МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим болон Steppe publishing хамтран “Монголын эзэнт гүрний түүх” төслийг хэрэгжүүлж, таван боть бүтээлийг эрхлэн гаргаад буй. Энэхүү таван ботид Их Монгол улс, Юань гүрэн болоод Зүчи, Цагаадай, Ил хаант улсуудын улс төр, нийгмийн байгуулал, эдийн засаг, соёлын түүхийг цогцоор нь нэгтгэн харуулахыг зорьжээ. Тус төслийн удирдагч, МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалтай ярилцлаа.
– “Монголын эзэнт гүрний түүх” төсөл амжилттай хэрэгжиж, таван боть бүтээлээ хэвлүүллээ. Энэхүү таван ботийг ямар онол номыг барьж бүтээв гэдгээс яриагаа эхлүүлье?
-1990-ээд оноос өмнө Монголд Зөвлөлтийн Марксист түүх бичлэг хөгжиж ирсэн. Энэ үед Монголын эзэнт гүрний түүхийн судалгаа нэлээд урагш ахисан боловч зарим талаар хязгаарлагдмал, үзэл сурталжсан шинжтэй байв. Ерээд оны дараа социалист систем задарч, Марксизм онолын гол чиг хандлага байхаа больсон. Үүний дараа Өрнөдийн нийгмийн ухааны хувьслын онол орж ирсэн. Энэ онол нь эдүгээ бас нэлээд шүүмжлэгдэх болсон, үнэн хэрэг дээрээ Марксизм болон Өрнөдийн нийгмийн ухааны онол нь нийгмийн хувьслын онолоос салж хөгжсөн, хоёр чиглэл юм. Өрнөдийн нийгмийн хувьслын онолоор бол нүүдэлчид нь бүдүүлэг, соёл иргэншил бүтээдэггүй бөгөөд нүүдлийн мал аж ахуй хөгждөггүй, нүүдэлчдийн нийгэм нь овог аймгийн зохион байгуулалттай тул өөрийн жам ёсны хөгжлөөрөө төр улс байгуулдаггүй, харин суурин иргэншлээс зээлдэж авсан төртэй байдаг гэсэн загвар ойлголтыг буй болгожээ. Тиймээс марксизм, Өрнөдийн нийгмийн хувьслын онолын аль, аль нь Монголын нүүдэлчдийн нийгмийн түүхийг судлахад онол, арга зүйн хувьд учир дутагдалтай байсан.
Өрнөдийн нийгмийн хувьслын онол нь Европ төвт үзлийн үүднээс Дорно дахины ард түмнүүдийн түүхийг, тэр дундаа нүүдэлчдийн төр нийгмийн байгууллыг тайлбарладаг алдаатай хандлага гэдгийг Өрнөдийн эрдэмтэд ч өөрсдөө хүлээн зөвшөөрөөд эхэлсэн. Тэгэхээр шинэ онолын хандлага хөгжүүлж байгаа Кембрижийн их сургуулийн профессор Дэвид Снит /David Sneath/, Пенсилванийн их сургуулийн профессор Кристофер Этвуд /Christopher Atwood/, манай их сургуульд багш, эдүгээ гадаадын тэргүүлэх их сургууль, судалгааны төвүүдээр судалгаа хийж байгаа Л.Мөнх-Эрдэнэ зэрэг судлаачид онолын энэхүү шинэ хандлагыг хөгжүүлэх, монголчуудын нийгмийн байгууллыг шинээр тайлбарлах талаар нэлээд сайн судалгааг хийж байна. Энэ шинэ онолын хандлагын үүднээс бид монголчуудын түүхийг бичих нь зүйтэй юм байна гэж үзсэн. Тэгэхээр энэ таван боть бол онол, арга зүйн хувьд харьцангуй шинэлэг. Ингэхдээ уламжлалт концепцийн давуу талыг нь аваад учир дутагдалтай талыг нь сайжруулах үүднээс бичсэн гэж үзэж болно.
– Гагц эрдэм шинжилгээ судалгааны сурвалж төдийгүй жирийн иргэд түүхээ мэдэх, ойлгоход дөхөм бүтээл болсон болов уу?
-Бид аль болох түүхийн судалгааны суурь бүтээлийн хэмжээнд бичихийг зорьсон. Тэгэхээр шинжлэх ухааны зарчмын дагуу бичсэн бүтээл гэж хэлж болно. Гэхдээ бичлэг найруулгын хувьд аль болохоор олон нийтэд ойлгомжтой байлгахыг зорьсон. Цэвэр эрдэм шинжилгээний бүтээл бол жирийн хүмүүс уншиж ойлгоход хэцүү хатуу хайрцаглагдсан бичлэгтэй байх нь бий. Гэвч бид түүнээс аль болох зайлсхийж, шинжлэх ухааны түвшинг барьсан хэр нь олон нийтэд ойлгомжтой байдлаар бичих цаг үеийн хэрэгцээ шаардлагыг анзаарч, үүнийг тусгаж ажилласан.
Өөрөөр хэлбэл, түүхчдийн бүтээл олон нийтэд хүрэхгүй байгаа нь түүхчид бидний бичлэгийн хэлбэрээс болж байна гэж үзэж байгаа. Энэхүү таван ботийг бүтээж байгаа гол зорилго бол ард түмэнд зориулж, түүхээ мэддэг болоосой гэж бичиж байгаа хэрэг шүү дээ.
-Эдгээр ботийг бүтээхэд урьд өмнө ашиглагдаагүй олон эх сурвалж ашигласан гэсэн. Тухайлбал ямар, ямар түүхэн эх сурвалжуудыг ашигласан бэ?
-Тийм ээ, Монголд бараг анх удаа перс, араб, цагадай зэрэг хэлээрх олон сурвалжуудыг эхээс нь өргөн хэмжээтэй ашигласан. Ер нь ашигласан сурвалжийн тоо хэмжээ, далайц нэлээд өргөжсөн гэж хэлж болно. Ялангуяа Цагаадайн улс, Ил хаант улсын ботийн гол зохиогч Д.Анхбаяр нь Анкарын их сургуульд доктор хамгаалсан, перс араб, түрэг хэлийг сайн эзэмшсэн залуу эрдэмтэн. Өмнө нь бид “Судрын чуулган”, “Ертөнцийг байлдан дагууллын түүх” зэрэг томоохон сурвалжуудыг ихэвчлэн орчуулгаар ашиглаж байлаа. Гэтэл орон нутгийн шинжтэй жижиг сурвалжууд маш их байдаг юм байна. Сурвалжийн хувьд энэ мэтчилэн боть тус бүр дээр маш олон зүйлийг ярьж болно л доо.
-Өргөн сурвалж ашиглахын хэрээр дэлхийд өөрсдийнхөө түүхийг үнэн мөнөөр нь таниулахад хувь нэмэр болох нь дамжиггүй?
-Нэг зүйлийг зориуд онцлоход Монголын эзэнт гүрний түүхийн судалгаа нь нэгд, түүх бичлэгийн хувьд арга зүй нь европ төвт үзэл баримтлалтай, хоёрт эх сурвалжийн хувьд, ялагдсан ард түмний гомдлыг тээсэн сурвалжуудад тэр бүр шүүмжлэлтэй хандалгүй, шууд үнэлэлт дүгнэлт өгөх нь түгээмэл байсан. Сурвалжийн мэдээлэлд шүүмжлэлтэй хандалгүй, шууд авч бичсэнээс болоод Чингис хаан болоод түүнийг залгамжлагчдын байлдан дагуулал, дэлхийд явуулсан бодлогыг асар их харгис, хэрцгий байсан гэдэг тийм загвар ойлголт өрнөдөд тогтчихсон байдаг. Нөгөө талаар Монголын эзэнт гүрний түүх дэлхийд сайн судлагдсан уу гэвэл судлагдсан. Гэхдээ тэдний судалж байгаа өнцөг нь Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж байсан тухайн улс үндэстэн өөрсдийнхөө түүхийг, өөрсдийнхөө өнцгөөр харж бичсэн нь түгээмэл. Гэтэл бидний хувьд, Ираны юм уу Иракийн, Хятадын юм уу, Дундад Азийн түүх бичих гээгүй, Монголын түүхийг бичиж байгаа. Тийм учраас үзэл баримтлалын хувьд, монголчууд байлдан дагууллынхаа дараа тэр улс, бүс нутгийг түвшитгэн тогтоохдоо ямар бодлого явуулж, тэр нь дэлхийн хөгжилд, бүс нутагт, тухайн ард түмний түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ, эдийн засаг, соёлын хөгжилд нь яаж нөлөөлсөн юм бэ гэдгийг тодруулахыг зорьсон. Үүнийг бид нар “Монгол төвт түүх бичлэг” буюу “Монголын түүхийг төв болгосон түүх бичлэг” гэж нэрлээд байгаа юм. Харин үүнийг маань зарим хүмүүс буруу ойлгоод, европ төвт үзэлтэй адилтган, монголчууд их мундаг, бусад нь доогуур байсан гэсэн байдлаар хандаж бичээд байна гэж буруу ойлгож болохгүй шүү.
Өөрөөр хэлбэл, бид Монголын түүхийн үүднээс харж бичиж байгаа хэрэг. Монголчууд бид агуу түүхтэй. Энэ агуу түүхийг бодитоор нь дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхдээ шинжлэх ухааны үндсэн зарчмыг чанд баримтлан, онол арга зүйн хувьд орчин үеийн шинжлэх ухааны түвшинд бичиж байж хүлээн зөвшөөрүүлнэ гэдгийг зарчмыг төслийн багийнхан баримталж бичсэн. Монголын эзэнт гүрний үед эдийн засаг, соёлын асар их дэвшил гарч, бүс нутгийг хамарсан томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн. Үүнийг тухайн улсууд монголчуудын нөлөөгүй, өөрсдөө хийж бүтээсэн юм шиг бичдэг түүх бичлэгийн хандлага дэлхийд хэт давамгай байгаа учраас бидний түүх буруу ойлгогддог. Үүнийг залруулахад Монголын түүхчид хувь нэмрээ оруулах ёстой. Тийм учраас бид монголын түүхийг төв болгосон түүх бичлэгийн үүднээс бичихийг хичээсэн.
-Байлдан дагууллынхаа дараа монголчуудын бий болгосон бүтээн байгуулалтуудаас дурдвал сонин байх болов уу?
– Энэ төслийн хүрээнд эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан нэлээд олон газруудаар явлаа. Жишээ нь Иранд 2 удаа очсон. Узбек, Турк гэх мэт торгоны замын дагуу гол газруудаар, мөн байлдаан болсон газруудаар явж үзсэн. Ил хаадын байгуулсан гурван нийслэлээс эхлээд, бүтээн байгуулалт, хот суурин, сүм хийд, бунхан, хөшөө дурсгал олон бий. Соёл урлагийн салбарт үсрэнгүй амжилт гарсан байдаг. Монголчуудын албан татвар, санхүү мөнгөний бодлого, худалдааг дэмжсэн бодлого нь чөлөөт худалдааны асар өргөн орон зайг буй болгож, торгоны замыг өргөтгөн хөгжүүлсэн. Олон улсын худалдааны замыг засаж сайжруулж, өртөө зам байгуулж, аюулгүй байдлыг хангаснаар худалдаа арилжаа цэцэглэн хөгжсөн. Худалдааны замын дагуух хот суурин, зах зээлийн газрууд, гар урлал цэцэглэн хөгжсөн. Худалдааны замын дагуу дэн буудал Караван сарай олноор байгуулагдсаныг очиж үзлээ. Ялангуяа 13, 14-р зууны үеийн бүтээн байгуулалтууд болох эмнэлгүүд, шашны сургалтын газрууд /мадриса/, одон орны оргилууд олон бий. Тэр бүхэн Монголын төрийн бодлогоор хийгдсэн бүтээн байгуулалт шүү дээ. Гэтэл дэлхий монголчуудыг ийм бүтээн байгуулалт хийсэн гэж ярьдаггүй. Эвдсэн нураасан байлаа гэхэд дараа нь хамаагүй илүү түвшинд сэргээн хөгжүүлж, бүтээн байгуулалт хийсэн байхад, яагаад сэргээн босгож, бүтээн байгуулсныг ярихгүй байна гэдэг бол асуудал юм.
-Даяаршлын эрин зууны энэ их мэдээлэл дунд түүхээ мэдэх судлах завгүй залуу үе өсөж байна. Яг энэ үед түүхээ мэдэхийн ач холбогдол юу юм бэ?
-Түүх гэдэг бол тэр ард түмний ой санамж. Яагаад мэргэд түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин лугаа адил гэсэн юм бэ. Түүхээ мэдэхгүй бол чи бараг амьтан шүү гэж хэлээд байгаа биз дээ. Хувь хүнээр ярих юм бол хүн ой санамжаа алдчихаар өөрөө хэн бэ гэдгээ ч ойлгохоо больдог. Тэр хүнийг хуурч мэхлэхэд маш амархан, өөрөөр хэлбэл ямар ч амьдралын туршлагагүй насанд хүрсэн хүүхэд л болчихож байгаа хэрэг. Түүхээ мэдэхгүй байх нь үүнтэй л адил. Хүн түүхээсээ сургамж авдаг. Хүн нас явах тусмаа ухаалаг болдог шиг урт удаан түүхтэй ард түмэн бол түүхийнхээ сайн талыг батжуулан залгамжилж, алдаа байвал түүнээсээ сургамж авдаг. Ингэж явсан ард түмэн урт удаан, бөх бат оршин тогтнодог.
Нөгөөтэйгүүр түүх гэдэг бол тухайн ард түмний адилсал буюу үндэсний ухамсрын гол цөм болж байдаг. Монголчууд бид өөрсдийгөө яагаад нэгдмэл ард түмэн гэж бодоод байгаа юм. Энэ бол бид хэдэн мянган жил нэг түүхтэй явсных. Монголыг монгол угсаатан, монгол үндэстэн болгож байгаа зүйл бол, монгол хүнийг монгол хүн болгож байгаа зүйл бол өөрийнх нь түүх соёл юм. Өөрийнхөө түүх соёлыг үгүйсгэнэ гэдэг бол өөрийнхөө аав ээж, эмээ өвөөг үгүйсгэж байгаатай адил хэрэг. Миний өвөө бол миний өвөө биш ээ, би америк өвөөтэй юм байгаа юм, би хятад эмээ өвөөтэй гэж хэлж байгаатай ижил юм. Эзэнт гүрний түүх ямар ч хэрэггүй гэж үзвэл миний өвөө эмээ надад ямар ч хэрэггүй. Би өөрөө ийм болоод төрчихсөн юм гэж байгаатай ялгаагүй.
Дэлхийн том гүрнүүд мэдээж бодлого явуулдаг. Глобалчлал гэдэг бол өрнөдийн соёлыг дэлхийд түгээх бодлого шүү дээ. Хүн өөрийгөө мэдэхгүй байх тусмаа гадны юмыг дуурайдаг. Тэр улс орнууд ч өөрийгөө дуурайлгах сонирхолтой байна шүү дээ. Харин монгол хүнд Монголынх нь түүхийг мэдүүлэхийн тулд төр бодлого хэрэгжүүлэх ёстой.
– Ярилцсанд баярлалаа.
Ц.ДЭЛГЭРМАА
Холбоотой мэдээ