С.Ням-Очир, Г.Одбаяр нар шөвгийн наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

С.Ням-Очир, Г.Одбаяр нар шөвгийн наймд үлдлээ

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэй 73 кг: (74 бөх)

Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир Словенийн Рок Драксикийг цэвэр хожсоноор (3 минут 29 секунд) шөвгийн наймд үлдлээ. Тэрээр хэсгийн аварга буюу хагас шигшээд үлдэх эрхийн төлөө БНСУ-ын Ан Чан Римтэй барилдсан ч ялагдлаа. Манай бөх дагах барилдаан хийх юм.

С.Ням-Очир эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт Мозамбекийн Модеиро Эдсонтой оноолт таарсан ч өрсөлдөгч бөх нь дэвжээнд гараагүй юм. Улмаар Тажикистаны Кароматулло Хакимов, Словенийн Р.Драксик нарыг цэвэр хожсон. Түүний хувьд одоо хүрэл медалийн төлөө барилдах боломж үлдлээ.

Г.Одбаяр дөрөвдүгээр тойрогт Гүржийн жүдоч Нугзари Таталашвилийг хожсоноор шөвгийн наймд үлдлээ. Тэрээр хэсгийн аваргын төлөө БНАСАУ-ын Хон Кук Хюнтэй барилдаж хожигдсоноор дагах барилдаан хийх эрхтэй боллоо. Г.Одбаяр Унгарын Миклос Унгваритай барилдах юм.

Түүний хувьд эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд хоёрдугаар тойрогт өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медаль ОХУ-ын Муса Могушковтай барилдаж, 4 минут 7 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожсон. (М.Могушков гар ачаа буюу хориотой мэх хийснээр дүрмийн дагуу ялагдал хүлээсэн) Улмаар гуравдугаар тойрогт Белгийн Чоучи Самитай барилдаж, нэмэлт цагт торгуулиар, удаах барилдаанд Гүржийн Н.Таталашвилийг хожсон юм.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан залуу бөх А.Батзул эхний барилдаанаа Филиппиний Ф.Ренатай хийж, 58 секундэд өрсөлдөгчөө цэвэр хожсон ч хоёрдугаар тойрогт Люксенбургийн Дурбач Манонд дийлдэж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Харин "D" хэсгийг тэргүүлсэн Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөж, БНХАУ-ын Лю Янг ялж, шөвгийн 16-д үлдээд байна.

ДАШТ-ий шигшээ барилдаан Улаанбаатарын цагаар 20.00 цагаас эхлэх бөгөөд МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд эх орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж