-Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир хүрэл, Г.Одбаяр V байр, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа хүрэл медаль авлаа-
Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.
Энэ өдөр барилдсан манай дөрвөн жүдочоос гурав нь шөвгийн наймд үлдэж, улмаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанд С.Ням-Очир БНАСАУ-ын бөх Хон Кук Кёнг хожиж, дэлхийн аваргын хүрэл медалийг авлаа. Тэрээр ийнхүү олимп, дэлхийн аваргын хүрэл медальтан болж байна.
С.Ням-Очир эхний хоёр тойрогт гоц мөргөж, Тажикистаны Кароматулло Хакимов, Словенийн Р.Драксик нарыг цэвэр хожиж, шөвгийн наймд үлдсэн. Хэсгийн аварга буюу хагас шигшээд үлдэх эрхийн төлөөх барилдаанд БНСУ-ын Ан Чан Римд дийлдсэн ч дагах барилдаанд Израилын Муки Сагиг хожсон юм. Манай бөх хүрэл медалийн төлөө шөвгийн наймд Г.Одбаярыг хожсон БНАСАУ-ын Хон Кук Кёнг юүко үнэлгээгээр хожиж, дэлхийн аваргын хүрэл медалийг авлаа.
Г.Одбаяр хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ан Чан Римтэй барилдсан ч торгуулийн илүүгээр хожигдлоо.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ Д.Сумъяа Канадын Катерин Бушемин-Пинардыг хожиж, дэлхийн аваргын анхны медиалиа авлаа. Хоёр бөхийн барилдаан үндсэн цагт адил хоёр торгуултай өндөрлөсөн. Нэмэлт цагт манай бөх илүү байж, өрсөлдөгчөө хожсон юм.
Д.Сумъяа "D" хэсгийг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, БНХАУ-ын Лю Ян, Косовогийн Нора Гжаковаг хожиж, шөвгийн наймд үлдсэн. Тэрээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмотод хожигдсон ч дагах барилдаанд дэлхийн аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэлтэй Португалийн М.Телмаг хожсон. Телмагийн хувьд гар хөшиж үүрэх буюу хориотой мэх хийсний улмаас тэмцээнээс хасагдсан. Манай бөх Канадын Катерин Бушемин-Пинардыг хожиж, дэлхийн аваргын анхны медиалиа авлаа.
Ийнхүү энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс С.Ням-Очир, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртэж, Г.Одбаяр шагналт V байрт оров.
Энэ өдөр япончууд илүү байж, хоёр жинд түрүүллээ.
Ч.БОЛОР