Нийслэлийн түргэн тусламжийн төв 103 утсанд хоногт 3000-4000 дуудлага ирж, үүний 1000-1200-д нь түргэний эмч нар хүрч үйлчилж байна. Цаг нартай уралдсан тэдний нэг өдрийн ажил хэрхэн өнгөрдгийг сурвалжиллаа.
Хүүхэд нь өндөр халуурсан эмэгтэй яаралтай тусламжийн 103 утсанд холбогдлоо. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч Б.Халиунаа түүнийг тайвшруулж, анхан шатны зөвлөгөө өгөөд түргэний машин удахгүй очно гэдгийг хэлж санааг нь амраав. Энэ бол аравдугаар сарын 9-ний 08 цагаас 10-ны 08 цаг хүртэлх хугацаанд түргэн тусламжийн 103 утсанд ирсэн 3020 дуудлагын ердөө нэг нь байв.
“Түргэн тусламжийн 103 утсанд хоногтоо 3000-4000 хүн ханддаг. Үүнээс 1000-1200 хүнд хүрч үйлчилж байна. Харин ачаалалтай, амралтын үед очиж үйлчлэх хүний тоо 1500-1800 хүртэл нэмэгдэнэ. Ажил тарах үед буюу 17-21 цаг хүртэл замын түгжрэлээс шалтгаалан дуудлагын ачаалал нэмэгддэг. Түргэний машинууд түгжрэлд орж, нэг дуудлаганд зарцуулах хугацаа нэмэгддэгээс болоод механик ачаалал үүсдэг юм. Харин дуудлагын оргил үе 18-22 цаг” хэмээн Б.Халиунаа тайлбарлалаа.
Удалгүй бүр ноцтой дуудлага ирэв. Юу юугүй төрөх гээд буй эмэгтэйг авч яваа түргэний машин Сансарын тунелээс уруудаж яваад таг гацжээ. Ядаж байхад анхны төрөлт, хүүхэд нь буруу байрлалтай гэдгийг сонссон түргэнийхэн ёстой л түргэн авч, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төв рүү холбогдон тэр хавийн замыг чөлөөлөх зохицуулалт хийлгэв. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн онцгой тохиолдолд ийм зохицуулалт хийдэг аж.
Баянзүрх дүүргийн гэр хороолол хамгийн замбараагүй
Түргэний эмч нарын нэг өдрийн ажлыг сурвалжлахын өмнө төвөөс хэрхэн зохицуулалт хийдгийг хэсэг ч атугай сонирхсон нь энэ. Удалгүй бидэнтэй хамт дуудлаганд явах эмч, жолооч нар оройн хоолоо идчихээд гарч ирлээ. Эмч Б.Гүн-Үйлс, жолооч Т.Батсүх нарын багт биднийг хуваарилав.
Б.Гүн-Үйлс бол 2017 онд сургуулиа төгссөн, өнгөрсөн жилээс хойш 103-т ажиллаж буй цовоо сэргэлэн, ааш зан дөлгөөн залуу байна. Жолооч Т.Батсүх 30 эргэм насны нэгэн бөгөөд түргэнд ажиллаад хоёр жил болжээ. Тэд санаа нийлдэг учир нэг баг болж ажиллахдаа дуртай байдаг аж. “Ажил өглөө 08.30-д эхэлсэн. Одоо 22 дахь дуудлагадаа явах гэж байна. Ер нь 24 цагийн турш 40 шахам дуудлагад явчихдаг юм” хэмээн Үйлсээ ярив.
Ийнхүү сонины баг маань түргэний машинд суугаад 19.30 цагийн үед 103-ын үүднээс хөдөллөө. Гурван дуудлага авснаас ялгаж үзээд хүнд зодуулсан гэх дуудлагад түрүүлж очихоор шийдэж Дэнжийн 1000-ыг зорин давхив. Ид ажил тарах цаг болохоор түгжрэл их байсан ч дуут дохиогоо хангинуулж, урсгал сөрөн давхисаар нэг их удалгүй сэлүүхэн хэсэгт гараад ирэв.
Хотын түгжрэл дундаас ч яахав ингэсгээд гарчихдаг юм байж. Харин дуудлага өгсөн айлыг хаягаар нь олж очно гэдэг амаргүй даваа аж. Манай гэр хорооллын хаягжилт ямар замбараагүй билээ. Булгийн 20-ийн 135 гэхэд дотроо хэд задраад явчихна. Жолооч нар нь дуудлаганд байнга явдаг болохоор багцаалдсаар тухайн айлдаа дөхөөд оччих юм. Ингээд нөгөө айл руугаа залгаж, нарийвчлан заалгахгүй бол гэр хорооллын мушгиралдсан гудамжнаас хэрэгтэй айлаа үтэр түргэн хайж олно гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй адил. “Бид цаг алдахгүйн тулд утасны дугаарыг нь аваад ярьчихдаг юм. Ингэж байж айлдаа хурдан очно” хэмээн Т.Батсүх ярилаа.
Ер нь төвийн зургаан дүүргээс Хан-Уулын гэр хороолол хамгийн цэгцтэй нь гэнэ. Харин Баянзүрх дүүрэг, тэр тусмаа Улиастай, Да хүрээ зах орчим маш замбараагүй, айлаа олоход түвэгтэй аж. Сонгинохайрхан хэдийгээр маш том нутаг дэвсгэртэй ч Баянзүрхийг бодвол арай цэгцтэй гэсэн.
Найзтайгаа архи ууж байгаад зодуулсан залуу биднийг хүлээж байв. Даралтыг нь үзэхэд өндөр байсан тул даралтны эм өгөв. Бие нь ерөнхийдөө гайгүй бололтой. Үйлсээ эмч түүнийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөөд дараагийн айл руугаа давхив. Үүний дараа сагс тоглож байгаад мөрөө мулталсан 18-тай оюутан залуу дээр очив. Өвчин намдаах тариа хийсний дараа эмч, жолооч хоёр нийлж байгаад мултарсан мөрийг нь орууллаа. Ер нь түргэний жолооч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн байдаг аж.
Манай баг оройн эхний дуудлагаа хотын хойд хэсгийн гэр хороолоос эхлүүлсэн тул дараа дараагийн дуудлагууд ч Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн 100, Долоон буудал хавиар өрнөв. Хэвлийгээр хатгуулж өвдсөн, даралт ихэссэн, архины хордлогод орсон, бусдад зодуулсан, согтуу хүн гудамжинд ухаангүй хэвтэж байсан гэх мэт янз бүрийн л дуудлага таарах юм. Хорт хавдар нь эцсийн шатандаа орсон хөгшин долоо хоногийн турш хоол идэж чадахгүй, унтаж чадахгүй байна гэх дуудлага дээр ч очлоо. “Намайг унтуулаад өгөх арга байна уу. Унтахгүй болохоор толгой эргээд хэцүү байна” хэмээн нөгөө өвгөн царайчлав. Мөн Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байранд орон гэргүй согтуу хүнийг үзэх шаардлагатай байна гэх дуудлагаар очив. Үнэр танар гэж авах юм алга. Тэнд нь хонуулчихвал бие нь муудах эрсдэлтэй тул эмзэг бүлгийнхэнд үйлчилдэг “Энэрэл” эмнэлэгт хүргэж өгөв. Гэвч өнөө хүн гэмтэл авсан байх магадлалтай, манайх хүлээж авахгүй гэсэн тул гэмтлийн эмнэлгийг зорин довтолгов. Ийнхүү түүнийг хотын нэг захаас нөгөө зах руу авч давхисаар лавтайяа гурван дуудлаганд явах хугацаагаа алдлаа. Гэхдээ муу муухай гээд орхилтой биш, заавар журмын дагуу үзлэгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авахаас аргагүй. Гутлыг нь тайлаад хөл нь хөлдсөн үгүйг барьж үзэх юм. Сальфетка гаргаж ирээд нусыг нь арчина, хувцсыг нь өмсгөнө гээд эгээ л өөрийн хүүхэд шигээ бөөцийлэх нь холгүй. Түүн шиг өөр нэг архичныг “Энэрэл” төвийн эмч нар усанд оруулж, хувцсыг нь солиод цэвэрхэн оронд хэвтүүлэн дусал залгасан байгаа харагдана. Өнөөдөр харин ч хүнд дуудлага багатай, ачаалал бага өдөр байна хэмээн нөгөө хоёр ярих. Ачаалал бага гэж байгаа ч дуудлага ар араасаа тасралтгүй ирсээр. Ам цангаж байсан ч дэлгүүр орж ундаа авах завгүй давхисаар байлаа.
Чингэлтэйд нэгэн хөгшин толгой эргэж, дотор муухайраад байна хэмээн 103 руу утасджээ. Угаартсан байж магадгүй гэнэ. Яаравчлан давхилаа. Гэтэл дуудлага өгсөн хүн нь манай хоёрын эртний танил байх нь тэр. Гэр нь тэртээ хол, уулын орой дээр ч түргэний “Старекс” машинаараа аахилан мацсаар хүрч очив. Энхцэцэг гэх энэ хөгшин гэртээ ганцаараа амьдардаг аж. Жижигхэн бор гэр нь хүйт даагаад нэг л эвгүй. Ер нь өдөртөө нэг удаа түргэн дуудчихдаг гэнэ. “Энэ хэдийг байнга дуудсаар байгаад одоо бүр таньдаг болж дээ. Сүүлийн хоёр, гурван жил дуудлаа. Өдөрт хоёр удаа дуудчихгүй юмсан гэж л хичээдэг юм” хэмээн хөгшин ярьж байна. “Эгч нь тэтгэврийнхээ хэдээр амь зуудаг юм. Өмнө нь бие гайгүй байхад тэтгэвэр хүрээд л байдаг байлаа. Харин сүүлийн үед эмнэлгээр их явж, эм тан уудаг болсноос хойш мөнгөө хүргэж чадахаа байсан” гэв. Гал түлж гэрээ дулаацуулахгүй юм уу гэж асуухад “Уг нь хэдэн шуудай шахмал түлш авсан. Гэтэл хүмүүс угаартаж үхээд байна гэж сонссоноос хойш айгаад түлж чадахгүй байна. Одоохондоо мод түлээд л байгаа. Өвөл болохоор яадаг юм билээ” гэсэн шүү юм ярина.
Сүүлийн үед угаартах дуудлага нэмэгдэх төлөвтэй байгааг тэд баталсан юм. Бидний дуудлагад явдаг өдөр л гэхэд манай хоёр Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дуудлагаар очиж, шахмал түлшинд угаартсан гэх эмэгтэйг Госпитальд хүргэжээ. “Хэд хэдэн хүн нас барснаас болоод хүмүүс угаартахаас их айдаг болсон байна лээ. Толгой өвдөж, дотор муухайрангуут угаартсан байж магадгүй гээд дуудлага өгдөг болсон. Энэ нь угаартах дуудлагын тоо нэмэгдэх шалтгаан болсон байх” гэж Үйлсээ ярив.
10 жил ажиллахдаа дөрвөн жилд нь гэртээ хоноогүй
Нийслэлийн түргэн тусламжийн төв оргил ачааллын үеэр 45-46 машин дуудлаганд гаргадаг байна. Зарим тохиолдолд жолооч нар нь хувийн машинаараа дуудлагад явдаг байсан арваад жилийн өмнөхтэй харьцуулбал нөхцөл байдал хамаагүй сайжирсан гэсэн үг. Гэхдээ 1.5 сая хүн амтай хотод 120-150 түргэний машин үйлчлэх ёстой гэсэн олон улсын стандарттай харьцуулбал бас л хангалтгүй. Түүнээс гадна манайхан аахар шаахар зүйлд түргэн дуудах зэргээр зохиомол ачаалал бий болгодгийг эмч нар учирлаж байлаа. “Гэрээс нь 100 метрийн зайд дүүргийн нэгдсэн эмнэлэг байхад л түргэн дууддаг хүн олон шүү дээ. Зарим нь гэрээс гарахаас залхуу хүрээд байна гэх шалтгаанаар хүртэл 103 руу утасддаг нь бидний ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Уг нь яаралтай түргэн тусламж гэдэг үнэхээр яаралтай, амь тэмцсэн, тухайн иргэн өөрөө болон гэр бүлийнхэн нь арга хэмжээ авах боломжгүй, зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай иргэдэд хүрч үйлчлэх ёстой. Гэтэл манайд яаралтай дуудлагын утга алдагдчихсан” хэмээн ээлжийн ахлагч Б.Халиунаа ярьсан юм. Тэрбээр энэ ажилд орсноос хойш 10 жил болжээ. “10 жилийнхээ дөрвөн жилд нь гэртээ хоноогүй” гэх түүний үгийг сонсоод энэ ажил үнэхээр бэрх юм гэдгийг ухаарсан.
Өвчин зовлон бүхэнтэй улаан халз нүүр тулдаг энэ хүмүүсийн цалин хангамж ямар байдгийг сонсоод сэтгэл гонсойж орхисноо нуух юун. Эднийхэн ажилласан жил, албан тушаалаасаа хамаараад ердөө 600 мянгаас нэг сая төгрөгийн цалин авдаг аж. Эмч Б.Гүн-Үйлс 628 мянгын цалинтай байснаа сайн ажилласан гээд 50 мянгаар нэмэгдсэн гэх. Харин жолооч Т.Батсүхийн үндсэн цалин 540 мянга. “Бид өөрсдөө л дурлаж энэ ажилд орсон болохоор цалин бага гээд гомдоллоод байх юм алга” хэмээн Үйлсээ хэлсэн.
Цэвэрлэгчийн хэмжээний цалинтай хэрнээ асар их ачаалалтай, ар гэртээ тогтдоггүй энэ ажилд орох сонирхолтой хүн олддоггүй байх гэж бодтол тийм биш гэнэ. Харин ч эмч нар дундаа шалгуур өндөр, нэлээд шат дамжлага давж байж ажилд ордог аж. Үүний учрыг Б.Гүн-Үйлсээс тодруулахад “Түргэн тусламж бол эмч нар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх гол талбар. Яагаад гэвэл, бид төрөхөөс аваад үхэх хүртэлх бүх дуудлагад явж, төрөл бүрийн өвчтэй хүмүүст анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ хэрээр эмчийн ур чадвар сайжирдаг” хэмээн тайлбарласан юм.
Түргэний дуудлагын зонхилох шалтгааны эхний гуравт зүрх судасны өвчлөл, даралт ихсэлт, ханиуд томуу болон архитай холбоотой дуудлага эзэлдэг аж. Ер нь нийт дуудлагын 10 гаруй хувь нь архинаас үүдэлтэй байдаг гэнэ. “Өнгөрсөн хавар гамшгийн иж бүрэн байдлын сургуулилалтын үеэр гурван хоног архи зараагүй. Тэр үед ёстой жаргасан даа. Архи зарахгүй болохоор л элдэв янзын хүнд дуудлага эрс багасдаг юм” хэмээн Т.Батсүх хэлсэн юм.
Бид есөн цагийн турш түргэний машинд хамт суун гэр хорооллын мушгиралдсан гудамжаар сэгсчүүлэхдээ 20 орчим газар дуудлагаар очжээ. Зарим нь дуудлага өгчихөөд утсаа авахгүй арваад удаа залгуулах тохиолдол ч байна. Уулын орой дээр буучихсан, хаяг нь тодорхойгүй ийм айлд очихын тулд утсаар залгаж заалгахаас аргагүй. Энэ хэрээр дараагийн дуудлагад очих хугацаа хойшилж байсан нь ойлгомжтой.
“Манайхан нэг үеэ бодвол түргэний машинд зам тавьж өгөх ухамсартай болсон шүү. Гэхдээ жолоо барьж явахдаа утсаараа их оролдох юм. Урсгал сөрсөн үед бусад нь зам тавьж өгч байхад утсаараа оролдож яваад хажуунаас мөргөх тохиолдол бий. Ийм үед урсгал сөрсөн гэдгээрээ түргэний жолооч л буруутаад өнгөрдөг. Зөрчил гаргасан шалтгаанаар эрхээ хасуулсан жолооч ч манайд бий. Хэдийгээр хүнд хэцүү ажил ч гэлээ сайн сайхан юм байлгүй яахав. Ялангуяа, хүний амь нас аварч, эмнэлэгт эсэн мэнд хүргэж өгөх л хамгийн сайхан. Мөн бусдаас “баярлалаа” гэсэн үг сонсоход сэтгэл сэргээд ирдэг. Эмнэлгийн бид чинь бусдын талархсан сэтгэлээс л урам зориг авдаг юм шүү дээ” хэмээн Т.Батсүх сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3020 иргэн хандсанаас 1142 дуудлагад хүрч үйлчилжээ. Осол гэмтлийн 220, төрөх дуудлага 47, бусад нь янз бүрийн өвчлөлийн дуудлага байв. Ачаалал харьцангуй бага үеийн түргэний эмч нарын ажлын нэг өдөр иймэрхүү. Өвлийн цагт тэдний ачаалал эрс нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрнэ. Гэвч түргэний эмч, жолооч нар иргэдийн эрүүл мэндийн төлөө нойр, хоолоо умартан зүтгэсээр. Хувьдаа эмнэлэгтэй, бусдын гар хардаг, ажлаа таслаад алга болдог гэх эрүүл мэндийн салбарынхныг чиглэсэн нийтлэг шүүмжлэл түргэн тусламжийн 103 төвийнхөнд лав огт хамаарахгүй. Цастай, бороотой, салхи шуургатай ямар ч нөхцөлд тэд шантралгүй зүтгэж, баян, ядуу, архичин, гуйлгачин гэж ялгаагүй хүн бүхэнд хүрч үйлчилж байна. Өчүүхэн бага цалинтай хэрнээ бусдын төлөө амьдралаа умартан ажиллаж буй тэдний зүтгэлийг бага ч атугай үнэлж, хааяа ч гэсэн “баярлалаа” гээд хэлчихэж байгаарай. Энэ үг л тэдэнд ажиллах эрч хүч нэмдэг юм шүү
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ