Монголчууд захидал бичиж "чаддаггүй"

Хуучирсан мэдээ: 2019.10.11-нд нийтлэгдсэн

Монголчууд захидал бичиж "чаддаггүй"

Монголчууд захидал бичиж "чаддаггүй"

Сэсээр /СССР / улсаас гаралтай

Сэвсгэр цагаан цаасан дээр

Дурлаж бичсэн захидлын минь

Дугаар номер нэг юм шүү Энэ шүлэг, энэ дууг мэдэхгүй дуулж дурлаж яваагүй залуус байхгүй. Өнөө үед эрээн эмжээртэй шуудангийн дугтуй гээгдэж мартагдсан түүх л болон үлджээ. Орчин цагт шуудан хүлээж догдолдог хүн байна гэвэл ихэнх хүний инээд хүрч магадгүй. Гэвч бэхнийх нь үнэр арилаагүй цас шиг цагаан цаасан дээр сэтгэлээсээ шагласан тэр л хэдэн мөрт хүний зүрх сэтгэлд гүн дурсамж үлдээхээс бус амаараа хэлсэн, компьютерийн цаанаас бичсэн товчхон хэдэн үг гүн сэтгэгдэл төрүүлж, дурсамж үлдээж хожим нь түүх өгүүлэхгүй биз ээ.

Цаасан дээр бэхээр бичсэн эзнийхээ гарын хэвтэй үлдсэн тэр л захидлууд аз жаргал, зовлон гуниг, тухайн цаг үеийн нийгмийн байдлыг илэрхийлж байдаг. Нөгөө талаас захидал бичих нь соёлын нэг хэлбэр байсныг VIII Богд Жавзандамба хутагтын бичсэн захидлаас тодхон харж болохоор аж.  Тухайлбал, 1869-1924 оны үед VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжинням, Эх дагина Дондогдулам хатан нараас Банчен богд Далай лам Төвөдийн ихэс дээдэст явуулсан захианы эх хувилбарт таталган төвд бичгээр бичжээ. Мөн VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд суухад Далай ламаас баяр хүргээд Хятад Төвөдийг эзлээд найрамдлын гэрээ байгуулсан тухай захиа нь төвөд хэлээр таталган бичжээ. Энэ үеийн захидлууд Монгол Улс болон Төвөдийн хоорондын найрамдалт харилцааг илэрхийлэх аж.

СОЦИАЛИЗМЫН ҮЕД МОНГОЛЧУУД ШИГ БИЧИГ ҮСГИЙН ИХ СОЁЛТОЙ ОРОН БАЙГААГҮЙ

Судлаач, цуглуулагч Р.БЯМБАА: 

-Төвөдийн таталган бичгээр бичсэн захидал түгээмэл байдаг ч захиа нь өөрийн гэсэн онцлог, бичих зарчимтай. Төвөд хүмүүс таталган бичгээр бичих, Монгол хүмүүс таталган бичгээ бичих нь ялгаатай. Үгийг товчлох, хураах зарчим өөр. Захиа бичих өөрийн гэсэн уламжлал ёс жаяг бий. Жишээ нь, бид захидалдаа болгоогоорой гэж бичихгүй болгоон соёрхоно уу гэх байдлаар бичлэг нь өөр хоорондоо онцлог ялгаатай. Төвөдийн таталган бичгээр бичсэн ч захидал бичих монгол уламжлалт ёс заншил, дэг жаяг VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжиннямийн захидлуудаас ажиглагддаг. Хааны бичсэн захидал нь баримт бичиг соёлын дурсгал, хоёрдугаарт Төвөд,  Монголын хоорондох харилцааг судлах том хэрэглүүр болохын зэрэгцээ монголчууд бичиг үсгийн соёлтой, өндөр боловсролтой хүмүүс байсныг илтгэнэ. Монголчууд Төвөд хэлээр захиа бичих нь мэдлэг боловсрол, соёлын илэрхийлэл. Харь хэл дээр зохиол бүтээл туурвиж, захидал бичиж, харилцан нэгнээ ойлгож байна гэдэг боловсролын өндөр түвшинг харуулж байгаа юм. Социализмын үед л монголчууд бичиг үсгийн соёлгүй харанхуй бүдүүлэг хүмүүс байсан гэж харлуулсан ч үнэн чанартаа монголчууд шиг бичиг үсгийн их соёлтой орон байгаагүй. Төвөд бичгээс гадна монгол бичгээр бичсэн захидал бичгийн их соёлтой ард түмэн байсан ч өнөөдөр энэхүү захидал бичих соёл байхгүй болсон. Монголчууд захидал бичихдээ тухайн захидлын эзнээ хүндэтгэж, хэргэм зэрэг албан тушаалыг дурдаж хүндэтгэл илэрхийлж, амар мэндийг нь асуун сэтгэлийн бэлэг өргөн барьж буйгаа дурдсаныхаа дараа  төгсгөлд нь өөрийн айлтгах зүйлээ хэлж, хүсэлтийг нь болгоохыг илэрхийлдэг байсан зарчимтай. Захидал бичих гүн хүндэтгэл, ёс заншилтай байсан. Жишээ нь, Арслан ширээнд заларсан дээд ачит Богд таны өлмийд бишрэн сөгдөн мөргөе. Таны бие лагшин тунгалаг уу гэх зэргээр хүндэтгэлийн үгээр захидлыг эхлүүлдэг зарчимтай. Харин одоо захидал бичих соёл, уламжлалт ёс заншил байхгүй шүү дээ.

Ардчилал гарснаас хойш захидал бичих соёл үгүй болсон гэж хэлж болно. Утас болон цахим хаягаараа дамжуулан хэлэх гэж байгаа зүйлээ маш товчхон илэрхийлдэг болсон Мессежээр “Hi, чи хэзээ ирэх гэж байна”, “Би ажилтай завгүй”, эсвэл тухайн хүн рүүгээ утсаар залгаж мэндийн зөрүүгүй л “Сайн уу, хөгшиндөө мөнгө зээлэх үү. Яаралтай хэрэг болчхоод байна” гэх зэргээр тухайн хүнээ хүндэтгэх нь бүү хэл амар мэнд мэдэхээ больсон захианы соёлгүй болсон.

Энэ нь манайхан хэт их Европын соёлтой болж байна уу гэж харж байгаа. Өмнө нь бидний ихэс дээдэс нэгэндээ дургүй ч байсан биенийгээ захидлаар хүндэтгэж харьцдаг байсан. Захидлын нугалбар бүр нарийн зарчимтай шүү дээ. Ардчилал гарахаас өмнө нь ч залуус захидлаар харилцдаг, захидал бичих соёлтой байсан. Хайрын захидлын үг гэж байдаг байлаа. Яруу тунгалаг, утга зохиолын ч хэлбэртэй байсныг үгүйсгэхгүй. Сэтгэлээсээ бодож тунгаан байж уран яруу үг захианд ашигладаг байлаа шүү дээ. Ер нь захианы талаар судалсан судалгаа манай улсад их цөөн.

ШУА-ийн академич, зурхайн шинжлэх ухааны доктор, профессор, зурхайч Л.ТЭРБИШ: 

Хамаг Монголыг нийлүүлж нэгдсэн Монгол Улсыг байгуулсан их ачтай VIII Богдын адис жанлав шингэсэн сураад олдохгүй сувд, эрээд олдохгүй эрдэнэ мэт мутар оюуны ном судрыг харна гэдэг бол нүдний гэм, сэтгэлийн гэм арилах мэт ийм сайхан байна. Барагдавч бараан хээрийн шавхруу гэж баахан гэм бидэнд байна. Гэхдээ сүүн цагаан сэтгэлтэй өтгөсийг элдэв үгээр мэхэлж байгаад хэрэгтэй ном зохиолуудыг нь авч хав дарж хадны агуйд нууж хадгалсан болдог улсууд байна. Харин Бямбаа ламтан өөрийн улсын үнэт эрдэнийн зүйлсийг VIII Богд Жавзандамба хутагтын ариун өргөөд залж олон түмнийхээ мэлмийг баясгаж байна. Монголчууд бичгийн өндөр соёлтой ард түмэн байсныг цөвүүн цагт VIII Богд Жавзандамба хутагт олон түмэндээ дэлгэрүүлж, энэ соёлыг бурхны шавийн ёсоор авч үлдсэн юм гэлээ.

ЭМЭГТЭЙ ХҮН БҮСЭЛХИЙНЭЭС ДООШ УЛААН ӨНГИЙН ХУВЦАС ӨМСӨХИЙГ ЦЭЭРЛЭЖ БАЙВ

Монголчууд бичгийн өндөр соёлтой ард түмэн байсан төдийгүй судар бичигтээ хувцасны соёлтой ард түмэн байж. Энэ тухай VIII Богд Жавзандамба хутагтын өөрийнх нь бичсэн сударт бичсэнээр эмэгтэй хүн бүсэлхийнээс доош улаан өнгийн эдлэл хэрэглэх, улаан өнгийн дотуур хувцас өмсөхийг нь цээрлэж байсан аж.  Энэ нь бурхны шашинд улаан өнгийг дээдэлдэгтэй холбоотой гэнэ.

Богд хааны ордон музейн танхимд VIII Богд Жавзандамба хутагтын өөрийнх нь зохиосон ном бүтээлийн эмхэтгэлийн бар, бичмэл эхүүд, ном сонссоны товьёог, зарим зарлиг лүндэн, Шашин номыг дэлгэрүүлэх тухайд бүтээсэн Хүрээ барын Ганжуур, Зэс барын Жадамба, Хүрээ барын Данжуурын эх судар зэрэг нэн ховор содон ном судрыг анх удаа олны хүртээл болгож байгаа нь энэ юм. Нийт 200 гаруй судар бичиг бүхий “БОГД ХААН 150: “Ном бүтээлийн өв” үзэсгэлэнг Монголын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямийн  мэлмий гийсний 150 жилийн ойг угтаж үүдээ нээсэн нь энэ билээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж