээ. Сүүлийн жилд монгол оронд цөөн тоогоор үлдсэн мазаалай, монгол бөхөн зэрэг амьтдын генетик бүтцийг судалж, ховордсон шалтгаан, цаашид хэрхэх, дэлхийн бусад амьтдаас юугаараа ялгаатай, юугаараа адил байгааг тогтоогоод, цаашид өсгөж, хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг бий болгож байна.
-Генийн инженерчлэл дэлхийд хурдацтай хөгжиж байна. Лабораторийн орчинд эсээс эд эрхтнийг ургуулдаг боллоо. Монголд генийн инженерчлэл хэзээ хөгжих вэ?
-Генийн инженерчлэл, нано технологи, орчин үеийн генетикийн салбар Монголд хөгжиж эхэлж байна. Нэг организмд байгаа ашигтай шинжийг тодорхойлж буй генийг зөөвөрлөн өөр организмд шилжүүлснээр тухайн организм шинэ шинж чанартай болж байгааг генийн инженерчлэл гэнэ.
Үүдэл эсийг хадгалуулбал ямар нэгэн эрхтэн муудсан үед хадгалуулсан үүдэл эсийг суулгаснаар тухайн эрхтний эд, эсийг орлох юм. Энэ судалгаагаар Японы эрдэмтэн Нобелийн шагнал авсан. Манай анагаахын шинжлэх ухаан үүдэл эсэд маш их анхаарал тавьж байгаа.
Гол нь хүн бага байхдаа үүдэл эсээ хадгалуулах хэрэгтэй. Энэ тохиолдолд хожим өвчилсөн, гэмтсэн эрхтнийг үүдэл эсээр солих боломжтой.
Мөн үүдэл эсээр лабораторийн нөхцөлд эрхтэн ургуулдаг болоод байгаа.
-Генетик нөөцийн асуудал их чухал. Энэ талаарх хууль эрх зүйн орчин Монголд хэр байна вэ?
-Генетик нөөц гэдэг нь маш том ойлголт. Монгол оронд байгаа амьтан, ургамал нь бүгд Монголын генетик нөөц. Энэ нөөцийг бид хадгалах, хамгаалах ёстой. Гаднын эрдэмтдэд ямар нэгэн зүйлийн дээж өгч явуулж болохгүй. Энэ нь бидний генетик нөөцийг аваад явчихлаа гэсэн үг. Манайд малын генетик нөөцийг хамгаалах хууль бий. Харин амьтан, микро организм дээр байхгүй. Шинжлэх ухаанд суурилсан энэ мэдлэгийг нийт хүн амд таниулж, хуульд тусгах хэрэгтэй. Ингэснээр Монголд бий болсон биологийн нөөцөө хамгаалах юм.
-Монголын генетикийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай зүйл юу вэ?
-Монголд маш олон хүүхэд удамшлын гажигтай буюу генетикийн ачаалалтай төрж байна. Үүнийг нэн тэргүүнд багасгах хэрэгтэй. Үүний тулд хосуудыг хэрэв гэр бүл болбол генетикийн хувьд таарч тохирох эсэхийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй хэлдэг, генетик зөвлөгөө өгдөг газрууд бий болгох хэрэгтэй байна.
Мөн Монголд эцэг, эх тогтоолгох маргаан их гардаг. Лабораторидоо ДНК-г нь тогтоодог болмоор байна.
-Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд яг ямар асуудлууд тулгамдаж байна вэ?
-Генетикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд маш сайн тоноглогдсон лаборатори шаардлагатай. Монголд генетикийн лабораторийг 1978 онд эдийн засгийн харилцан туслалцах орнуудын тусламжтайгаар байгуулж, НҮБ-ын шугамаар тоноглосон. Мөн боловсон хүчин бэлтгэх асуудал зайлшгүй шаардлагатай байна. Өндөр хөгжилтэй орнуудын генетикийн лабораторид ашиглаж байгаа сүүлийн үеийн тоног төхөөрөмж, химийн эм урвалжгүйгээр дэлхийн генетикийн шинжлэх ухааны ололт амжилтад ойртох боломжгүй.
Холбоотой мэдээ