VIII Богд Жавзандамбын нэн ховор судар бичгийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2019.10.10-нд нийтлэгдсэн

VIII Богд Жавзандамбын нэн ховор судар бичгийг дэлгэлээ

Монголын сүүлчийн эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямийн  мэлмий гийсний 150 жилийн ойг угтаж “БОГД ХААН 150: “Ном бүтээлийн өв” үзэсгэлэнг дэлгэлээ. Богд хааны ордон музейд  өнөөдөр  /2019.10.10/-өөс  үзэгчдийн хүртээл болж буй уг үзэсгэлэнд VIII Богд Жавзандамба хутагтын өөрийнх нь зохиосон ном бүтээлийн эмхэтгэлийн бар, бичмэл эхүүд, ном сонссоны товьёог, зарим зарлиг лүндэн, Шашин номыг дэлгэрүүлэх тухайд бүтээсэн Хүрээ барын Ганжуур, Зэс барын Жадамба, Хүрээ барын Данжуурын эх судар зэрэг нэн ховор содон ном судрыг анх удаа толилуулж байгаа юм.

Эдгээр ховор судар бичиг, ном бүтээлийн эмхэтгэл нь үзэсгэлэнг зохион байгуулагч судлаач, цуглуулагч Р.Бямбаагийн хувийн цуглуулга. Эдгээр судар, бичгийн товч тайлбар агуулгыг товч тайлбартай байгаа нь үзэгчдэд тухайн бүтээлийг ойлгоход илүү дөхөмтэй аж.  VIII Богд Жавзандамба хутагтын бичсэн зарим сударт ирээдүйг ч бас зөгнөсөн болохыг  судлаач Р.Бямбаа хэлэв. Тэрбээр “VIII Богд Жавзандамба хутагтын бичсэн  судар, ном бүтээлд  ирээдүйд нийгэм цаг үе хийгээд хүмүүс ямар байх талаар дурдсан байдаг. Өнөөгийн нийгэмд шашин доройтож, хүмүүс шашнаа үл хүндэтгэдэг болохыг зөгнөн бичсэн нь бий. Лам нар сахил санваараа сахиж явах, номоо үзэхийг ч бас нарийн сургасан байдаг. Өнөөдөр шашнаа дээдлэхгүй лам нарыг үзэн ядаж буй нь нийгэм цаг үеийн байдал доройтсон болохын нэг илрэл юм. Үзэсгэлэнд дэлгэсэн эдгээр судар бичгүүд бол VIII Богд Жавзандамба хутагтын бичсэн зохиол бүтээлүүдийн нэг хэсэг нь юм” гэлээ. Дашрамд дурдахад, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Богд хаан-150: Түүх, соёл, өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд маргааш эхэлнэ. Хоёр өдөр үргэлжлэх тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА, Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулах юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж