Ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү

Ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх ёстой биш бил үү

Улсын маань нийслэл өндөр сайхан дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд хаа сайгүй. Тав алхаад л зоогийн газар, ресторан, дэлгүүр хоршоо бий. Гэвч энд нэг л зүйл дутуу. Сая гаруй хүн амтай нийслэл хотын хувьд нийтийн бие засах газар өнөөг хүртэл хүнд сэдэв хэвээр. Нэгдүгээрт иргэдийн өөрсдийн соёлгүй, бүдүүлэг байдал, хоёрдугаарт нийтийн ариун цэврийн газруудын хүрэлцээгүйгээс байдлаас болж, хүмүүс байшин, гудамжны булан тохойд “морь харах” нь элбэг тохиолддог. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хот тохижилтын газар бүртгэлтэй ердөө 19  ширхэг "City toilet" ажиллаж байна. Үүнээс  15 “City toilet" өдөр тутамд иргэдэд үйлчилж буй. Гэхдээ нэг сая 300 мянган хүн амтай нийслэл хотод 15 нийтийн бие засах газар үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь мэдээж хангалтгүй тоо юм. 

Уг нь 2014 онд батлагдсан Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 4.18-д “Худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуй нэгж, иргэд нь өөрийн бие засах газраар иргэд, үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ” гэж заасан байдаг. Өнгөрсөн зургадугаар сард тус журмын шинэчилсэн найруулгыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дэмжин, батлагдсан журмыг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд бүртгүүлжээ. Тус журмын шинэчилсэн найруулгын 8.1.5-д худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан байна.

Тэгвэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/  “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2” худалдааны төвүүдийн нийтийн бие засах газар болон ариун цэврийн өрөөг аравдугаар сарын 1-ээс эхлэн иргэдэд төлбөргүй үйлчилнэ гэж мэдээлсэн.

Тус газруудад “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” заалтын хэрэгжилтийг хангуулахаар НМХГ-ын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийг хүргүүлсэн аж.

Иргэдэд үнэгүй үйлчилж буй эсэхийг мэдэхээр дээрх нэр дурдагдсан худалдааны төвүүдээр өчигдөр /2019.10.10/ очиход ариун цэврийн өрөөний хаалган дээр нь төлбөртэй гэсэн цаас наалттай угтсан нь асуултын минь хариултыг хэн нэгнээс асуух шаардлагагүй шуудхан өгөх нь тэр. Иргэд ч худалдаа, үйлчилгээний газрууд нийтэд үнэтэй, үнэгүй үйлчлэх, ер нь шаардлагатай үед ариун цэврийн өрөөг нь ашиглах боломжтой эсэх талаар нэгдсэн ойлголтгүй байгаа юм.

Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд 200 төгрөгийн төлбөр төлдгийг хүн бүр мэднэ. Харин 00-ын урд мөнгө хурааж суух цэвэрлэгчид “Мэдээж ариун цэврийн өрөө гэдэг бол хамгийн цэвэр дээд зэргийн ариутгал хийж байх ёстой газар. Гэтэл иргэд миний гэр, миний эдлэл хэрэглэл биш гэсэн шиг суултуур дээр гарч суудаг, гадуур нь бие засаад хамаг юмыг нь бохирдуулж, эвдэлж хэмхэлдэг. Иргэд цэвэрхэн бие засдаггүйн улмаас зогсоо зайгүй 00-ын өрөөгөө цэвэрлэж байна” хэмээн гомдоллож, шинэ журмын талаар мэдээгүй гэсэн нийтлэг хариултыг өгч байлаа. Дээрх заалтын хэрэгжилтэд хяналт тавих ёстой НМХГ шахмал түлштэй холбоотой асуудлаар онц байдал зарлан, бүх байцаагчид нь нийслэлийн зургаан дүүргийн хороонд хуваарилагдан, шахмал түлшийг зөв хэрэглэх зуухны галлагааны талаарх зөвлөмж мэдээллийг айл өрхүүдэд өгч байгаа сурагтай.  

НМХГ-ын байцаагчид ирэхээр ариун цэврийн өрөөний хаалган дээр “төлбөргүй үйлчилнэ” гэсэн цаас нааж, тэднийг явсны дараа “төлбөртэй үйлчилнэ” гэсэн цаасаар сольж, муур хулгана болж тоглосоор хэдий болтол явах вэ?  Угаасаа хууль, эрх зүйн орчин нь бүрдчихсэн байхад хуулиа биелүүлэхийг шаардах эрх хүн бүрт бий. Мөн хянадаг, шалгадаг, зөвшөөрөл олгодог байгууллагууд нь ч үйлчлүүлэгчдэдээ ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх стандартыг нь хангуулах, хуулиа биелүүлдэг болгох зайлшгүй шаардлага бий болсныг энд сануулъя.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж