Сүүлийн өдрүүдэд АН-ынхан бужигнаантай байна. Суудал нь эзгүйрсэн сайд нарын оронд хэнийг тавих вэ гэсэн асуудлаас болоод нам дотроо жийлцээд эхэлсэн нь олонд ил болоод буй. Саяхан тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, нам дотроо үүсээд буй зарим асуудлын талаар хэлэлцсэн юм. Ингэхдээ сайд нарын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хоригтой хамт ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэх ёстой гэж үзжээ. Тийм ч учраас УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хуулиа биелүүлэхийг шаардсан албан тоот илгээсэн бололтой.
Түүнчлэн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат хотын дарга Э.Бат-Үүлийг баахан донгоджээ. Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаа суухгүй, тэгсэн хэрнээ “цэргүүд”-тэйгээ нийлж, Өршөөлийн хуулийн эсрэг ажиллаж АН-ын нэр хүндийг унагалаа гэхчлэн. Өршөөлийн хуулийг баталсны дараа тус хуулийг хэрэгжүүлэх комисс байгуулагдахад бүрэлдэхүүнд нь нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл багтсан ч ажиллахаас татгалзсан юм. Тэрээр албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байв. Энэ үйлдэл нь Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комиссын дарга Д.Ганбат гишүүний уурыг нь ихээхэн барж байсан бололтой, Гүйцэтгэх зөвлөлийнхөө хуралдаан дээр ийн тайлжээ.
Яахаараа ч хотын дарга нь Өршөөлийн хуульд авлигачдыг, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулж болохгүй гэдэг байр суурь барихаар АН-ын нэр хүнд унадаг юм, эсрэгээрээ л байлтай. “Ноён” Д.Ганбатын ертөнцийг үзэх үзэл ч аргагүй өөр юм даа.
Ер нь АН-ынханд гэж хэлэхэд, зарчимдаа үнэнч байж, хатуухан зогсдог гишүүд ховордож… Авлигачдыг, албан тушаалтнуудыг өршөөлд хамруулъя гээд Өршөөлийн хууль баталж байхад гадна талаас нь “Болохгүй” гээд зоригтойгоор хэлж байгаа нэгнээ адлах хэрэг юу байна. Алдсаныг тань засч, аврах гээд байгаа юм биш үү.
Шулуухан хэлэхэд, АН-ыг ирэх оны сонгуульд авч гарах, хийсэн ажилтай, хэлэх үгтэй суух ганц хүн нь хотын дарга л болж тунаж үлдэж байх шиг. Хийсэн бүтээснийг нь нийслэлчүүд төдийгүй хөдөөгийнхөн хүлээн зөвшөөрч, хотын хөгжлийг хөдөөд авчираад өгөөч гэж гуйж байна.
Д.Ганбат гишүүн ээ хотын даргатай уралцаж суухаар Баянхонгортоо очиж ажилла. Тойргийнхон тань нүдээ чилтэл хүлээж суугаа ч юм бил үү. Хамгаалаад байгаа Өршөөлийн хуулиа очоод тайлбарлаач… Тойргийнхон тань шударга ёсыг сануулаад өгнө.
Г.ХОРОЛ