Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэв

Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэв

Шинэчлэлийн Засгийн газрын үед юм даг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн долоо хоног бүр хийдэг 30 минутын мэдээллийн үеэр нэгэн сэтгүүлч түүнээс “ФАФТ”-ийн сануулга буюу “Хар жагсаалт”-ын эсрэг Монголын Засгийн газар ямар арга хэмжээ авч байгааг асуухад “ФАФТ гэж юу юм бэ, би мэдэхгүй” хэмээн хариулж, танхимд суугаа сэтгүүлчид нирхийтэл инээлдэж байсан нь тавхан жилийн өмнөх явдал.

2014 оны үед Монгол Улс  “хар жагсаалт”-ад орох эрсдэл нүүрлэж, үүний аюулыг улстөрчид огтоос мэддэггүй байв. Ямар сайндаа л Ерөнхий сайд нь “ФАФТ гэж ямар байгууллага байдаг юм” хэмээн наргиж суух вэ дээ.

Одоо саарал жагсаалтад орвол Монгол Улсад санхүүгийн ямар эрсдэл нүүрлэх талаар манай Төрийн ордныхон бага зэрэг ойлголтой болсон биз. ФАФТ нь бохир мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн байгууллага. Тус байгууллага тун удахгүй Монгол саарал улс мөн эсэхийг зарлана. Энэ шийдвэр ирэх Мягмар гаригт Парист гарна.

Монгол гэнэтхэн “саарал жагсаалт”-тай нүүр тулчихсан юм биш. Бүр 2006 оноос хяналтад орж, “эрсдэлтэй”-д тооцогдож ирсэн. Монголын төр засгийн удирдлагуудад бохир мөнгө, санхүүгийн гэмт хэрэгтэйгээ тэмцээч ээ гэж удаа дараа сануулсан. Бүр сүүлдээ хугацаат үүрэг өгсөн нь энэ.

УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг нэг өдрийн дотор анхны болон эцсийн хэлэлцүүлгийг нь хийж, 28 гишүүн “харанхуйгаар” баталсан нь саарал жагсаалттай холбоотой.  

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоор ахлуулсан Монголбанк, СЗХ, Сангийн яам, цагдаа, тагнуулынхан өнгөрсөн сард Тайландад очиж, ФАТФ-ийн Ази, Номхон далайн бүсийн байгууллагад тайлангаа тавиад ирсэн байдаг. Амжилт ерөнхийдөө тааруухан. Тааруухан дүн авахад хүрсэн нэг шалтгаан нь дээрх хууль. Нөгөө нь авлигын том хэргүүд нь таг чиг болсон явдал.

Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийн, Г.Дэнзэнгийн тендерийн, овоолсон шорооны, Цэвэр агаар сангийн, овоолсон шорооны, жаран тэрбумын, ЖДҮ-гийн гээд санхүүгийн том хэргүүд бүгд “хав дарагдсан”. Хамгийн том гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүс хамгийн том эрх мэдэлд хүрч, хууль шүүхийг гартаа атгачихсан нь худлаа биш. Иймээс ч  Монгол Улсын хувьд “Саарал жагсаалтад орох бодит аюул байгаа”-г Сангийн сайд нь хүртэл хүлээн зөвшөөрч харагдана лээ.

Саарал жагсаалтад орсноор эдийн засгийн хувьд том эрсдэлтэй. Гаднын хөрөнгө оруулалт таг зогсоно. Угаасаа ч гадаадын хөрөнгө оруулалт таг зогссон. Уйлж, майлж лайв хийдэг “эх орончид”-оос болоод энгийн иргэд ажилгүй, ажлын байраа булаалгуулах болсон билээ. Жишээлбэл, уул уурхайн салбар. Уул уурхайн салбартай хийж буй “эх орончдын” нулимс 13 мянган хүний ажлын байрыг булаажээ. Одоо дуртай нэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг ажлын байран дээр нь дарамталдаг, хөлөөрөө зурдаг эмэгтэйгээс эхлээд ичиж зовохгүйгээр бусдыг зоддог болж. Ийм хүмүүстэйгээ хариуцлага тооцож, эдийн засаг үйлдвэрлэгчдээ хамгаалж чадахгүй, улстөрчид нь гудамжныхантайгаа тэврэлдчихсэн, хууль сахиулагчид нь хамтран ажиллах гэрээ зураад сууж байхад саарал жагсаалтын аюул цаашаа. Тэрхүү 12 мянган хүнийг, ар гэртэй нь хамт ордны тэмцэгчид, хуурамч эх орончид, хулигаанууд тэжээхгүй нь лав.  Уул уурхайн салбарынхны хувьд урьд хожид байгаагүй хамгийн хүнд үе болж байна гэхэд дэгсдэхгүй. Ноён уул, Салхит… одоо Оюутолгой.  Төр иргэнгүй дээрэмчин болчихсон Монголд хэн юу гэж хөрөнгө оруулах вэ дээ. Эх орончдын хөлд эдийн засаг үрэгдэж, ажилгүйдэл, ядуурал “үржигдэх” болсон. Үндсэндээ, саарал жагсаалтад орсон ороогүй Монгол саарал өнгөтэй болсон, аль хэдийн.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж