“Хүүхдүүд “Бушхүүгийн эхнэр” гэж их шоолдог байсан”

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

“Хүүхдүүд “Бушхүүгийн эхнэр” гэж их шоолдог байсан”

“Хүүхдүүд “Бушхүүгийн эхнэр” гэж их шоолдог байсан”

Одоогоос 40 жилийн өмнө байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай өгүүлсэн монголын анхны өнгөт уран сайхны кино болох “Бушхүүгийн үлгэр” киног бүтээсэн түүхтэй. Уг киноны гол дүр болох Бушхүүгийн сэтгэлт бүсгүй, лусын хааны отгон охины дүрийг олохын тулд чамгүй эрэл хайгуул хийж, арван жилийн сурагч охин Ц.Сайнсанаад пробонд орох санал тавьснаар тоглосон байна.

News агентлаг Мартагдашгүй танил булангийн энэ удаагийн зочноор үзэгчдийн сэтгэлд лусын хааны отгон охины дүрээр хоногшин үлдсэн Ц.Сайнсанааг урьж, ярилцлаа. Тэрбээр өдгөө МУИС-ийн Сургалтын нэгдсэн албанд ажиллаж байгаа аж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Юуны өмнө цаг зав гарган бидэнтэй ярилцаж буй танд баярлалаа. Тантай ярилцах хүсэлт тавихад “Би хэвлэлд ярилцлага өгөх дуртай биш” гэж цааргалж байсан. Гэсэн ч хүсэлтийн минь зөвшөөрч, хүрэлцэн ирсэнд баяртай байна. Таныг МУИС-д олон жил ажиллаж байгаа гэж дуулсан?

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд хэвлэлд ярилцлага өгөх дуртай хүн биш. Гэхдээ танай сайтын хүсэлтийг хүлээн авч, ярилцаж байгаадаа баяртай байна. Намайг Цэрэнчимэдийн Сайнсанаа гэдэг. Нөхөр, хоёр хүүтэй. Одоогоор хоёр ач хүүтэй. Нөхөр маань газар тариалангийн бизнес эрхэлдэг. Том хүү маань бизнесийн удирдлагаар мэргэшсэн бол бага хүү маань программ хангамжийн инженер мэргэжилтэй одоо хоёулаа хувийн хэвшилд ажиллаж байна.

Би сүүлийн 20 жил МУИС-д ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны асуудал хариуцан дипломатын үүрэг ажилд томилогдон ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Мөн МУИС-д ажиллахаасаа өмнө ОХУ-ын Москва хотын Улсын багшийн их сургуулийг физикч, астрофизикч мэргэжлээр төгсч ирээд, эх орондоо Улсын Багшийн их сургуульд физик, математикийн тэнхимд багшилж байлаа.

 

-Монголын ард түмэн таныг “Бушхүүгийн үлгэр” киногоор нь сайн танина. Тухайн үед энэ кинонд тоглохдоо арван жилийн сурагч байсан гэв үү. Анх кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан тухай дурсамжаа хуваалцахгүй юу?

-Энэ жил манай киноны 40 жилийн ой тохиож байна. Энэ ярилцлагын далимд “Бушхүүгийн үлгэр” киног бүтээхэд оролцсон бүх уран бүтээлчид, жүжигчид, туслах ажилтнууд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний хувьд наймдугаар ангиа төгсч, улсын шалгалтаа амжилттай өгчихөөд ээжтэйгээ ангийн найз Г.Хулангийн хамт хүүхдийн паркын ойролцоо зугаалаад явж байлаа. Хүүхдийн баярын дараагаар их халуун өдөр байсан санагдана. Тэгсэн хоёр эрэгтэй хүн араас дагаад болдоггүй. Ээж маань гайхаад “Харахад хөгшин хар юмнууд яах гээд байгаа юм бол” гэсэн чинь нөгөө хоёр хүн маань бид гуравыг гүйцэж ирээд “Уучлаарай. Та битгий уурлаарай. Бид Монгол кино үйлдвэрээс явж байна” гээд ажлын үнэмлэхээ үзүүлсэн. Тэгээд “Бид хагас жилийн хугацаанд нэг дүрд тоглох охин хайгаад байгаа юм. Монголын кино үйлдвэрийн хувьд анхны өөрсдийн бие даасан өнгөт, үлгэрийн кино хийх гэсэн юм. Танай хоёр охиныг шалгаж үзмээр байна” гэлээ. Тэр хүмүүс бол ард түмэндээ “Өглөө” киноны Сэлэм Тогмидын дүрээр алдаршсан Ц.Цэрэндорж гуай, туслах найруулагч Ц.Намсрайжав ах хоёр байсан юм билээ. Тэд маань ангийн найз Г.Хулан бид хоёрыг эгч дүү гэж бодсон юм шиг байна лээ.

Тэгсэн чинь  манай ээж “Манай охид 10 жилийн сургуулийн хүүхдүүд. Мэргэжлийн жүжигчид биш. Сая наймдугаар ангиа төгсч, улсын шалгалтаа өгөөд амрах гэж байна. Хүүхдүүд маань кинонд тоглож чадахгүй байх” гээд цааргалтал “Заавал мэргэжлийн жүжигчин байх албагүй. Ирэх нэг дэх өдөр монгол дээл, бүстэй, ирээд пробонд орж өгөөч” гэсэн. Тэгээд найзтайгаа ээж ээжийнхээ дээл, бүсийг аваад “Кино пробонд ороод үзье. Ядаж нэг монгол дээлтэй зурагтай болох юм даа” гэж бодоод очлоо. Тэгээд пробонд ороод удаагүй байтал манай гэр лүү утасдаад “Намайг тэнцлээ” гэж хэлсэн. Би “Ямар дүрд тоглох вэ” гэсэн чинь “лусын хааны отгон охины дүрд тоглоно” гэж билээ.

 -Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авч байв?

-Би пробондоо тэнцчихээд кинондоо тоглох гэтэл ээж, аав хоёр маань ээлжлэн дургүйцээд болдоггүй. Хөдөө натурт Горхи-Тэрэлжид зураг авалтаар нэлээд хэд хоног байрлаж ажиллана гэсэн чинь аав, ээж “Насанд хүрээгүй хүүхэд яаж авч явах юм. Бид өөрсдөө ажилтай учраас хөдөө дагаж явж чадахгүй” гэлээ. Тэгээд туслах найруулагч В.Мандах ах маань их хичээл зүтгэл гарган ээж, аавыг ухуулж, зөвшөөрүүлж чадсан. Кино группт очиход монголын алдартай уран бүтээлчидтэй ажиллах завшаан таарсан юм.

-Таны анхны кино учраас хүндрэл бэрхшээл, айдас байв уу?

-Тийм. “Бушхүүгийн үлгэр” кино бол миний анхны кино. Тухайн үед жүжигчид маш их давтлага хийж, үгээ цээжилж бэлтгэдэг байсан. Зураг авалтын хуваарийг нарийн гаргачихдаг. Бэлтгэл ажлыг маш сайн хийж, дүрүүд урьдчилж хоорондоо ярина. Киноны зураг авалт хийх хэсгийг ямар ач холбогдолтой вэ гэдгийг сайн тайлбарлаж өгдөг байсан. П.Цогзол гуай ерөнхий найруулагч, ерөнхий зураачаар ажилласан учраас өглөө эрт босч, шөнө хамгийн орой унтана. Найруулагч маань маш их шаардлага өндөртэй, хүмүүсийнхээ ажлын үүрэг хуваарилалтыг их сайн өгнө. Биелэлтийг ч яс шаардана. Киноны ерөнхий найруулагч бол ерөнхий командлагч байдаг учраас жүжигчид үүргээ маш сайн биелүүлэх ёстой байдаг. Тиймээс хуучны монголын уран сайхны киноны чанар маш сайн байсан байх гэж боддог.

Миний тоглосон дүр гол дүр хэдий ч олон удаа гараад байдаггүй. Учиргүй морин дээр давхих, нум сум харвах гэх мэт хүнд зураг авалтууд байхгүй ч тухайн дүрийн сэтгэл хөдлөлийг тодорхой хэмжээгээр зөв тунгаар илэрхийлэх шаардлагатай байсан. Хаан дээр баригдаж ирж буй зураг авалт миний анхны зураг байсан.  Монгол кино үйлдвэрийн павилонд зураг авалтыг хийхэд жаахан сандарч байсан ч хааны дүрд тоглосон Ардын жүжигчин С.Гэндэн гуай мундаг туршлагатай хүн учраас “Над руу хар. Тайван бай” гэж зөвлөж байсан.

 -Зураг авалтын үеэр тохиолдсон мартагддаггүй сайхан дурсамж бий юу?

-Хөдөө натурт гарсан чинь найруулагчаас "Наранд боролж, ялаа, шумуулд хазуулж болохгүй" гэдэг даалгавар авлаа. Тэнд би зуны халуунд сайхан байгальтай газар битүү гивлүүртэй байдаг байлаа. Бараг гэрээс гарахгүй. Тэгсэн нэг өглөө чухал зураг авалттай босоод ирсэн чинь баруун талын хацар, нүд шумуулд хазуулаад хавдчихсан байсан. Тэгсэн П.Цогзол гуай “Алгын чинээ нүүрээ хамгаалж чадахгүй ямар арчаагүй юм бэ” гээд загнаж гарсан. Би ч айж сандраад хүйтэн усаар жин тавиад зүгээр болдоггүй. Сүүлдээ Бушхүүд цай аягалж өгдөг тэр хэсгийг зөвхөн зүүн талаас нь зураг авсан байдаг. Манай кино группийнхэн намайг шоолж, жуумалзаад л. Мундаг мэргэжлийн жүжигчидтэй тоглосон болохоор киног өөд нь татаад аваад явчихдаг юм билээ. Би ч олон  удаа дахиулж, плёнк үрээд байгаагүй гэж боддог. /инээв/

-Бушхүүгийн дүрд тоглосон партнёрынхоо талаар ярихгүй юу. Одоо киноныхоо уран бүтээлчидтэй холбоотой байдаг уу?

-Миний хувьд зуны амралтынхаа нэг сарыг киноны зураг авалтад оролцож, өнгөрүүлсэн. Бушхүүд тоглосон миний партнёрын хувьд бараг нэг жил киноны зураг авалтад ажилласан тухай ярьж байсан. Миний партнёрт О.Ганбат гэж хүн тоглосон. Би тэгэхэд 16 настай, О.Ганбат ах маань 30 настай байлаа. О.Ганбат ах маань ЗХУ-д цэргийн орчуулагч мэргэжлээр цэргийн дээд сургууль төгссөн, Батлан хамгаалах яамны оффицер хүн байсан. Эхнэр хүүхдүүд нь зураг авалтын үеэр эргэж ирж байсан нь санагддаг. Харамсалтай нь ах маань 1990-ээд онд бурхан болсон юм.

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Пүрэвийн Цогзол, зураглаач Луузаншаравын Шаравдорж, нүүр хувиргагч Д.Бадамцэрэн эгч, Бушхүүд тоглосон Осорын Ганбат, Тамсар хаанд тоглосон Сангижавын Гэндэн, Нямын Дагийранз, лусын хааны дунд охинд тоглосон Намсрайн Сувд, Наран ээжийн дүрд тоглосон Лувсанжамцын Цогзолмаа гуай, гурван өнчин хүүхдийн дүрд тоглосон том, жижиг О.Отгонбаатар, Л.Отгонбаатар, Ю.Уранчимэг нар болон хааны хүүд тоглосон Чоймболын Жумдаан, хүмүүсийн ихээр сонирхдог шулмын дүрд тоглосон Тавхайжамцын  Цэмпилмаа эгч, ээжийгээ гэртэй нь үүрч явдаг хүчирхэг эрийн дүрд Монгол Улсын заан Донровын Долгорсүрэн ах тоглосон гээд маш том групп ажилласан. Одоо зарим нь тэнгэрийн орноо морилсон доо. Гэхдээ бусад уран бүтээлчидтэйгээ мэндтэй устай байдаг.

-Тухайн үед кинонд тоглоход үеийнхэн нь хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Тэгээд есдүгээр ангид ордог намар киноны маань нээлт болсон. Ээж, аав маань анх киног маань үзээд их баярласан. Би киноныхоо нээлтийн үеэр сургуулийн хүүхдүүдээ урьж үзүүлсэн. Хүмүүс маш сайхан хүлээн авч баяр хүргэж байсан. Үеийн найзууд маань намайг “Лусын гүнж” гэж дууддаг байсан бол бага ангийн хүүхдүүд намайг “Бушхүүгийн эхнэр” гээд их шоолдог байж билээ.

Одоо хааяа “Бушхүүгийн үлгэр” киногоо үзэхээр их сайхан санагддаг. Энэ кино маань байгаль экологио хайрлах талаар харуулсан кино шүү дээ. Жишээлбэл, Бушхүү өнчин гөрөөсийг харваад алахгүйгээр тавиад явуулснаараа түүний аз жаргалын эхлэл тавигдсан. Байгальдаа хайртай энэрэлтэй хандаж, амьд амьтан бүр утга учиртай гэдэг санааг өгүүлж байдаг. “Бушхүүгийн үлгэр” кино нь үлгэр домгийн сэдэвтэй, Монголын анхны хослол зургийн аргаар хийсэн кино гэдгээрээ онцлог юм. Манай кино 1980 он Чехословак улсын Карлова Вары хотод жил бүр зохион байгуулдаг олон улсын кино наадмын тусгай шагнал авсан цомыг харуулж, Монгол кино үйлдвэрийн музейд шилжүүлж байгаа талаар найруулагч П.Цогзол гуай бидэнд танилцуулж, бахархан ярьж байсныг сайн санаж байна.

-Дараагаар нь танд кинонд тоглох санал ирсэн үү?

-Миний хувьд арван жилийн сургуулиа Орос хэлний тусгай дунд 23 дугаар сургуулийг төгсөөд, ОХУ-ын Москва хотод астрофизикийн багш мэргэжлээр суралцахаар явсан. Эх орондоо ирээд Багшийн их сургуульд ажиллаж, гэр бүлтэй болсон. Үргэлжлүүлэн боловсролын салбартаа ажилласан юм. Хэдэн жилийн өмнө МҮОНРТ-ийн хийсэн эмч нарын тухай олон ангит кинонд хөрш эмэгтэйн туслах дүр дээр ажилласан. Бас нэг ардын дууны клипэнд ноёны хатны дүрд тоглосон.

 -Ярилцлагынхаа төгсгөлд нийгмийн хөгжилтэй холбоотойгоор сэтгэл зовниж явдаг асуудлын талаар санал бодлоо хэлмээр байгаагаа хэлсэн. Та ямар асуудалд санаа зовниж явдаг вэ?

-Насны өндрөөс гэж хэлж болох байх. Нийгмийн хөгжилтэй холбоотойгоор ярьж хэлэх зүйл олон байна. Хэт шүүмжилж муу хэлэх гэсэнгүй. Гэхдээ нэгдүгээрт хүн бүрийн эрүүл мэнд өөрийнх нь гарт бий. Бид агаар, хөрсний бохирдлын талаар тодорхой ойлголт, мэдээлэлтэй болсон. Гэвч үүний хажуугаар хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж буй асуудал бол удаан үйлчлэлтэй тэсрэх бөмбөг буюу ухаалаг гар утас юм. Ухаалаг гар утас маш хүчтэй цахилгаан соронзон долгионыг ялгаруулж байдаг. Хүмүүс орчин цагт аль болох ухаалгаар гар утсаа хэрэглэх шаардлагатай байна. Үүнээс улбаатай мэдрэлийн ядаргаа, нойрдгүйдлээс гадна хорт хавдар үүсэх эрсдэл маш өндөр болжээ. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй ээж, аавууд үүнийг анхаарах хэрэгтэй. Гар утсаа таван минут чихэндээ бариад ярихад маш хүчтэй цацрагаар тархиа шарж байгаатай адил. Үүний хор уршгаар тархины хорт хавдар, цус харвалтын өвчлөл ихсэх өндөр магадлалтай болж байна. Ухаалаг гар утасны хор хөнөөлийг залуус ойлгохгүй гар утсаа дэрлэх, биедээ их ойр байлган унтаж байна. Гэтэл зүрхнээсээ болон биеэсээ  үргэлж хол байлгах хэрэгтэй. Утсаар ярихдаа аль болох биеэсээ хол чихэвч ашиглан ярих нь зүйтэй. Энэ бол хамгийн ноцтой асуудал. Энэ сэдэв маш том учраас энэ талаар дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болно.


 “БУШХҮҮГИЙН ҮЛГЭР” МОНГОЛЫН УРАН САЙХНЫ КИНО

Бүтээсэн он: 1979 он

Бүлгийн тоо: 9  /өнгөт /

Зохиож , найруулсан-Пүрэвийн Цогзол

Зураглаач -Луузаншаравын Шаравдорж
Зураач -Батын Болд , Пүрэвийн   Цогзол
Хөгжмийн зохиолч -Цэгмэдийн  Намсрайжав

Дууны найруулагч – З.Гаваа

Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн

Эвлүүлэгч – Ц.Цогзол, С.Энхжаргал
ГОЛ ДҮР:

Бушхүү- Осорын Ганбат

Охин- Цэрэнчимэдийн Сайнсанаа

Тамсар хаан – Сангижавын Гэндэн

ДҮРҮҮДЭД:

Нямын Дагийранз , Намсрайн Сувд  , Лувсанжамцын Цогзолмаа ,0.Отгонбаатар , Донровын Долгорсүрэн , Ю. Уранчимэг , Улаанхүүгийн Осор . Чоймболын Жумдаан , Тавхайжамцын  Цэмпилмаа

 Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж