Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн 3х3 төрөл манай улсад эрчтэй хөгжиж, баг тамирчид маань тив дэлхийд нэрээ цуурайтуулах болсон. 3х3 сагсан бөмбөгийн U23 ангиллын шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулантай ярилцлаа.
-FIBA 3×3 холбооноос Монголын багуудыг, ялангуяа эмэгтэй багийг онцолж байна. Та бүхэн өнгөрсөн жил оролцохдоо ялалт аваагүй ч энэ жил шилдэг наймд шалгарлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан. Ноднин жилийнх анхных гэдэг утгаараа чухал ач холбогдолтой байсан. Гэхдээ бэлтгэл сургуулилалт энэ жилийнх шиг хангалттай байж чадаагүй юм. Мөн тухайн үед манай баг “Үхлийн зон”-д орсон байсан. Чех, Япон, Аргентин зэрэг хүчирхэг багтай таарч байв.
Тэр тэмцээнд манай баг нэг ч ялалт аваагүй. Бид нар тэр тэмцээнээс сургамж аваад, илүү их хичээцгээсэн маань үр дүнд хүргэсэн байх.
–Хурдацтай сайжирч хөгжихөд олон хүчин зүйл нөлөөлсөн байх?
-Би сагсан бөмбөгийн спортоор хичээллээд удаагүй. Гадаад, дотоод руу тэмцээн уралдаанд яваад, ялагдаад ирэхээр хүн чинь бас боддог юм билээ. Монгол хүнд чинь бас “шар” байна, улам их хичээх ёстой юм байна, бэлтгэл сургуулилтаа сайн хийе гэж бодсон. Мөн дасгалжуулалт, бэлтгэлийн систем маш их нөлөөлсөн. Зөвхөн бидэнд зохицсон багийн системийг бүтээж, бэлтгэл сургуулилтыг маань хангасан С.Тулга багшийн маань хувь нэмэр хамгийн их. Түүнчлэн, дэмжигч байгууллагуудаа дурдахгүй өнгөрч болохгүй. Дуртай спортоороо хичээллэж, амжилт гаргах бүх л бололцоогоор хангаж байгаа, “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, MCS Coca cola болон Улаанбаатар-Амазонс эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн клубийн ивээн тэтгэгч ах нартаа болон багш нартаа баярлалаа гэж хэлье.
–Танай ах Энхбаатар ч бас 3×3 төрлийн шигшээ багийн тамирчин. Сүүлд болсон Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд ахтайгаа хамт оролцсон. Анх спорттой хэрхэн холбогдож байв?
-Энэ их сонирхолтой түүх. Ах бид хоёр хэн хэн нь сагсаар хичээллэж байгаагүй. Ах маань МУИС-д элссэн жил найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн юм билээ. Тэгээд л бэлтгэлдээ яваад байх шиг байсан. Нэг л мэдэхэд Sprite лигийн MVP болоод, үнэхээр, сайжирсан байсан. Ах хүн гэдэг дүүгийнхээ хувьд үргэлж үлгэр дуурайлал нь байдаг. Ахыгаа хараад л сагс тоглох эрмэлзэлтэй болж, МУИС-д оронгуутаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо хоёр жил гаруй л болж байна. Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс ах маань алт, би мөнгөн медаль хүртсэн. Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж бол үнэхээр гоё. Бахархаад л.
–Гадны хэвлэлд англиар чөлөөтэй ярилцлага өгөхийг чинь үзсэн. Бэлтгэлийнхээ хажуугаар хичээлдээ явна гэдэг амаргүй байх?
-Австралид хоёр жил амьдарч ахлах сургуулиа төгссөн болохоор хэлний маань түвшин сайн байгаа байх. Эхэндээ бол хэл сурахад амархан байгаагүй. Хэл сурах гэж байгаа хүмүүст зөвлөхөд ном уншаарай л гэж хэлье. Анх очоод маш их ном уншиж, кино үздэг байсан. Би МУИС-д Санхүүгийн менежментийн чиглэлээр хоёрдугаар курст суралцдаг. Боловсрол маш чухал гэж үздэг учраас тэмцээнээс бусад үед хичээлээ огт тасалдаггүй. Багш нар маань заримдаа ойлгохгүй байх нь бий. Гэхдээ энэ бол миний л асуудал учраас аль алиных нь балансыг алдахгүй гэж хичээдэг.
–Танай багийн тамирчин Цэрэнлхам тэмцээний үеэр бэртэл авсан ч эмчгүй учраас Японы багаас туслалцаа авч байсан. Энэ мэтчилэн бэрхшээл хэр тулгардаг вэ?
-Монголд сагсан бөмбөгийн спортыг маш их дэмждэг болж, хөгжиж байгаад их баяртай байдаг.
Гэхдээ зарим тал дээр дэлхийн жишигт хараахан хүрэх болоогүй. Жишээ нь, сая болсон тэмцээнээр Японы шигшээ багийн дөрвөн тамирчнаас гадна ахлах болон туслах дасгалжуулагч, эмч, бариач, сэтгэл зүйч гээд зургаан хүн хамт ирсэн. Гэтэл манай баг эмчгүй л очиж оролцсон. Бидний хувьд ялахаасаа ялагдсан нь олон болохоор бэрхшээл, асуудлууд, тэр болгоныг давж туулж байгаа нь амттай санагддаг.
–Хамгийн хүчтэй өрсөлдөгч Германы багтай хийсэн тоглолт үнэхээр үзүүштэй, сайхан болсон. Нэмэлт цаг дээр buzzer beat хийж ялалт авсан шүү дээ. Энэ тоглолтын талаар яривал?
-Германтай тоглохын өмнө багш маань “Манай бэлтгэл маш сайн хангагдсан байгаа. Айх хэрэггүй. Хийх ёстой комбинацуудаа хийгээд, эхнээсээ онооны тэргүүллийг авч шоконд оруулах хэрэгтэй. Хүлээгээгүй юмыг нь хий” гэж хэлсэн. Бид нар ч тоглолтдоо маш зоригтой, эрчтэй орсон. Тэр тоглолтыг манайх 5:1-ийн харьцаатай хошуучилж эхэлсэн. Германы шигшээ баг бид нарыг тэгж эхэлнэ гэж бодоогүй байх. Тэр тоглолтоос онцлох зүйл гэвэл манай хамгаалалт байсан. Комбинацууд маань сайн ажиллаж, бид хүссэнээрээ тоглож чадсан. Цаг дуусахаас гурван минутын өмнө Лхамка эгч хөлөө бэртээж, их эвгүй унасан. Шууд л түргэний машин аваад явсан. Тэр үед бид хоорондоо ярилцсан л даа. Манайх ялж байгаад оноогоо бариулж байсан юм. “Гурвуулаа одоо хичээе, гуравхан минут тэсье” гэж ярьсан. 3х3 төрөл өөрөө асар хурдан темптэй явдаг учраас дөрвөн хүн ээлжилж, амрахгүй л бол их ядардаг. Цаг дуусах дөхөөд их ядарсан байсан. Тэгээд нэмэлт цаг дээр Минжин маань маш шийдэмгий байж, гоё шидэлт хийсэн. Тэр үеийн мэдрэмж бол миний сагсны карьерынхаа турш авсан хамгийн гоё мэдрэмж. Тийм мэдрэмж авах гэж л сагс тоглодог, цаг хугацаагаа зориулдаг байх.
–Тоглолт үзэж байхад манай охид хүчтэй сэтгэл хөдлөл гаргаж байгаа нь анзаарагдсан. Ялангуяа тамирчин Цэрэнлхамын эмоцио илэрхийлж буй бичлэг олон нийтэд их хүрсэн байна лээ. Ер нь сэтгэл хөдлөлөө хэр илэрхийлдэг вэ?
-Зарим хүмүүс сөргөөр хүлээж аваад байх шиг байсан. Лхамка эгч бэртээд, хөл нь бараг хоёр дахин бүдүүрч хавдсан байсан. Өвдсөн ч гэсэн багийнхаа төлөө хэцүү нөхцөл байдлаас багтаа тусахын тулд сэтгэл зүйн хүчтэй эмоци үзүүлэхээс өөр аргагүй. Ер нь миний хувьд аль болох эмоцио гаргаж тоглодог.
–Спортын сэтгэл зүйчтэй ажиллаж байна уу?
-Спортын сэтгэл зүйч Золзаяа багштайгаа хамтарч ажилладаг. Тэмцээнд орохын өмнө уулзаад, зөвлөгөө аваад явахад сэтгэл зүйн байдал, хандлага их сайхан болдог.
-Маргааш тэмцээнд явах гэж байгаа. Ямар тэмцээнд оролцож байгаа вэ?
-Катарын Доха хотод 12-16-ны хооронд болох Дэлхийн анхны элсний наадамд оролцоно. Олимпийн хорооноос хүлээн авч, манай баг тамирчдыг үдэж өгсөн. Манай U23 ангиллын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ