"Угаартсан таван иргэний хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна"

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний эргэн тойронд

Live"Угаартсан таван иргэний хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна"

"Угаартсан таван иргэний хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна"
16 : 14
2019-10-11

"Угаартсан таван иргэний хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна"

Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд танилцуулсан. Ийнхүү Засгийн газрын мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Сүүлийн хэд хоногт 174 хүн эрүүл мэндээрээ хохирсон, онцгой нөхцөл байдал үүссэн гэдэгтэй бид санал нийлэх ёстой. Хүний амь эрсдэнэ гэдэг бол хамгийн харамсалтай зүйл. Улаанбаатарчууд айдастай байна, төр хойрго хандаж байгаагаа хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Яагаад Тавантолгойн нүүрсийг сонгосон юм бэ. Азот, нүүрсхүчлийн хэмжээ өндөр, хүчилтөрөгчийн хэмжээ бага байхад яагаад сонгосон бэ. Яаж гэр хороололд хэрэглэж байгаа зуух, пийшинд зохицно гэж тооцсон юм бэ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Сайжруулсан түлш хортой гэж байгаатай санал нийлэхгүй. Шахмал түлшний стандартыг 2014 оноос баримталж, 2017 онд үйлдвэр байгуулсан. Шахмал түлшний хэмжээг илүү сайжруулж, хамгийн боломжийн стандарт гэж тогтоосон. Түүхий нүүрсийг шатаахад гардаг байсан хавдар үүсгэгч бодисууд шахмал түлшинд байхгүй. Шахмал түлшийг Япон, АНУ ашиглаж байсан. Гэр хорооллын дийлэнх айл хэрэглэж байгаа. Энэ жил бороо их орсонтой холбоотой ханын пийшинтэй холбоотой бага зэрэг асуудал үүссэн. Ханын пийшингийн хоолойг шавар бөглөөд, зууралдсан нь нөлөөлсөн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-159 хүн угаартсан, цаашид нэмэгдэж магадгүй байхад юунд нь маазраад байгаа юм бэ. Асуудалд мэргэжлийн хандмаар байна. Асуудал үүсвэл хэн нэгэн хариуцлага хүлээлгэнэ. Ц.Даваасүрэн сайд асуудал үүсвэл огцорно гэж байсан. Та огцрох уу. Хариуцлагаа яаж үүрэх юм бэ. Энд хариуцлага хүлээхгүй зарим хүний тархины угаарыг арилгана гэж яриад сууж байгаа Засгийн газрын сайд нар байж болохгүй. Гадаадад явуулсан шинжилгээний хариу ирээгүй байхад яаж зүгээр гэж яриад байгаа юм бэ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Өнгөрсөн жил 12 хүн угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаад явсан байна лээ. Олон улсын лабораторид шинжилгээ хийлгэхээр өгсөн байгаа. Гэхдээ би дотоодын лабораториудад итгэж байгаа.

Ажлын хэсэг:

-Дэгдэмхий бодис нь хамгийн бага байж болох бүтээгдэхүүн нь Тавантолгойн нүүрс байсан. Бусад найман компанитай судалгаа хийж, газар дээр нь танилцуулж сонгосон. Энэ дундаас нүүрс угаах үйлдвэртэй ганц л үйлдвэр байсан.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Д.Ядамдорж:

-Нийт 86 дуудлага ирснээс таван тохиолдолд хэрэг үүсгэж шалгаж байгаа.

 УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Сайжруулсан түлшний угаарын хийн хордож амиа алдсан хүмүүс дотор нэг гэр бүлийн хоёр хүүхэд өртсөн. Би энэ хоёр хүүхдийн буяны ажилд оролцож, ар гэрийнхэнтэй нь уулзсан. Би энэ үгийг хэлэхдээ агаарын бохирдолтой тэмцэх Засгийн газрын бодлогыг буруутгах гэсэнгүй. Ар гэрийнх нь хүмүүс "яагаад аюулгүй байдлын баталгааг хангаагүй түлшийг тараагаад өгсөн бэ. Энэ чинь химийн зэвсэг өгсөнтэй адил боллоо. Төр, засгийн ажил хариуцсан хүмүүс хариуцлага хүлээхгүй юу. Буруу ажиллагаагаа засъя гэж иргэддээ үгээ хэлэх боломжгүй байгаа юм уу. Өчигдөр дөнгөж хоёр хүүхдээ инээж хөхрөөд явж байхыг харсан залуу эцэг эхийн шок арилаагүй байхад өөрсдийгөө хамгаалах гэж нийтэд ярихын оронд нэг ч гэсэн хүн ирж учирлаж ярьж болоогүй юм уу" гэсэн үгийг хэлж байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Үүнд мэргэжилтнүүд тодорхой хариулах хэрэгтэй. Туршаагүй түлшийг яагаад бидэн дээр туршсан бэ гэж хэлээд байна. Мэргэжилтнүүд туршсан гэдгээ хэлээд өгөөч. Бидний яриа хоорондын маргаан болоод байна. Дүгнэлт гараагүй байхад шуугиулаад байгаа хүмүүс байна. Лабораторийн дүгнэлт гарахаар худлаа гээд байгаа улс байна. Өөрөө дүгнэлт гаргачихгүй яасан юм. Засгийн газрыг энэ ажлаасаа ухар, няц гэж шаардаж шахаад байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

-Цагдаагийн чиглэлээр би танилцсан. Муудсан зуухнаас асуудал үүссэн гэсэн нэг гол асуудал байна. Мөн яндангийн асуудал байгаа. Гуравдугаарт, сойлтуур, дөрөвдүгээрт ханан пийшингийн асуудал байна. Мөн тав дахь нь үнсэн дээрээ нэмээд хийсэн байна. Энэ таван үндсэн зүйлийг цагдаагийнхан гаргасан. Асуудал байгаа учраас асуудал үүсээд байна. Ард иргэдийг өөлөх, зэмлэх зүйлгүй. Дэндүү харамсалтай явдал болсон. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Сүүлийн хоёр хоног амиа алдсан зүйл байхгүй, гэхдээ угаартах дуудлага тасрахгүй байна. Би өглөө бүр өдрийн 24 цагийн мэдээллийг авч байгаа. Манай шүүхийн шийдвэрийн байгууллага 27 уурын зуухтай.  Нүүрс түлдэг. Хэд хоног туршиж үзсэн. Утааны хэмжээ 40 хувийн бууралттай байна гэсэн дүгнэлт хийсэн. Монголын лабораториор шинжилгээ хийлгэсэн. Асуудал гараад байсан учир гадаадын лаборатори руу явуулсан. Хариу ирэхээр дүгнэлт гарна. Гэр орныхоо асуудлыг хичээнгүйлэн үзэхийг хүсье.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

15 : 28
2019-10-11

Ө.Энхтүвшин: 2018 онд гэр хорооллын иргэдэд 11,5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлт үзүүлсэн

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулга болох сайжруулсан түлшний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсч байна. Асуулгын хариуг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. Тэрбээр,

Нийслэлийн 220 мянган өрхтэй бөгөөд нэг өрх жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байсан. Засгийн газраас 2018 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, агаарын бохирдлыг бууруулах тогтоолуудыг баталж, хэрэгжүүлж байна. Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур байршуулах, байшин сууцны дулаалга чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ногоон зээл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хэмжээ 8-9 хувь бөгөөд хүүгийн татааст гурван тэрбум төгрөг олгохоор байна. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг 2017, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн  төвлөрсөн дулаанд холбох, дэд станцын барилгын ажил хийснээр 139 барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52 мянга 300 тонноор бууруулсан. Амгалан ДЦС-ын хэрэглээг нэмж, 2018-2019 онд жирийн болон нам даралтын 171 зуухыг зогсоож, 24,6 Кватт цахилгаан, 210 нэгжийн барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбосон. Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн зуухыг, цахилгаан холбох ажил хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 100 хувь хөнгөлөлттэй үнээр түгээх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 онд 11,5 тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс тарифын хөнгөлөлт эхэлнэ. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт явж буй 937 орчим автобуснаас 2020 он гэхэд 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулахын тулд байгалийн хийгээр ажилладаг 70 автобус, автобусанд хөө тортог бууруулдаг шүүлтүүр суулгах ажлын эхлүүлсэн.

Агаарын бохирдлыг шийдвэрлэсэн олон улсын туршлагаас харахад сайжруулсан түлш, байгалийн хийгээр хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Сайжруулсан түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэж агаарын бохирдлоос ангижрах боломжтой гэдгийг олон улсын байгууллагаас сануулсан байдаг. Боловсруулсан нүүрсээр шахмал түлш хийх туршлагыг 2014 онд явуулж, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой гэж үзсэн. Нийслэлд хэрэглэдэг 1,1 сая тонн түүний нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан түлшээр орлуулах бүрэн боломжтойг ч тогтоосон байдаг. 700 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай компани байгуулж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлшээр хангаж эхлээд байна.

 Сайжруулсан түлшний хэрэглээ:

  • Сонгинохайрхан дүүрэг- 29 хувь
  • Чингэлтэй дүүрэг-16
  • Баянзүрх дүүрэг-28
  • Хан-Уул дүүрэг -12 хувь
  • Сүхбаатар дүүрэг- 9 хувь
  • Баянгол дүүрэг- 6 хувийг хэрэглэж байна.

Иргэдийн хувьд орлогын хэмжээ болон жилийн хэрэгцээгээ хангадаг бөгөөд сайжруулсан түлшийг зургаан дүүргийн 332 борлуулалтын цэгт 66 мянга 328 тонн түлш хүргэснээс 25 мянган тонн түлшийг борлуулжээ. Цаашид 464,1 тонн түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 210 мянган картыг тараажээ. Картын орлогоор нүүрсний бодит хэрэгцээ болон иргэдийн хэрэглээ, чанар зэргийг хянах мэдээллийн баазтай болж байгаа. МХЕГ-аас 5365 иргэн, сайжруулсан түлшний найман үйлдвэр, зах, нүүрс борлуулагч нарт шалгалт хийж, мэдэгдэл хүргүүлж ажиллажээ. Шалгалтын хүрээнд 1080 янданг буулгаж, 1561 уурын зуухыг буулгах, зогсоох, сайжруулсан зуухаар солих арга хэмжээ авлаа. Сайжруулсан түлшийг нийт есөн удаа шалгасан бөгөөд стандартын шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан. 

Сайжруулсан түлшнээс иргэд угаартаж, иргэд амь насаа алдсантай холбогдуулан нийслэлийн онцгой комисс хуралдаж, тодорхой чиглэл гаргаж ажиллаж байна. 2019 оны аравдугаар сарын 3-10-ны өдрүүдэд угаарын хордлогын улмаас 77 өрхийн 169 хүн, үүнээс 73 хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Насанд хүрсэн 20, таван хүүхэд хэвтэн эмчлүүлж, бусад иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Энэ өдрүүдэд зургаан хүн, бага насны хоёр хүүхэд нас барсан асуудал туйлын харамсалтай үйлдэл болсон. Аравдугаар сарын 10-ны өдөр 32 иргэн угаарын хийн хөнгөн ба хүнд хэлбэрийн хордлоготойгоор эрүүл мэндийн үйлчилгээ авсан. 

Сайжруулсан түлш борлуулдаг 17 цэгээс 23 дээж авч, лабораторид тус, тус шинжлүүлж, дүнг нь танилцуулсан. Мөн ОХУ, Солонгос, Япон улсад шинжлүүлэхээр явуулсан. Иргэдэд пийшин зуухны аюулгүй ажиллагаа, зөвлөмжийг тасралтгүй явуулж байна. Засгийн газрын хуралдаанаар 220 мянган өрхөд угаарын дохио мэдрэгчийг ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс өмнө үнэ төлбөргүй тараах шийдвэрийг гаргасан. Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газар дээр дурдсан ажлуудыг хийж байгаа бөгөөд том, шинэ ажил болж байна. Агаарын бохирдлыг бууруулах бодлогоос Засгийн газар ухрахгүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

12 : 43
2019-10-11

Чуулган: 2018 онд 4000 гаруй хүн хорт хавдраар нас баржээ

Чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-2018 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар оношлуулснаас 4412 хүн хавдраас болж, нас барсан гэсэн тоо байгаа юм. Нийт хорт хавдрын оноштой хүмүүсийн дийлэнх нь хожуу үедээ оношлуулсан байгаа юм. Азийн хөгжлийн банкны судалгаагаар ядуурлыг бий болгож байгаа хамгийн том шалтгаан бол эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж байгаа гэнэтийн санхүүжилт байна гэж гарсан байна лээ. Үүний өөрчлөх хамгийн гол тогтолцоо бол эрт илрүүлэлтийг бий болгох, хэвшүүлэх шаардлага байгаа юм. Бид 2020 оны төсөв батлахад 30 тэрбум төгрөгийг эрт илрүүлэг чиглэлд суулгахад байнгын хороод, УИХ анхаарал хандуулах ёстой. ХӨСҮТ-ийн дарга Ж.Чинбүрэн гэж залуу эмчийг бид үнэлэх ёстой. Залуу, мэдлэгтэй ийм хүн эрүүл мэндийн салбарт ажиллаж, бүх хүчээ дайчилж байна гэдэг бахархмаар зүйл.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Энэ хууль бол цаг үеэ олсон, зөв хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж харж байна. 29,3 тэрбум төгрөг бол төсөвт ачаалал өгөхгүйгээр шийдэх боломжтой хууль байна. Архангай аймгийн хувьд жилд 179 хүн оношлогдож, 144 хүн нас барсан харамсалтай тоон үзүүлэлт байна. Тэгэхээр нийслэлд гэлтгүй орон нутагт ч гэсэн тоон үзүүлэлт адилхан байна. Бид энэ тоог бууруулахын тулд сүүлийн хоёр жил орчмын хугацаанд эрт илрүүлэг хийх чиглэлд тодорхой төсөл хэрэгжүүлсэн. Энэ бол сайн үр дүнтэй байсан. Аймаг бүрт компьютер томограф байгаа юу. Байхгүй бол хэдэн аймагт байна вэ. Цаашид бид урт хугацаандаа хавдрын тухай ойлголт, сэрэмжлүүлэг, эрүүл мэндийн мэдлэг олгох чиглэлээр ажиллах шаардлага байна. Энэ чиглэлээр юм хийж байгаа юу.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Урьдчилсан сэргийлэх ажиллагаа маш чухал. Энэ хууль батлагдсанаар бид хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэл рүү аймаг бүрт бий болгоно. Одоогоор Булган, Орхон, Архангай зэрэг зургаан аймагт компьютер томографгүй байгаа. Энэ жил Дорнод аймгийг хангасан. Хавдрын чиглэлд төрөөс маш сайн анхаарч байгаа. Хавдрын эмнэлгийн өргөтгөлийг нэмэгдүүлсэн, цаашид өргөжүүлэх шаардлагатай. Мөн бид үндэсний оношлогооны төв, малчдын хот, алслагдсан хорооны иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулсан, урьдчилан сэргийлэх чиглэлд бодлоготойгоор ажиллаж байна. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр бол дэлхий дээр загвар жишиг болоод явж байгаа. Өнөөдрийн байдлаар 1,3 сая хүнийг элэгний В, С вирусыг тоолж, устгах эмийг хямдралтай, үнэ төлбөргүй олгож, эмчилгээ хийж байгаа. Энэ хөтөлбөр энэ эрчээрээ явбал 2020 онд элэгний С вирусын тархалтыг зогсоож чадна гэж төлөвлөж байна.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир:

-Энэ хууль батлагдсанаар зарим орон нутагт шаардлагатай тоног төхөөрөмжтэй болох, иргэдийг мэдээлэлтэй болгох чиглэлээр хийх зүйл их бий. Энэ удаад хорт хавдрыг бууруулахын тулд хуулийг нь баталж, тодорхой төсөвтэй болж, журмын дагуу эрт илрүүлгийн хөтөлбөр батлагдана. Жилд 4400 орчим хүн хорт хавдраар нас барж байгаа гэсэн тоо 60 орчим хувиар буурна гэж тооцож байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

-Ажлын хэсэг эхний ээлжинд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. Үүнийг дагаад хууль төсвөөс санхүүжилтийг нь батлах шаардлага гарч байгаа. Үүний дараа журам батлагдана. Урьдчилан сэргийлэх үзлэг, мэдээллийг нэмэгдүүлж, аль болох бага зардлаар иргэд эмчилгээ хийлгэх, хүндрүүлэхгүй байх боломжийг л бий болгож байгаа юм. Эрүүл мэндийн яам өрхийн эрүүл мэндийн төвтэй энэ асуудлаа зөв уялдуулж чадвал энэ хүндрэлээс богино хугацаанд гарах боломж бүрдэж болно гэдгийг анхаараарай. 70-80 хувь нь хожуу илрүүлэг бөгөөд түүнийг нь эмчлэх гэж бид хамаг хүчээ дайчилж байгаа. Тэгэхээр бид мэргэжлийн, бүх хүнд хүрч үйлчлэх, ачаалал даах чадвартай хавдрын эмнэлгийг барих ажлыг бид яаралтай эхлүүлэх нь зөв.

Ийнхүү зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж, Эрүүл мэндийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Үүгээр УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш 15.00 цагт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулгын хариугаар үргэлжилнэ.

11 : 20
2019-10-11

Минск, Абу Дабид Элчин сайдын яам нээнэ

Чуулганы хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслийг хуралдаан оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Үүний дараа Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам байгуулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-ЭСЯ-нд ажиллаж байгаа хүмүүс арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Элчин сайдууд өөрсдийгөө том дарга гэж бодохоо болих хэрэгтэй. Элчин сайд гэдэг хүн улс орныхоо төлөө очоод юм гуйдаг байх ёстой. Абу Даби-д ЭСЯ нээснээр худалдааны эргэлт ямар байх вэ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: 

-Таны хэлсэн шалтгааны улмаас ЭСЯ нээх гэж байгаа юм. АНЭУ Монголд ЭСЯ нээсэн. Эмиратаас бид Говь-Алтайд баригдсан УЦС-ыг хөнгөлөлттэй зээлээр барьсан. Тэнд айлууд цахилгаанд холбогдсон байгаа. Абу Даби бол дэлхийн худалдааны төв болсон. Тэнд байнга эдийн засгийн чуулган зохион байгуулагдаж байгаа. Тийм учраас бидэнд ЭСЯ-аа нээх шаардлагатай байгаа. Абу Даби, Кувейтийн санд Монголын Элчин сайд суугаад хөрөнгө оруулалт хүсч байх хэрэгтэй. Мэдээж, худалдааны эргэлт муу байгаа. Хөгжлийн замдаа тэндээс сурах маш олон зүйл байгаа. Кувейтийг хаагаад Эмиратын ЭСЯ нээж болохгүй. Кувейт манайд их хэмжээний туслалцаа үзүүлсэн. Эмиратынхан тодорхой хэмжээний санхүүжилтийг гаргаж өгнө гэсэн. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 

-Хил орчмын аялал жуучлал гэж мөн ч их ярьдаг. Замын-Үүд-Эрээнээр жилдээ давхацсан тоогоор Монгол талаас 3 сая орчим зорчигч гардаг бол Эрээний талаас жилдээ 150 мянга орчим зорчигч орж ирдэг байна. Манайхан Хятадын талд очиж мөнгөө тушааж байгаа. Гэтэл Хятадын талаас наашаа орж ирдэг хүний тоо хил дээр гацаад 2012 оноос хойш эрс багассан. Ядахдаа нэг өдрийн, гурван өдрийн хил орчмын аялал жуулчлалыг зохион байгуулж болохгүй юу? Олон хоног хүлээнэ гэвэл хэн манайд аялж жуучлах вэ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-ГХЯ энэ асуудалд нээлттэй хандаж байгаа. Хоёр хөрштэйгөө харилцаагаа өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Улс төрийн асуудал бий. Дипломат харилцаа асуудалгүй мөртлөө дотоодод сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байгаа. Мөн техникийн хүндрэл байгаа. 

Ажлын хэсэг:

-Хил орчмын аялал жуучлалын талаар хэлэлцэж байгаа. Нэгээс долоон өдрийн хугацаатай байх юм. Харин Монгол Улсын талаас виз дарахад техникийн асуудал тулгараад байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаатай орнуудад Элчин сайдын яам байгуулдаг. Эмиратад Элчин сайдын яам байгуулна гэхээр импортын хэмжээ нэмэгдэж болох ч экспорт нь өсөх боломжтой юу. Эмират руу экспортоо нэмэгдүүлье гэвэл юу байх вэ. Гадаад улсад байгаа ашиггүй дипломат алба бий юу.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-Элчин сайдын яам байгуулж байгаа нь худалдааны нөхцөлөө сайжруулах, илүү нэмэгдүүлэх боломж байгаа учраас бид Элчин сайдын яам байгуулъя гэж байгаа юм. Худалдааны төлөөлөгчийн газрууд нээе гэж бодлогын шинэчлэл гаргаж, эхний ээлжинд дөрвөн төлөөлөгч ажиллуулахаар бэлтгэж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Нийт хэдэн дипломат төлөөлөгчийн газар төлөөлөгчгүй, хэдийнх нь хугацаа дууссан, хэд нь эзэнгүй байна вэ. Тодорхой тоо баримт байна уу. Түүнээс гадна энэ томилгооны асуудал юундаа байна вэ, эрх зүйн зохицуулалтад нь учир байна уу эсвэл балиартсан улс төрд байна уу. Яамнаас эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хууль боловсруулж болохгүй юм уу.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:

-БНСУ, Москва, Стокольм хотуудад Элчин сайд нар томилогдоогүй байгаа. Гэхдээ түр хамаарагч нар ажлаа хийгээд явж байна. Станбул, Хөх хот зэрэг газруудад гэнэт татагдсан Ерөнхий консулууд бий. Улс төрийн шахаа байхгүй гэж би хэлэхгүй. Яаж ил, далд миний, чиний хүн гэж томилуулах гэж зүтгэдэг, харин би мэргэжлийн хүмүүсээ хамгаалж ажиллах гээд амаргүй л байгаа. 

Ажлын хэсэг:

-Элчин сайдгүй байгаа Киргиз, Куб, хугацаа нь дууссан 13 Элчин сайд, дөрвөн газар Ерөнхий консулгүй байгаа. 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хурааж, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ төсөл нь хорд хавдрыг эрт илрүүлэх, хавдрыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. 

10 : 44
2019-10-11

Л.Энх-Амгалан: ОУПХ-ны нэр барьж улс төр хийхээ болих хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.10.11/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслийг батлах зэрэг 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өчигдөр мэдээлэл хийсэн. УИХ тусдаа түр хороо байгуулсан, энэ түр хороо ажлаа хийх ёстой. Одоо гишүүдээ попролтоо, улстөржилтөө зогсоож, ажлаа хиймээр байна. Нэг хүнийг ажлаас халсны дараа ОУПХ-ны мэдээлэл ил гарлаа гэдэг худал мэдээлэл тарааж байна. ОУПХ-оос Монголын парламент С.Зоригийн хэргийг улс төрд ашиглахгүй байхыг сануулсан байхад яагаад худал ярьж байна вэ. Энэ том байгууллагын нэрийг барьж, дүгнэлтэд ороогүй зүйлээр худал мэдээлэл өгч болохгүй шүү дээ. Одоо үүнийг болиод ажлаа хийцгээе” гэсэн саналыг хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж